Түүхийг өөрчилсөн 10 гар барилт

Ким Чен Ун, Дональд Трамп нарын дээд хэмжээний уулзалт нь Хойд Солонгос, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн хувьд түүхэн дэх анхны уулзалт байлаа. Тэдний хамтдаа гар барин татуулсан зургууд дэлхий ертөнцөөр нэг тархсан юм. Тэгвэл энэхүү нөхөрлөлийн энгийн нэгэн хэлбэр яагаад ийнхүү анхаарал татах болов?

ВВС агентлаг түүхэн дэх хамгийн алдартай 10 гар барилтыг цуглуулсныг хүргэж байна.
 

1. Чемберлен ба Гитлер



1938 оны есдүгээр сарын 22-нд Германы дарангуйлагч Адольф Гитлер Германы Бонн хотоос холгүйхэн орших Годесберг зочид буудалд Британийн Ерөнхий сайд Невилла Чемберлентэй гар барьсан юм.

Гитлер, Чемберлен нар Судетуудын Германы эзлэн түрэмгийллийн талаар хэлэлцэх гэж уулзжээ. Тухайн үед энэхүү газар нутгийн зарим хэсэг нь Чехословакийн бүрэлдэхүүнд орсон байв. Чемберлен Британидаа энх тайванд хүрсэн гэсэн бүрэн итгэлтэйгээр буцаж ирсэн аж. Гэвч жилийн дараа Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн билээ.
 

2. Черчилль, Трумэн ба Сталин



1945 оны зургаадугаар сарын 23-нд АНУ-ын Ерөнхийлөгч Харри Трумэн (голд нь зогсож буй), Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль (зүүн тал), Зөвлөлтийн удирдагч Иосиф Сталин нартай Потсдамын бага хурлын үеэр хамтдаа гар барилцсан. Гурван удирдагч Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараах Европ, Германы хувь заяаг хэлэлцэхээр уулзалдсан аж. Францын Ерөнхийлөгч Шарль де Голлийг энэ уулзалтад уриагүй байдаг.
 

3. Жонсон ба Лютер Кинг



1964 оны долоодугаар сарын 2-нд АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Б.Жонсон Вашингтоны Цагаан ордонд Иргэний эрх зүйн тухай хуульд гарын үсэг зурах үеэрээ доктор Мартин Лютер Кингтэй гар барьжээ. Энэхүү хууль нь олон нийтийн газарт тусгаарлалт хийх, арьс өнгө, шашин шүтлэг, хүйс, угсаатны гарлаас нь шалтгаалан ажпын байран дээр ялгаварлан гадуурхахыг хориглосон билээ.
 

4. Мао ба Никсон





1972 оны хоёрдугаар сарын 21-нд Хятадын Коммунист намын Төв хорооны удирдагч Мао Зэдун Бээжинд АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсоныг хүлээн авч уулзан гар барьсан.

Энэ бол хоёр улсын харилцаа 23 жилийн турш таагүй байсны эцэст Никсон Хятадад айлчлах үеэр болсон үйл явдал юм. Шинэ харилцаа холбоо нь дайсагналцал, үл итгэлцлийн он жилүүдэд цэг тавьсан төдийгүй хоёр улсын хооронд хэдэн арван жилээр үргэлжлэх худалдааны харилцааны замыг нээж өгсөн аж.
 

5. Горбачев ба Рейган



1985 оны арваннэгдүгээр сард ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн бүгд хурлын дарга Михаил Горбачев, АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган нар Швейцарийн Женев хотноо хоёр улсын төрийн тэргүүнүүдийн хоорондын анхдугаар дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр биеэ чиглэн алхаж байна. Ийнхүү хүйтэн дайн дуусах шатандаа орсон юм.
 

6. Тэтчер ба Мандела



1990 оны долоодугаар сарын 4-нд Их Британийн Ерөнхий сайд Маргарет Тэтчер Лондоны Даунинг-стрит, 10 гудамжинд байрлах өргөөнийхөө шатанд Африкийн үндэсний конгрессийн Ерөнхийлөгч Нельсон Манделагийн гарыг барьж байгаа нь энэ.

Өмнө нь Тэтчер Манделагийн Африкийн үндэсний конгрессыг “байж л байдаг алан хядах байгууллага” хэмээн нэрлэж байсан юм. Үүнээс дөрвөн жилийн дараа Нельсон Мандела ӨАБНУ-ын Ерөнхийлөгч болсон байдаг.
 

