Ч.Улаан: Их өрийг төлөх эх үүсвэрийг босгох амаргүй байсан

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад хэдхэн хоногийн дараа   айлчилна. Түүнийг 2000 онд Монголд ирж байхад манай улс Орос улсад өртэй байсан бол 2003 онд Н.Энхбаярын Засгийн газрын үед Их өрийг бүрэн  тэглэсэн юм. Тэгэхээр монголчууд энэ удаа Оросын төрийн тэргүүнийг  өргүй угтах гэж байна. Энэ талаар тухайн үед салбарын сайдаар ажиллаж байсан, УИХ, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Улаантай ярилцлаа.

-Орос-Монголын хооронд үүссэн Их өрийг тэглэсэн Н.Энхбаярын Засгийн газарт  та Сангийн сайдаар ажиллаж байсан. Одоо шинэчлэлийн Засгийн газарт мөн энэ албыг хашиж байна. Их өрийг тэглэсэн нь түүхэн   гэрээ, хэлцэл байсан, түүний  ач холбогдол, үнэ цэний тухайд  өнөөдөр та ямар бодолтой байдаг вэ?

-Их өр тэглэгдсэн гэдэгт  ЗХУ-тай хуучин системийн үед  үүссэн өрийг шийдсэн тухай асуудлыг авч үздэг.

Хүмүүс мэдээлэл сайтай байдаг ч  өр яаж дарагдсан, ямар яриа хэлцэл болсон бэ гэх мэт хэлбэр талаас асуудлыг илүүтэй ойлгодог. Гэтэл  өр дарна гэдэг бол  хоёр  үндсэн  том асуудлыг шийдсэн юм шүү дээ. Мэдээж, нэгдүгээрт улс төрийн нөхцөл байдлаас эхлээд яриа хэлцлийн төвшинд зарчмаа харилцан  ойлголцсон.  2000 онд  В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгч байхдаа  Монголд айлчлах үеэр манай Засгийн газар  Их өрийн талаар асуудал тавьсан. Дараа нь  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр 2003 оны зургадугаар сарын 26-наас долдугаар сарын 2-ны өдрүүдэд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэрээ  хоёр орны хооронд үүссэн шилжих рублийн өрийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх арга механизмыг тохирсон нь түүхэн чухал ач холбогдолтой шийдвэр болсон юм. Хоёр улсын Ерөнхий сайд нар Их өрийн 95-аас доошгүй хувийг хөнгөлөхдөө мэргэжлийн яамдад тооцоогоо нарийвчлан шалгуулах, өр барагдуулах арга, механизмыг олон улсын жишигт нийцүүлэн үүргийг өгснөөрөө олон жил яригдсан Их өрийн асуудал шийдвэрлэгдэх эцсийн шатандаа орсон. Ерөнхий сайдын айлчлалын дараа Санхүү, эдийн засгийн сайдын ахалсан Их өрийн асуудлыг зохицуулан шийдвэрлэх комисс ОХУ-ын холбогдох байгууллагуудтай үргэлжлүүлэн ажиллаж, өрөөс чөлөөлөх хэмжээг тохиролцсоноор асуудлыг бүрэн шийдсэн. 

-Шийдсэн  арга  нь юу байв?

-Олон улсын зах зээл дээр бий болсон оновчтой арга механизмыг хэрэглэх, нөгөөтэйгүүр Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдалд хүндрэл учруулахгүй байх. Энэ хоёр зарчмыг хослуулж шийдэх учиртай байсан. Энэ үүднээс өрийг нэлээдгүй хэмжээгээр хөнгөлж, үлдсэн хэсгийг бэлэн тооцоо хийж барагдуулах асуудал байсан. Тэр үед 250 сая ам.долларыг Монгол Улс нэг дор төлчих чадвар үнэндээ байгаагүй. Гэхдээ тийм чадавхийг бий болгохгүйгээр  тэр асуудлыг шийдэж чадахгүй байсан. Ингээд хэд хэдэн үе шаттайгаар  асуудлыг шийдсэн. Ер нь өр шийдэх олон улсын боловсронгуй арга механизм гэдэгт өр худалдах аргыг хэрэглэсэн. Ингэхдээ зуучлагч, олон улсын зах зээл дээр нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн гол нь төлбөрөө хүлээж авч чадах талд хүлээн зөвшөөрөгдсөн дундын зуучлагчаар дамжуулан асуудлыг шийдсэн.

-Сонгосон хувилбар нь?

