Утасгүй бол “үхэх” үү
Цахим сүлжээ Монголд хожуу хөгжсөн. Тэр хэмжээгээр энэ орчныг бид төгс эзэмшиж чадаагүй. Гэсэн ч манай төр засгийн удирдлага, нийслэлийн төр захиргааны байгууллагууд интернет орчноос хэт хамааралтай ажлаа явуулж байгааг бүгд л шүүмжлэх болжээ. Твиттерт жиргэж байгаа 3000 хүрэхгүй хүний төлөө Монголын төр ажлаа хийдэг болоод чамгүй хугацааг үдэж байна.

Цаашлаад тэнд мөнгө хийх гэсэн сүлжээ бий болж нэг хүн өөр дээрээ хуурамч нэрээр олон хаяг нээж, түүнийгээ улстөрчдийн пиар хийхэд ашиглан бизнес хийдэг болсон. Цахим орчны хяналт байхгүй, энэ төрлийн хууль тодорхой бус байдгаас үүдэн маш олон гүтгэлгийн чанартай, нийгмийг айдас хүйдэст автуулсан мэдээлэл гарах болсон. Үүнээс гадна төр, захиргааны шийдвэр хүртэл интернет, үүрэн телефоны хэдэн компаниас хамааралтай болчихоод байна.

Бид гаргасан шийдвэр, хэрэгжүүлсэн ажил гэх мэт бүх зүйлийг интернет орчноор шийдэх гэдэг “хачин” зуршилтай болчихоод байна. Санал асуулга авах нэрийдлээр интернет орчинг ашигла хэмээн шахаж шаардана. Гэр хороололд амьдарч байгааг нь “Кевико”-ийн картаар цэнэглээд саналаа өг хэмээн бизнес хийх. Интернет хэрэглэдэггүй бол тэр хүн ямар ч үед саналаа хэлэх эрхгүй.

Дугаар хорооны Дорж, Дулмаа хоёр интернет хэрэглэхгүй бол нийслэлд амьдрах эрхгүй. Тэдний эрх зөрчигдөж байсан ч өмнөөс нь хэдхээн хүн асуудлыг нь шийдчихнэ. Хогны уут авмаар байсан ч авахгүй гэж хэдэн хүн утсаар хариу өгчихвөл хогны уутгүй үлдэнэ. Ер нь утсаар санал авдаг байдал бүр хэрээс хэтэрчихээд байна. Тэглээ гээд шинэчлэлээ орхи гэж хэлэх гэсэнгүй.

Энэ бүхэн арай л хэрээс хэтрээд байгааг шийдвэр гаргадаг удирдлагуудад нь дуулгахыг хүссэн хэрэг. Хогны уут тараасан ч утсаар санал асууна. Дугуй түгжих үү, машин ачих уу, цэцэг тарих уу гэх мэтээр бүх л асуудлаа утсаар асуух жишээтэй. Утсаар асуухгүй зүйл гэж байхгүй. Зарим автобусны буудлыг нүүлгэх гэсэн юм.

Та зөвшөөрч байна уу. Дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх нь зөв үү, та саналаа өгнө үү гэх мэтээр өдөр болгон л санал өгөх ажилд иргэд хамрагдана. Гэвч тэр санал асуулгад нь хэдэн хүн хамрагддаг, үнэхээр утасдаж аваад саналыг нь тусгаад байна уу гэдэг нь эргэлзээтэй. Хэнтэй ярьж байгаагаа ч бид утасны цаанаас мэдэх эрхгүй. Утсаар болохгүй гээд хэлчихэд цаана нь болно оо гээд бичиж байгаа эсэхийг ч хянах аргагүй.

Дэмий цаг барсан ийм шалдир бульдир зүйл хийж хэдэн үүрэн телефоны компаниудыг баяжуулахаас өөрөөр болж бүтэж байгаа зүйл алга. Хогны уутыг тараах нь зөв, буруу гэх асуудал хэсэгтээ л маргаан дагуулсан. Мөн л утсаар асуугаад шийдчихсэн.

Дугаарын хязгаарлалтыг дэмжих эсэх асуудлаар мөн л утсаар асуусан. Энэ мэт утасгүй, интернетгүй зүйл гэж байхгүй болчихсон нь шүүмжлэл дагуулж эхэллээ. Нэг талаар иргэдийн санал бодлыг сонсох, тэдний хүсэл сонирхолд нийцүүлэх нь зөв ч бүх зүйл дээр хэт ингэж туйлширах нь утга учиргүй болж байгаа юм.

Төр заримдаа төмөр нүүрээ харуулах учиртай. Аливаа гаргасан шийдвэр ард түмэнд таалагдах уу гэдгийг судлахын тулд эхлээд гаргаж, араас нь утасдах бус өмнө нь хэлэлцэж ярилцах нь зөв зүйтэй баймаар. Хорооны ажилтнууд, төрийн албан хаагчдаа ажлыг нь олигтой хийлгээд иргэн бүрийн амьдралд юу дутагдаж байгааг мэдэж болмоор санагдана. Төв хэсгийн ажилчид нь фэйсбүүкээр тэнэж дэмий улстөрждөг.

Хороодод сууж байгаа хэсэг нь хов базаж, хавь ойрын хүмүүстээ хүндрэл чирэгдэл учруулж байгаа нь худлаа биш. Тэд ажлаа хийгээд судалгаа аваад, гарах шийдвэрийн талаар санал бодлыг нь сонсоод явчихдаг бол хэрэггүй шийдвэр гаргахаа азнах бус уу. Шийдвэр гаргахын өмнө алслагдсан дүүргийн Должин эмээгээс эхлээд бүх иргэдийнхээ санал бодлыг сонсдог болмоор байгаа юм.

Дур мэдэн шийдвэр гаргачихаад араас нь татвар төлөгчдийн мөнгөөр үүрэн холбооны хэдэн оператор компаниудыг тэжээх хэрэг байна уу. Утсаар ярих мөнгөө ч хэмнэхсэн. Эдийн засаг хямарсан энэ үед мессеж бичих, ярих мөнгөө ч гэсэн хэмнэхсэн. Утасгүй бол үхлээ юу гэдэгчлэн утас, интернет хэрэглэж саналаа өгөхгүй л бол эрхээ зөрчүүлээд дуусах бололтой.

Монголын мэдээ
Б.Тогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.