Хэдэн тоо баримт хэлээд сууж байгаадаа ичиж, эмзэглээч
Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын газар хамтран өчигдөр хүүхдийн эрхийн хамгааллын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн билээ.

Монголд хүүхдийн эрх маш ноцтойгоор зөрчигдөж байна. Хүүхэд хамгаалал гэж алга, хамгаалуулах эрхгүй байгаа нь ч үнэхээр харамсалтай юм. Хүүхдийн гэх тодотголтой төрийн болон төрийн бус байгууллагууд юу хийдэг юм бэ. Хүүхэдтэй холбоотой янз бүрийн хэрэг, мэдээ мэдээлэл гарахаар тухайн үед шуурч сенсааци тариад өнгөрдөг, асуудал намжлаа, тэгээд ор тас мартдаг нь үнэн шүү дээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Гэр бүл хүүхэд залуучуудын газрын Хууль эрхзүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар Монгол Улсад хүүхдийн эрхийг зөрчиж буй нөхцөл байдлын талаарх тоон мэдээллийг хүргэсэн юм. Тоон мэдээлэлээр томчууд, хүүхэд багачууд яах юм бэ. Өнөөдөр хүүхэдтэй холбоотой хэрэг төвөг, зөрчил, харамсалтай хэргийг тоолоод суухын оронд дорвитой өөрчлөлт хийгээчээ. Ядаж хүүхдийн тоглох тоглоомын талбайг аюулгүй байлгах талаас нь анхаарвал яасан юм бэ.
 
Гэр бүлээ батлуулах бус цуцлуулах нь ихэссэн гэв
 
А.Энхбаатар даргын ярьснаар “Монгол Улсын хэмжээнд 2017 оны арванхоёрдугаар сарын байдлаар 887339 өрх амьдарч байгаа бүртгэгдсэн. Нийт өрхийн 67 хувь хот суурийн газар, 33 хувь нь орон нутагт амьдардаг. Нийтдээ нэг сая 27 мянган хүүхэд аж төрж байна. 2017 оны эцсийн байдлаар 3553 өнчин хүүхэд бүртгэгдэж, 21 байгууллагын 31 асрамж халамжийн байгууллагад 1021 хүүхэд амьдарч байна. Мөн өнгөрсөн онд 16800 хос гэрлэлтээ бүртгүүлж, 4100 хос гэр бүлээ цуцлуулсан. Сүүлийн жилүүдэд гэр бүлээ батлуулах бус шүүхийн шийдвэрээр цуцлуулах нь нэмэгдэж байгаа талаар тэрбээр онцлов.
Гэмт хэргийн улмаас 127 хүүхэд амь насаа алдав
 
Түүнчлэн энэ оны эхний таван сарын байдлаар 100 орчим хүүхэд ямар нэгэн гэмт хэргийн улмаас хохирч, 1600 хүүхэд гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэргийн улмаас 127 хүүхэд амь насаа алдсан. Үүний 50 гаруй хувь нь зам тээврийн ослоос үүдэлтэй нас барсан байна. Өөрөөр хэлбэл, хайртай аав ээжтэйгээ явж байгаад зам тээврийн осолд өртсөн байгаа юм.
Хурдан морины уралдаанаар 196 хүүхэд бэртэж, 2 хүүхэд амиа алджээ
 
Өнгөрсөн жил хурдан морины 394 уралдаан зохион байгуулагдсан. Давхцаагүй тоогоор уралдаанд 10334 хүүхэд оролцсон. Мориноос унасан 629 хүүхэд, гэмтэл авсан 169 хүүхэд, бүртгэгдсэн. Тэдний хоёр нь амь насаа алдаж, гурван хүүхэд насан туршийн эдгэшгүй өвчтэй буюу хөгжлийн бэрхшээлтэй болсон. Үнэхээр харамсалтай бусуу. Эрүүл саруул хүүхдээ эрэмдэг зэрэмдэг болгуулахыг хэн ч хүсэхгүй шүү дээ.
 
2017 онд бага насны 187 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөв
 
2017 онд бага насны 187 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн статистик мэдээлэл байгаа. Энэ юутай холбоотой вэ гэхээр эцэг эхийн хараа хяналт сул байсантай холбоотой гэж дүгнэж болохоор юм.

Харин Гэр бүл, хүүхэд залуучуудын газарт энэ оны  нэгдүгээр улирлын байдлаар бэлгийн хүчирхийлэлд өртсөн 68 дуудлага ирсэн. Улс орны хэмжээнд сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо 2018 оны эхний улирлын байдлаар 424 байсан бол өнөөдрийн байдлаар 499 болчихсон байна.

