Чита хотын даргыг хүлээн авч уулзлаа

Улаанбаатар хотноо чуулж буй Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ОХУ-ын Чита хотын дарга Кузнецов Олег Васильевичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын хамтын ажиллагаа, цаашид аль аль салбарт хамтран хэрэгжүүлэх боломж байгаа талаар санал солилцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Бидний урилгыг хүлээн авч Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд оролцож, Чита хотын агаарын бохирдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа арга замуудыг танилцуулж, туршлагаасаа хуваалцаж байгаад талархлаа илэрхийлье” хэмээв. Мөн тэрбээр “Манай хоёр улс, ард түмэн, хотууд нь дэлхийд ховор нандин харилцаа, хамтын ажиллагааны түүхтэй. Энэхүү харилцааг Улаанбаатар Чита хотууд үргэлжлүүлж, нийгэм эдийн засаг, соёл урлаг, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хотын удирдлагууд анхаарч ажиллах нь зүйтэй болов уу. 2014 оноос хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих болсон нь ААН, байгууллага хоорондын харилцаа идэвхижиж, аялал жуулчлал, харилцан айлчлалын тоо нэмэгдсээр байна. Үүнийг амжилттай хөгжүүлэхэд манай хоёр хотын удирдлагуудын оролцоо чухал үүрэгтэй билээ. Түүнчлэн Улаанбаатар хот нь харилцаа холбоотой ажилладаг хотуудтай сурагч солилцооны хөтөлбөрийг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ чиглэлээр хамтран ажиллах үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой юм” хэмээв.

Чита хотын дарга О.В.Кузнецов “Таны хэлсэн саналууд дээр хамтран ажиллах бүрэн боломжтой. Таныг хотын даргаар ажиллаж байгаа энэ цаг үед манай хоёр хотын харилцаа, хамтын ажиллагаанд ахиц, дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна. Ингэхийн тулд манай хоёр хот харилцан хамтын ажиллагааны гэрээг үзэглэх хэрэгтэй байх. Сурагч солилцооны хөтөлбөрийн хувьд бүрэн боломжтой. Манай хотын их дээд сургуулиудад ч Монгол оюутнууд ихээр суралцдаг” хэмээн хэллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.