Олон улсын стандартаар бэлтгэгдсэн анхны инженерүүд дипломоо гардаж авлаа

ХБНГУ-ын Засгийн газрын дэмжлэгээр 2013 онд байгуулсан Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-ийн таван жилийн ой энэ онд тохиож буйн дээр хамгийн анхны инженерүүдээ төгсгөж, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэхэд бэлэн боллоо. Налайх дүүрэгт байрлалтай тус сургуулийн ойн арга хэмжээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааан, спортын сайд Ц.Цогзолмаа тэргүүтэй салбар яамны удирдлагууд, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны газрын дарга проффессор, доктор Клаулиа Варнинг болон ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дүппел нарын зочид, төлөөлөгчид оролцлоо. 

МГТИС-ийг энэ жил 16 оюутан механик инженер, ашигт малтмал боловсруулах инженер, хүрээлэн буй орчны инженер гээд уул уурхайн нарийн мэргэжлээр төгссөн байна. Төгсөгчид  хэдийнэ гадна, дотнын томоохон аж ахуй нэгж, байгууллага, компаниас ажлын байранд уригдан ажиллаж байгаа аж.

 

МГТИС-ийг төгсөгч М.Чинбаяр: Эх орондоо бэлтгэгдсэн анхны дэлхийн хэмжээний инженерүүдийн нэг болсондоо баяртай байна

 


“Би ашигт малтмал боловсруулах инженер мэргэжлээр нэг жил бэлтгэл ангид сууж, таван жил суралцсаны үндсэн дээр өнөөдөр сургуулиа төгсөж, дипломоо гардан авлаа. Миний хувьд өөрөөс гарч болох бүх эрдэм мэдлэг, оюун ухаан, эрч хүчээ дайчилж сурсан. Гадагшаа явахгүйгээр эх орондоо бэлтгэгдсэн анхны дэлхийн хэмжээний стандартыг хангасан инженерүүдийн нэг болсондоо маш их баяртай байна. Ажлын байрны тухайд нэлээд хэдэн компаниас ажлын санал ирсэн. Нэгийг нь сонгож таарна. Манай зарим оюутнуудын хувьд хэдийнэ ажиллаад эхэлсэн байгаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Монгол Улс болон ХБНГУ-ын хамтран хэрэгжүүлсэн амжилттай төслүүдийн нэг бол яах аргагүй Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) юм. Ийн монгол оюутнууд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд суралцаж, боловсрол эзэмшихийн зэрэгцээ гаднын инженерүүдтэй ижил түвшинд бэлтгэгдэж эхэлсэн гайхалтай үр дүн боловсролын салбарт гарч эхэлж байна.
 

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Инженерийн боловсролд олон улсын стандартыг нэвтрүүлж байгаад баяртай байна



 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд  Ц.Цогзолмаа “Монгол-Герман хоёр орны зорьж зүтгэсэн ажил үр дүнгээ үзүүлж эхэллээ. Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсaн цагаас эхлэн хоёр талын хүчин чармайлтын ачаар МГТИС өөрийн гэсэн оюутны хотхонтой, авьяаслаг оюутнуудтай, үндэсний болон гадаадын чадварлаг багш, судлаачдын багтай болон бэхэжсэн. Өнөөдөр бид МГТИС-ийн анхны төгсөгчид, дэлхийн түвшинд эх орондоо бэлтгэгдсэн инженерүүдийг өлгийдөн авч байна. МГТИС инженерийн боловсролын хөтөлбөрөөр дамжуулан Европын стандартыг Монголд нэвтрүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн салбартай нягт хамтран ажиллаж, хэрэглээний судалгааг хөгжүүлснээр бусад их дээд сургуулиудад хөгжлийн загвар болж чадна” хэмээн онцоллоо. 

ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны газрын дарга, доктор, профессор Клаулиа Варнинг “Эрдэм шинжилгээ, сургалт судалгааны хамтын ажиллагаа нь оролцогч талуудын хувьд хамгийн өгөөжтэй бөгөөд урт удаан хугацаанд үр ашгаа өгдөг. Бид цаашид ч Германы инженерийн боловсрол болон техникийн мэдлэгийг эх орондоо эзэмших боломжийг монгол залуучуудад олгохыг бүрэн дэмжин ажиллана” хэмээн дүгнэлээ.

 

МГТИС-ийн захирал Н.Дорждэрэм: Манай оюутнууд уул уурхайн компаниудаас өндөр үнэлгээ авч байна 




МГТИС-ийн захирал Н.Дорждэрэм  “Дөрвөн жилийн хугацаанд Герман Улсад болон Монголын томоохон уул уурхайн компаниудад нийт хоёр удаагийн дадлага хийх ёстой байдаг бөгөөд хамгийн сүүлд “Оюу Толгой” компанид илгээсэн дадлагын оюутнууд маань өндөр үнэлгээ авч, ирэх жил дадлагын хугацааг сунгах талаар яригдаж эхэлсэн нь оюутан залуусын ур чадварыг илтгэж байна. Бид Монгол Улсын томоохон уул уурхай, инженерийн компаниудаас гадна  ХБНГУ-ын тав, Филиппин улсын нэг, нийт зургаан нарийн мэргэжлийн технологийн их сургуультай санамж бичиг байгуулж, эрдэмтэн багш, оюутнаа солилцох чиглэлд хамтын ажиллагааг амжилттай өрнүүлж байна. Нэмж хэлэхэд, нийт оюутны 50 хувь нь түнш бизнесийн байгууллага, Германы эрдмийн солилцооны алба, Германы их дээд сургууль гэх мэт олон улсын байгууллагаас сургалтын тэтгэлэг авдаг” гэв.

Тус сургууль өдгөө англи хэл дээр заадаг Европын стандарт сургалтын хөтөлбөртэй, дотоод гадаадын эрдэмтэн багш нараас бүрдсэн багшлах бүрэлдэхүүнтэй болсон бөгөөд Герман улсад төвтэй олон улсын магадлан итгэмжлэлийн ACQUIN байгууллагаар бакалавр, магистрын хөтөлбөрөө урьдчилан итгэмжлүүлжээ.

 


Эх сурвалж: БСШУСЯ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.