Эдгээрийн 71.2 хувийг нь хамаарал бүхий этгээд үйлдсэн болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, төрсөн эцэг, хойд аавдаа, хамаатныхаа ах, танилдаа хүчиндүүлсэн байх жишээний.  Түүнчлэн он гарсаар бие махбодын хүчирхийлэлд 299 хүүхэд, бэлгийн хүчирхийлэлд 68 хүүхэд өртсөн гэсэн тоо байна.

Гэр бүл хүүхэд залуучуудын газраас 2018 оны тавдугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд 21 аймгийн 330 сумын 1613 Засаг даргад энэ чиглэлээр сургалт хийсэн юм. Нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны хэсгийн ахлагч нарт мөн сургалт явуулсан.  Сургалтын гол зорилго нь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт бүлгийн хүүхдийг илрүүлэх чиглэлтэй юм. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулав.
 
Ээжийг нь гэмт буруутай байна уу, үгүй  юу гэдгийг заавал тогтоох шаардлагатай


-Зургаан сар гарсаар хүүхэдтэй холбоотой ноцтой ослууд нэлээд гарсан. Дэд станцын хариуцлага байдлаас болж хоёр хүүхэд түлэгдсэн. Мөн сургуулийн орчин нэг хүүхдийн амь нас хохирсон. Энэ асуудал дээр танай байгууллагаас ямар арга хэмжээ авч байна вэ?

-Хүүхэд хамгааллын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гэр бүл хүүхэд хамгаалал, боловсролын салбар, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл цахим орчин, олон нийтийн үйл ажиллагаанд хүүхэд хамгаалал гэх мэт салбар бүрт хүүхэд хамгааллыг хуульчилсан байгаа. Хүүхэд хамгааллын тухай хуулийн заалтаар бол боловсролын салбарт хүүхэд хамгааллыг хариуцсан хүмүүс хүүхэд хамгааллын бодлого төлөвлөгөө гэж  байх ёстой. Гэр бүл хүүхэд залуучуудын газраас энэ жилээс эхлээд жишиг сургууль байх асуудлыг өнгөрсөн жилээс эхлээд хэрэгжүүлж байгаа. Өөрөөр хэлбэл хүүхдийн хамгаалал гэдэг бол хүүхдийн нэр зүүсэн газрын ажил биш. Салбар салбартаа хариуцсан хүний үүрэг.
 
-Хүүхэд амь насаа алдсан асуудалд танай байгууллага ямар үүрэгтэй байдаг юм бэ?

-Амь насаа алдсан байдал дээр бид ямар тохиолдол оролцдог вэ гэхээр эрүүгийн процесын шатанд буюу тухайн хүүхдийн эрх ашгийг хамгаалах хууль ёсны асран хамгаалагч байхгүй байна. Эсвэл тухай хуулийн ёсны хамгаалагч ашиг сонирхолын зөрчилтэй байна гэсэн тохиолдолд бид оролцож хүүхдийн эрх ашгийг хамгаалдаг.

-Хариуцлага нэхэх боломжтой юу?

-Бүрэн боломжтой. Одоо манайд гарсан асуудлууд гэмт хэргийн шинжтэй байх магадалтай. Иймээс үүнийг эрүүгийн гэмт хэрэг мөн биш гэдгийг цагдаагийн байгууллага харьяаллын дагуу шалгана. Үүний дараа шүүх гэм буруутай байна уу үгүй гэдгийг тогтоодог.

-Хүүхдийн тоглоомын талбайн ойр орчимд стандарт гэж байдаг уу?

-Хүүхдийн тоглоомын стандарт байгаа. Өнгөрсөн 2017 онд батлагдсан шинэ стандарт бий.

-Замын-Үүд суманд 14 настай хүүхэд ээжийгээ дагаж яваад Эрээн хотод хүчиндүүлсэн хэрэг гарсан. Энэ асуудалд танай газраас эх байх эрхийг нь хязгаарлаж, асрамжид авна гэж байсан. Охин одоо хаана байгаа вэ?

-Охин одоогоор түр хамгаалах байранд байгаа. Хүүхэд хамгааллын шат дараалсан таван үйлчилгээ байдаг. Одоо тухайн этгээдтэй холбоотой зарим нэг зүйлийг цагдаагийн байгууллагаас тодруулахаар ажиллаж байна. Эх байх эрхийг нь хязгаарлана гэж бид мэдээлсэн. Гэхдээ түүнээс өмнө тухайн ээжийг нь гэм буруутайг нь тогтоох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүүхдээ дагуулж яваад бэлгийн мөлжлөгт оруулсан эсэхийг тодруулах шаардлагатай. Шууд эх байх эрхийг хязгаарлах  хүний эрхэнд халдсан асуудал үүсэх учраас тухайн ээжийг нь гэмт буруутай байна уу, үгүй   юу гэдгийг заавал тогтоох шаардлагатай.