-Хэд хэдэн хувилбар байсан. Тэр дотроос “ПИТ” гэдэг компанид хоёр тал санал нэгтэй  итгэмжлэх бичгээ өгснөөр тус компани зээлдүүлэгч, зээлдэгч хоёрын дунд зуучилж, хэлэлцээ хийсний дүнд үндсэндээ Их өрийн 98 хувийг хөнгөлж чадсан. Өмнө нь улстөрийн төвшинд хийсэн гэрээ хэлцлээр “95 буюу  түүнээс доошгүй  хувийг нь   хөнгөлнө. Нарийн тооцоо, үндэслэлийг мэргэжлийн яамд хоорондоо зохицож шийдэх нь зүйтэй”  гэсэн  зарчмын чиглэл байсан. Тэр дагуу ажиллаад өрийн 98 хувийг чөлөөлүүлсэн. Энэ бол хоёр орны мэргэжлийн байгууллагуудын хооронд хийсэн томоохон хэлэлцээр. Зургаан сар гаруй хугацаанд үргэлжилсэн. Хамгийн сүүлчийн шийдвэрлэх шат бол ерөөсөө төлбөрөө л  төлөх. Хамгийн гол нь хугацаанд нь төлөх асуудал байсан. 2003 оны арванхоёрдугаар сарын 21-25-нд хоёр удаагийн гүйлгээгээр төлбөрөө барагдуулж дуусах ёстой. Тэр эх үүсвэрийг босгох ажил бас амаргүй байсан. Тухайн үед манай эдийн засгийн байдал  тийм хэмжээний хуримтлал бий болгож чадаагүй. Тиймээс УИХ-д хандаж, улсын валютын нөөцөөс дэмжлэг авах тухай асуудлыг шийдүүлсэн. Нөгөө талаар, тодорхой хэсгийг Засгийн газар өөрийнхөө бололцоогоор хуримтлуулсан. Тухайлбал, нийт төлбөрийн 20 орчим хувийг Засгийн газар бэлнээр нөөцөлж чадсан. Цаана нь “Эрдэнэт”  үйлдвэрээс тодорхой гэрээ хэлцлүүдийг хийж татварын урьдчилгаа авсан. Мөн Засгийн газрын хатуу тохиролцоотойгоор уул уурхайд ажиллаж байсан компанитай тохиролцон богино хугацааны зээл авч  ашигласан. Ингээд ямар ч байсан тогтсон хугацаандаа Монгол Улс төлбөрөө бүрэн барагдуулж чадсан. Тэр бол тухайн үед Монгол Улсад хийгдэж байгаагүй санхүүгийн том үйл ажиллагаа байсан. Нэг дор Монгол Улс 250 сая ам.долларын гүйлгээ хийж байсан тохиолдол өмнө нь  байгаагүй. Тиймээс  өвөрмөц гүйлгээ байсан. Түүнийг холбогдох банк, санхүүгийн байгууллагууд, гурван тал бүгд  хүлээн зөвшөөрч харилцан баталгаажуулж өрийг барагдуулсан.  2003 оны арванхоёрдугаар сарын 25-нд  сүүлчийн төлбөр хийгдээд, түүний дараа өр дарагдлаа, Их өр тэглэгдлээ, Монгол Улс үүргээ биелүүлсэн байна гэсэн дүгнэлт гарсан. ОХУ-ын Сангийн яам, Засгийн газар,  Ерөнхийлөгчөөс тэр тухай  онд нь багтааж  Монголын талд мэдэгдэж байсан. Энэ бол өр барагдуулсан процесс юм. Цаана нь үр дагавар ямар байж болох вэ. Монгол Улс энэ хэмжээний гүйлгээ хийж, мөн валютынхаа  нөөцийн тодорхой  хэсгийг зарцуулсан, багагүй хэмжээний богино хугацааны зээл авсан үед эдийн засгийн тогтворжилт, тогтвортой байдал алдагдах эрсдэл байсан. Тэр ч бүү хэл тухайн үед зарим мэргэжилтэн  сонин, хэвлэлд  ярьж байсныг санаж байгаа байх. Эдийн засгийн тогтвортой байдал алдагдана, валютын ханш 3000 төгрөг болно, эдийн засаг сүйрлийн ангал руу явж байна гэсэн болгоомжлол, таамгууд гарч байсан. Гэхдээ Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдалд тийм донсолгоо, доргио гараагүй. Үүнийг тухайн үеийн Засгийн газар, Сангийн яам, Монголбанк хамтран  санхүүгийн зах зээлээ оновчтой зөв удирдаж, зохицуулж чадсан учраас эдийн засгийн тэр том операци  амжилттай хийгдсэн.

