Авлига, албан тушаалтай холбоотой хэрэг ихэнх хувийг эзэлж байна гэв
Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-ны өдрийн уламжлалт хэвлэлийн хурлаа өнөөдөр зохион байгууллаа. 

Энэ удаагийн хэвлэлийн хуралд тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож, 2018 оны 6 дугаар сард хийсэн үйл ажиллагааныхаа талаар мэдээлж, сэтгүүлчдийн асуултад хариулав.
 
Сургууль, цэцэрлэгийн төлбөр, хахуултай холбоотой хэрэг их ирж байна гэв

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 114 дүгээр тогтоолоор баталсан “Авлигтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд хүүхэд, залуучуудад шударга ёс, зан чанарын талаар мэдлэг, ур чадвар олгох болон хариуцлагатай, ухамсартай, оролцогч иргэн болгон төлөвшүүлэх  агуулгыг бага, дунд, ахлах ангийн Иргэний нийгмийн хичээлийн хөтөлбөрт оруулахаар БСШУСЯ, АТГ хамтран ажиллахаар тохиролцлоо.
Сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нар хандив, төлбөр хураамжийг хавтгайруулан хураах, зориулалтын бусаар зарцуулах, боломжгүй, гомдол гаргасан хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж буй талаарх гомдол мэдээлэл АТГ болон Нийслэлийн боловсролын газарт маш их ирж байна.
 
Түүгээр зогсохгүй ангийн эцэг эхийн зөвлөл санаачлан дураараа мөнгө хураах, янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулах үзэгдэл газар авч иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулж байна. Иймд салбарын хэмжээнд үйлчилж байгаа хууль, дүрэм журмын зохицуулалтыг илүү тодорхой болгох, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр АТГ болон БСШУСЯ, НМХГ хамтран ажиллахаар боллоо. 
 
Гадаадын иргэнд нэг жилийн хугацаанд хоёр сая гаруй ам.долларын цалин олгосныг судалж байна

Мөн Авлигаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд АТГ-ын ажлын хэсгүүд авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, яам, агентлагт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлттэй танилцах зорилгоор яам, агентлаг, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдэд ажиллаж байна. Үүний хүрээнд хийгдэж буй зарим ажлуудаас дурдвал:
 
Нийслэлийн газрын албанд 2017, 2018 онд шинээр олгосон газрын зөвшөөрөл, нийслэлийн 2018 оны баталсан төсвөөс “магадалшгүй ажил” гэж төлөвлөсөн 5 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөс 5 тэрбум төгрөгийг Нийслэл өөр дээрээ авч үлдсэн, нийт 10 тэрбум төгрөгийн зарцуулалт, төлөвлөлтийг судлан үзэж байна.
 
“Эрдэнэс Монгол” ХХК нь 2017 онд 89 сая төгрөгөөр уул уурхайн цахим систем худалдан авсан гэх боловч зах зээл дээрх ханш нь 40 сая төгрөг байсан, мөн 2017 оноос хойш тус компани нь “Компани засаглалыг сайжруулах төсөл” боловсруулж санхүүжилтийг Азийн хөгжлийн банкнаас 35 сая долларын хөнгөлөлттэй зээл хэлбэрээр босгосон ба төслийн зөвлөхөөр ажиллаж буй гадаадын иргэдэд нэг жилийн хугацаанд 2 сая гаруй долларын цалин олгосон асуудлыг судалж байна.

“Монголросцветмет” ХХК-ийн 2017, 2018 оны худалдан авах ажиллагааг шалгахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн заалтууд хэрэгждэггүй, хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй, нээлттэй тендер шалгаруулалтын үнэлгээг журмын дагуу хийгээгүй, мөн хувьцаа эзэмшигчдийн маргаантай асуудлаас болж компанийн Төлөөлөн удирдах зөвлөл албан ёсоор томилогдоогүй, улмаар тус компанийн худалдан авах ажиллагааны мэдээ, мэдээлэл, тендер шалгаруулалтын зар 2017 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө батлагдаагүй, худалдан авах ажиллагааны мэдээ, мэдээлэл, тендер шалгаруулалтын зар, үр дүнг нийтэд түгээх зорилготой Төрийн худалдан авах ажиллагааны системд вэб хуудас нээж хөтлөх эрх нь нээгдээгүй байна. Мөн төлөвлөгөөг ил тод зарлаагүй, урьдчилгаа төлбөрийн баталгаагүй байхад урьдчилгаа төлбөр олгосон, харьцуулалтын арга хэрэглээгүй зэрэг зөрчил бүхий нийт 2 тэрбум 327 сая төгрөгийн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлыг судлан үзэж байна.

Налайх, Хан-Уул дүүргүүдэд ажиллах явцад илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авсан. Тухайлбал, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгохдоо дүүргийн татварын хэлтэс, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар тамхины тусгай зөвшөөрөл олгохдоо иргэдээс тус тус гэрчилгээний үнэ гэж төлбөр төлүүлж байгаа нь хуульд заагаагүй төлбөр хураамж гэж ажлын хэсэг үзсэн. Дүүргээс дээрх хууль бус хураамж тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ авахаар тогтсон.
 
Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчаас 2017 онд 7 аймаг, 2 яам, 3 агентлаг, 3 дүүрэг, 4 төрийн өмчит хуулийн этгээдийн 22 байгууллагад  хүргүүлсэн мэдэгдлийн мөрөөр авлигын гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг бодитой арилгуулах, улмаар таслан зогсоох, авлигын эсрэг хууль тогтоомжоор төрийн байгууллагуудын хүлээх нийтлэг үүргийн хэрэгжилт хангуулах ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2018-06-28 08:36:23
    Sarangerel said yamnihandaa Ta nar ATGd dahiad ug Khurelsuh ES namaig hamgaalna gd gaihuulaad bh yum unen u ATGiinhaan