 
Улсын хэмжээнд ор сураггүй алга болсон 15 хүүхдийг эрэн сурвалжилж байна


ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн хурандаа Б.Цэнгэлбаяр “Энэ оны эхний тавдугаар сарын тоон мэдээлэлд насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэг үйлдсэн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 15 хувиар буурсан. Насанд хүрээгүй хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч байгаа асуудал 31 хувиар өссөн. Улсын хэмжээнд 859 хүүхэд сураггүй алга болсон гэх мэдээлэл ирснээс, 844 хүүхдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Одоогоор улсын хэмжээнд 15 хүүхдийг эрэн сурвалжилж байгаа" гэлээ. 
 
Бусдын хариуцлагагүй байдлаас болж хоёр хүүхэд амиа алдлаа

НЦГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн хурандаа И.Батчулуун “Өдөрт дунджаар 15-20 орчим хүүхэд алга болсон талаарх дуудлага ирдэг. Он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар 102 дугаарын утсанд сураггүй алга болсон гэх 1067 тохиолдол байна. Үүнээс 348 хүүхэд тухайн өдөртөө олдож, үлдсэн 676 хүүхэд тодорхой хугацааны дараа олдсон юм. Харин нас барсан байдалтайгаар хоёр хүүхэд олдсон. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд сураггүй алга болсон хүүхэд байхгүй. Мөн их дээд сургууль, сургуулийн бүсэд өнгөрсөн онд 58 гэмт хэрэг бүртгэгдсэн. 2018 оны эхний улирлын байдлаар гэхэд их дээд сургуулийн орчинд гурав, ЕБС-ийн орчинд гурван гэмт хэрэг бүртгэгдсэн. Хүүхдийн амь нас эрсэдсэн хэргүүдийн талаар мэдээлэл өгье.

 2018 оны зургаадугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 21-р хороонд гүүр барихтай холбоотой зам засварын ажил явагдаж байгаа. Голын голдрилыг өөрчлөх зорилгоор далан босгож, 3-4 метр гүн ус тогтсон байсан. Хэрэг болсон газар 9-10 насны таван хүүхэд тоглож байсан юм билээ. Улмаар есөн настай хүүхэд усанд осолдож амь насаа алдсан хэрэг гарсан. Одоогоор уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

2018 оны зургаадугаар сарын 13-ны өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Сансрын хөлөг” тоглоомд осол гарсан. Дээр нь байсан бүхээг хугарч доор нь байсан бүхээгийг дарснаас хоёр том, зургаан хүүхэд биедээ гэмтэл авсан. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Мөн зургаадугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглож байсан хүүхдүүдээс хаалгач хийж байсан хүү талбайн хаалганы хөндлөвч төмөр унаснаас болж тархиндаа гэмтэл аван нас барсан. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг хийж байна” гэв.

Хариуцах эзэнгүй, хээр хөдөө талд хүүхдүүд амиа алдсангүй, бэртэж гэмтсэнгүй. Машин зам дээр  дайруулсангүй, өндөр уул, хавцалд авирсангүй, хамгийн аюулгүй гэж бодсон сургуулийнхаа талбайд тоглож байгаад харамсалтайгаар амиа алдлаа. Уг нь бүгд хариуцах хаяг эзэнтэй, бусдын буруутай үйлдлээс болж амиа алдсан нь илт бөгөөд тодорхой.

Хүнийхээ төлөө ажилладаг төртэй болох юмсан. Хэрэв миний хүүхэд байсан бол гэдэг өнцгөөс юм бүхэнд ханддаг байгаасай. Би л аюулгүй байвал, миний дээрээс л төмөр уначихгүй бол бусад нь хамаагүй гэсэн амин хувиа хичээсэн, арчаагүй байдлаас болж олон хүүхэд хохирч байна. Хэнээс хүүхдүүдийн амийг нэхэх вэ. Хэн буруутай вэ. Хэн ч буруутай бай хүүхдүүд эргэж ээж аавдаа ирэхгүй. Энэ хамгийн халагламаар, харамсмаар үнэн юм даа. Дээр нь холбогдох газруудаас статистик тоо баримт хэлж суухын оронд тоймтой үр бүтээлтэй ажил хийгээчээ.


О.Сайхан 
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-06-21 02:21:18
    үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг олигархууд хайрладаггүй юм