Бээжин хоттой хамтын ажиллагаагаа сайжруулна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, БНХАУ-ын Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн их хурлын байнгын хороо хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичиг нь хотуудын хоорондын ойлголцлыг  шинэ шатанд гаргаж, иргэдэд үр өгөөжтэй, эрх тэгш,  харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм. Тухайлбал, хоёр хотын бодлогыг тодорхойлох байгууллага болох НИТХ болон Бээжин хотын АТИХ-ын Байнгын хороо хоорондын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, талуудын найрамдалт харилцааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх, нийтийн аюулгүй  байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зам нийтийн тээврийн үйлчилгээний хяналт, зохицуулалтыг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах, боловсрол шинжлэх ухааны болон бусад салбарын харилцаанд дэмжлэг үзүүлэх, аялал жуулчлал, соёлын харилцааг идэвхижүүлэх зэрэг асуудлуудыг нарийвчлан тусгасан байна.

Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан “Өнгөрсөн тавдугаар сард Бээжин хотын АТИХ-ын байнгын хорооны дарга ноён Ли Вэйн урилгаар хийсэн айлчлалын хүрээнд энэхүү  хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байна. Үүний гол агуулга нь хоёр хотын хамтын ажиллагааг сайжруулах юм.
 



Тэр дундаа Бээжин хот нь иргэдийн аюулгүй орчин бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр сүүлийн үеийн технологи дээр суурилж, ухаалаг хотын шийдэл дээр тулгуурлаж хотын аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг. Тиймээс энэ чиглэл дээр хамтран туршлага хуваалцаж ажиллана. Мөн Улаанбаатар хотын төр захиргааны байгууллагын албан хаагчдыг бүх салбарын хүрээнд сургах, дадлагажуулах төлөвлөгөө бий. Хамгийн чухал нь агаарын бохирдолыг бууруулахын тулд орон сууцны хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлнэ” гэсэн юм.



Бээжин хотын АТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Жан Чинг “Энэ хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд гурван зүйл дээр анхаарах ёстой. Нэгдүгээрт хоёр хотын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах. Хоёрдугаарт эдийн засаг, бүтээн байгуулалтын чиглэлээр хамтарч ажиллах. Гуравдугаарт дүүргүүдийн харилцааг бэхжүүлэх. Цаашдаа эдгээр чиглэлээр хамтарч ажиллах болсондоо баяртай байна” гэв.
 


 

Үүний дараа Бээжин хотоос Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн Бээжин хотын АТИХ-ын байнгын хорооны дэд дарга тэргүүтэй албаны хүмүүстэй НИТХ-ын төлөөлөгчид хамтын ажиллагааны талаар санал  солилцлоо.
 

 НИТХ-ын ХМОНХТ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.