Саудын Арабын эмэгтэйчүүд албан ёсоор машин барих эрхтэй боллоо

Саудын Араб улсын эмэгтэйчүүд албан ёсоор машин барих эрхтэй боллоо. Олон жилийн хоригийг цуцлах хааны зарлиг өчигдөр шөнө хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна. Энэ өдрөөс өмнөхөн Саудын Араб улс эмэгтэйчүүдийг машин барихыг зөвшөөрдөггүй, гэр бүл нь эмэгтэйчүүдэд зориулан жолооч хөлсөлж авдаг дэлхийн цорын ганц улс байсан юм. Харин өнгөрсөн оны есдүгээр сараас эмэгтэйчүүдийг жолоо барихыг зөвшөөрч эхэлснээ зарлаж, энэ оны эхээр эмэгтэйчүүдэд жолооны үнэмлэх олгож эхэлжээ.

Гэтэл энэхүү хориг цуцлагдсантай зэрэгцээд эмэгтэйчүүдийн машин барих эрхийн төлөө тэмцэгчидтэй хийх тэмцэл эрчимжиж эхэлсэн байна. Зөвхөн өнгөрсөн сард л гэхэд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үг хэлсэн дор хаяж найман хүн саатуулагдаж, олон жилийн хорих ял эдэлж магадгүй байдалд ороод байгаа тухай Amnesty хүний эрхийг хамгаалах байгууллагаас мэдээлжээ. Саатуулагдсан этгээдүүдийн дотор эмэгтэйчүүдийн жолоо барих эрхийн төлөө идэвхийлэн тэмцэж ирсэн Лужин Хатлул ч багтжээ.

Amnesty байгууллагаас түүнчлэн эмэгтэйчүүдийг эрчүүдийн халамж анхаарал дор үргэлж байлгадаг Саудын Араб улсад цаашид шинэчлэл хийх хэрэгтэй гэж уриалсан байна. Саудын эмэгтэйчүүдийн жолооны ард суух эрхийн төлөөх аян олон жил үргэлжилсэн юм. Гэвч энэхүү “шинэчлэл”-ийг уламжлал консерватив шашин шүтлэгтнүүд нь эсэргүүцсээр иржээ. Харин сүүлийн жилүүдэд зоримог сауд эмэгтэйчүүд олон нийтийн сүлжээнд жолооны ард суусан зургуудаа их тавих болжээ.

Энэ талаар ВВС-гийн Эр-Рияд дахь сурвалжпагч Орла Герин “Энэхүү хуучинсаг вант улсад тэмдэглэмээр чухал өдөр болж байна. Сауд эмэгтэйчүүд үүнийг удаан хүлээх шаардлага гарсан юм. Харин одоо тэд урьдын адил төрлийн эрчүүдийнхээ зөвшөөрөлгүйгээр аялж, гэрлэж, гэр бүлээ цуцлуулж, тэр ч бүү хэл шоронгоос гарах боломжгүй байгаа ч машин барьж болдог боллоо.

Эмэгтэйчүүд замд гарахаар зэхэж байх зуур энэхүү эрхийн төлөө тэмцэж байсан зарим идэвхтнүүд торны цаана суусаар байна. Тэд өнгөрсөн сард баривчлагдаж, улсаасаа урвасан хэрэгт буруутгагдаад буй. Саудын Арабын хүний эрхийг хамгаалагчид хоригийг цуцлахтай зэрэгцээд эдгээр эмэгтэйчүүдийг баривчилсан нь үнэхээр гутамшигтай, бас уйтай явдал. Төр засаг энэхүү шинэчлэлээс илүү их ашиг хүртэхийг эрмэлзэж байна. Гэвч шүүмжлэгчид энд болж буй өөрчлөлт маш удаан үргэлжилнэ хэмээн онцлон тэмдэглэж байгаа юм” хэмээжээ.

Энэ зургаадугаар сарын 5-нд эмэгтэйчүүд бусад орны баримтаа саудынхаар сольж, анх удаа сольсон байна. Нутгийн захиргааныхны тооцоолсноор хориг цуцлагдах үед хоёр мянга орчим эмэгтэй жолооны эрхтэй болно гэжээ.

Гэтэл үүнтэй зэрэгцээд Саудын Арабын зарим эрчүүд ийм өөрчлөлт гарч буйд дургүйцлээ илэрхийлэн олон нийтийн сүлжээнд арабаар “Та нар жолоо барихгүй” гэсэн хэштег хүртэл тараасан байна.

Хоригийг цуцалсан нь угсаа залгамжлагч хунтайж Мохаммед бин Салманы Саудын нийгмийг өөрчлөн шинэчлэх хөтөлбөрийн нэг хэсэг болсон юм. Тэрбээр Vision 2030 хэмээх хөтөлбөрийг санаачилж, Саудын эдийн засгийн нефтээс хараат байдлыг багасгах, нийгмээ илүү нээлттэй болгох бодлого баримталж байгаа билээ. Хэдийгээр уг хөтөлбөрт эмэгтэйчүүдийн жолоо барих эрх зэрэг багтсан ч Саудын Арабт эмэгтэйчүүд одоо ч гэсэн олон тооны хязгаар хоригтой тулгарсаар байна.

Саудын хууль нь ваххабизм гэдгээрээ алдартай исламын суннит хувилбар дээр үндэслэгдсэн байдаг болохоор хүйсээр маш хүчтэй зааглан ялгадаг юм. Эмэгтэйчүүд хувцаслалтдаа хүртал хатуу дүрэм журам баримтлах ёстой. Тэр ч бүү хэл тэд төрөл садан бус эрчүүдтэйгээ харилцаж болохгүй, хаа нэгтээ явах, ажилдаа гарах, эсвэл эмнэлгийн тусламж авахаар болбол заавал эрэгтэй хүн дагалдах буюу зөвшөөрлийн бичиг хийж өгөх ёстой юм байна.


Өглөөний сонин
Э.Мөнхзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.