Нийт нутгийн 40 хувь нь гантай байна гэв
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар мал аж ахуй болон тариалангийн бүс нутгийн ган, хуурайшилтын нөхцөл байдал, малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлогын талаарх ХХААХҮ-ийн сайдын мэдээллийг сонслоо.

Маж ахуйн салбар энэ сарын  15-ны байдлаар 20.0 орчим сая төл хүлээн авч, 1.8 сая том малын зүй бусын хорогдолтой байгааг Б.Батзориг сайд мэдээллийн эхэнд танилцууллаа. Бэлчээрийн төлөв зургадугаар сарын 10-ны байдлаар, нийт газар нутгийн 30 хувь нь хэвийн, 30 хувь нь дунд, 40 хувь нь муу үнэлгээтэй байгаа аж. Тухайлбал, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Архангай, Төв, Говь сүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудын зарим суманд хур бороо муутай, байдал хүнд байгаа гэв.

Энэ онд бэлчээрийн усан хангамжийг сайжруулахад 1.7 тэрбум төгрөгөөр 17 аймагт 133 инженерийн хийцтэй худаг гаргахаар тендер зарлан гэрээ байгуулсан, аймаг, орон нутагт ажил  явагдаж байна. Мөн бэлчээрийн хөнөөлт мэрэгчидтэй тэмцэх ажлыг энэ онд 650.0 мянган га-д хийж гүйцэтгэхээр ажиллаж байгаа гэв. Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг тавдугаар сарын 1-нээс орон даяар эхэлсэн бөгөөд төлөвлөгөөт ажлууд үргэлжил байгаа аж.

Газар тариалангийн хувьд зургадугаар сарын 15-ны байдлаар улсын хэмжээгээр 342.1 мянган га-д үр тариа, 11.5 мянган га-д төмс, 6.4 мянган га-д хүнсний ногоо, 26.5 мянган га-д малын тэжээлийн ургамал, 54.6 мянган га-д тосны ургамал, нийтдээ 441.5 мянган га-д тариалалт хийгээд байгаа юм байна.

Засгийн газрын зүгээс тариалангийн бүс нутгийг зарлан, олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа нь салбарынханы хувьд ихээхэн дэмжлэг болж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд онцлоод “Ирэх жилд газар тариалангийн салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой тохиох юм. Ойг угтан бүтээлч ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа. Цаг уурын нөхцөл байдлын өөрчлөлттэй холбоотойгоор усалгаатай газар тариаланг нэмэгдүүлэх шаардлага бий. Манай улс 1.5 сая га тариалангийн талбайтай. Үүний 5000 га нь усалгаатай. Яамнаас үүнийг нэмэгдүүлж 80000 га болгох зорилт тавин ажиллаж байна” гэв.

Мөн хөрс хамгаалах, ойн зурвас тавих, газар тариалангийн бүс нутгаа хашаалж, хамгаалах ажлын талаарх зохион байгуулалтыг яаман дээр бэлтгэж байна. Салбарын техник шинэчлэлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, үр сортын шинэчлэлд яамнаас бодлогоор дэмжлэг үзүүлэх ажлуудыг хийж байгаагаа хэллээ. Үүний зэрэгцээ цаг агаарт зориудаар нөлөөлж мөндөрийн үүлийг сарниулах, нийслэл орчимд үүлэнд зориудаар нөлөөлж хөрсний чийгийн тэтгэх, хуурайшилтын нөлөөг бууруурлах, ой хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх, гарсан түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа талаараа дэлгэрэнгүй мэдээллээ.

Мэдээлэлтэй холбогдуулан Ж.Энхбаяр гишүүн малын тэжээл импортлох ажлыг гүйцэтгэлийг тодруулж, өвөлжилтийн бэлтгэл ханган малын тэжээл тариалах асуудлыг эрчимжүүлэх, цаг уурын нөхцөл байдлын өөрчлөлтэй уламжлалт мал аж ахуйг хэрхэн уялдуулах талаар, усан хангамжийг ашиглах талаар асууж, тодорхой саналууд хэлсэн. Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарыг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх бодлогыг гарган хэрэгжүүлж чадвал улс орны эдийн засаг, нийгмийн олон асуудлыг шийдвэрлэх тулгуур болох бололцоо бий гэдгийг хэллээ. Үүний тулд шийдвэртэй ажлуудыг хийх, жил бүр нэг чиглэлд бодлого, төсвөө бүрэн төвлөрүүлж үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллах нь зүйтэй гэдэг саналыг хэллээ. Салбарын хүний нөөцийн асуудлыг мөн онцгойлон анхаарч, олон улсын жишгийг нэвтрүүлэх, шаардлагатай бол гаднын экспертийн багтай хамтран ажиллах шийдлийг ч хэрэгжүүлж болно гэдгийг хэлж байлаа. Мэдээллүүдтэй холбогдуулан гишүүдээс гаргасан санал, санаачилгыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хамт олон анхаарч, авч хэрэгжүүлэх тал дээр ажиллах нь зүйтэй гэдэг чиглэлийг  хуралдаан даргалагчаас өгснөөр  Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.