7. Рабин ба Арафат



1993 оны есдүгээр сарын 13-нд Палестины удирдагч Ясир Арафат, Израилийн Ерөнхий сайд Ицхак Рабин нар Вашингтоны Цагаан ордон дахь цэцэрлэгт гар барилцсан юм. Олон жилийн турш улс төрийн дайсагналцсан нөхөд Израиль болон Палестиныг чөлөөлөх байгууллагын хооронд “Зарчмын тухай тунхаглал”-д гарын үсэг зурахаар уулзалджээ. Тунхаглалд гарын үсэг зурсан нь “Ослогийн гэрээ” гэгдэх Норвегийн далбаан дор хийгдсэн хэлэлцээр дууссан гэдгийг илтгэсэн юм.

Гэрээний гол зорилго нь Ойрхи Дорнод дахь энх тайвныг зохицуулах байсан. Баримтад АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтоныг байлцуулан гарын үсэг зурсан бөгөөд үүний дараа Арафат, Рабин нар гар барилцжээ.
 

8. Хатан хаан ба Умард Ирландын БНА-ын удирдагч



2012 оны долоодугаар сарын 27-нд Их Британийн хатан хаан II Елизавета Умард Ирланд улсад айлчлах үеэрээ тус улсын нэгдүгээр сайдын орлогч Мартин Макгиннестэй гар барьжээ.

Макгиннес нь Умард Ирландыг Британиас тусгаар тогтнуулахыг шаарддаг намын гишүүн юм. Үүнээс гадна тэрбээр Британийн хүчний байгууллагын эсрэг газар нутгийн тэмцэл өрнүүлдэг Ирландын Бүгд найрамдахчуудын арми (БНА)-ийн удирдагчдын нэг билээ.

Белфастад болсон гар барилт хэдхэн секунд үргэлжилсэн ч энэ нь маш өндөр ач холбогдолтой биеийн дохио болсон юм. Сүүлд нь Макгиннес энэхүү уулзалт нь Британи, Ирландын хоорондох, ирландчуудын хоорондох шинэ харилцааг харуулах боломж болсон гэж мэдэгдсэн.
 

9. Обама ба Кастро



2016 оны гуравдугаар сарын 21-нд АНУ, Кубын төрийн тэргүүнүүд болох Барак Обама, Рауль Кастро нар Кубын нийслэл Гавана хотын Хувьсгалчдын ордонд уулзалдсан билээ. Энэ бол тус коммунист улсад АНУ-ын Ерөнхийлөгч 100 жилийн дараа айлчилсан томоохон үйл явдал болсон юм. Барак Обамагаас өмнө Кубад хамгийн сүүлд 1928 онд Калвин Кулиж айлчилж байсан билээ. Барак Обамагийн айлчлал Америк-Кубын харилцаанд томоохон эргэлт авчирч, хориг арга хэмжээнийхээ зарим хэсгийг цуцлахад хүргэсэн.

Уулзалт халуун дулаан, нөхөрсөг уур амьсгалд болсон хэдий ч Ерөнхийлөгч Кастро АНУ-аас явуулж буй Кубыг эдийн засгийн хувьд удаан хааж боогдуулсан явдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж онцлон тэмдэглэсэн юм. Кубын удирдагч хоёр орны харилцааг тогтвортой болгохын тулд энэхүү хориг хаалтаа зогсоох ёстой гэж мэдэгдсэн билээ.
 

10. Сантос ба Тимоченко




2016 оны зургаадугаар сарын 23-нд Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос Тимоченко хочоороо алдаршсан ФАРК босогчдын бүлэглэлийн удирдагчтай гар барьсан. Сантос, Тимоченко нар Кубын Гавана хотод Кубын Ерөнхийлөгч Рауль Кастрог байлцуулсан энхийн гэрээнд гарын үсэг зурсан юм.

Ийнхүү эвлэрсэн нь хагас зууны туршид үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөнийг зогсооход нэг алхам урагшилсан чухал үйл явдал болсон билээ. 52 жил үргэлжилсэн энэхүү хямрал нь Латин Америкийн түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн иргэний дайнд тооцогддог аж.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-07-11 01:45:15
    ...Черчилль баруун талд зогсож бнаа.Э.Менхзаяа. Зуг чигээ едее хуртэл мэдэхгуй явж бгаа юм уу.