-Сүүлд Их өр бүрэн дарагдаагүй юм байна, үлдэгдэл байна  гэсэн мэдээлэл гарч, хэвлэлээр багагүй шуугисан. Тэр ямар учиртай юм бэ, яагаад тийм  мэдээлэл гарах  болсон юм бол?

-Их өрийг шийдэж байх үед “Монголросцветмет” хамтарсан нэгдлийн дүрмийн санд оруулсан тодорхой хэмжээний зээллэгийн асуудал байсан. Тэр асуудлыг сүүлд нь хоёр тал  хэлэлцээд  шийдсэн. Бүрэн шийдэгдсэн байгаа. Монголын тал бол албан ёсоор бүх асуудлыг дуусгавар болгосон. Харин Оросын тал асуудлыг  хууль тогтоох дээд байгууллага ДУМ-ээрээ хэлэлцүүлж баталгаажуулах ёстой. Энэ ажил одоо хүртэл хийгдээгүй байгаа.

-Яагаад?

-Оросын  тодорхой улс төрийн хүчин, улс төрчид  Их өрийг тэглэсэн нь Оросын талд ашиг муутай гэрээ хэлцэл хийсэн байна гэдэг үндэслэлээр асуудлыг эцэслэн хаахаас татгалзсан саналуудыг удаа дараа гаргаж байсан. Гэхдээ хоёр улсын холбогдох байгууллагууд санхүүгийнхээ бүх үйлдлийг хийж дууссан. Одоо зөвхөн улс төрийн талаас баталгаажуулах асуудал л үлдсэн байгаа. Манайхаар бол гэрээ, хэлцэл соёрхон  батална гэж бий, түүн шиг  л юм. 

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины энэ удаагийн айлчлалаар манай талаас  энэ талаар асуудал тавих болов уу?

-Мэдээж хоёр талын хамтын ажиллагаанд байж байгаа шийдвэрлэгдээгүй асуудлуудыг дуусгаж цэг тавих зарчмыг баримталж асуудалд хандаж таарна. Үүнийг хоёр тал хаана хаанаа мэдэж байгаа, хүлээн зөвшөөрсөн асуудал шүү дээ. Тиймээс  энэ асуудал айлчлалын үеэр тодорхой хэмжээнд яригдаж шийдэгдэх процесс түргэсэх байх гэж найдаж байна. Ер нь бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины   энэ удаагийн айлчлал  зарчмын  томоохон айлчлал болно. Хоёр орны хамтын ажиллагаанд нэлээд шинэлэг, шинэ хуудсуудыг нээж өгнө гэсэн хүлээлт бидэнд байна. Ялангуяа зах зээлийн нөхцөлд, өнөөгийн дэлхий дахины онцлог нөхцөл байдалд харилцаа хамтын ажиллагаа улам ойртож, харилцан ашигтай  байдлаар улам эрчимжих учиртай. Нөгөө талаас, манай улс хоёр том хөрштэй. Тэгэхээр гурвалсан хамтын ажиллагааны тодорхой асуудлуудад ч гэсэн зарчмын чиглэлүүд гарч, тэр нь  нэлээд ахицтай байгаа. Бүс нутгийг хамарсан цогц томоохон асуудлуд шийдэгдэх үндэс суурь тавигдана гэсэн хүлээлтийн байдалд байна.

-Нэг зүйлийг нэмж асуухад В.Путины айлчлалын өмнөх БНХАУ-ын даргын айлчлалд Сангийн сайдын хувьд, эдийн засгийн ач холбогдлын талаар   та ямар үнэлэлт, дүгнэлт өгч байгаа вэ?

-БНХАУ-ын даргын Монгол Улсад хийсэн айлчлал зарчмын том ач холбогдолтой айлчлал болсон гэж үзэж байна. хоёр орны хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл, цаашдын хамтын ажиллагааны зарчим, чиглэл, замыг их тодорхой гаргаж өгсөн гэж бодож байна. Хамтын ажиллагааны дөрвөн зарчмыг Си Зиньпин дарга өөрөө тодорхойлж гаргаж тавилаа. Тэгэхээр бид ирээдүйд хөгжилд чиглэсэн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх сайхан орчин нөхцөл бүрдлээ. Нөгөөтэйгүүр,  эдийн засаг, санхүүгийн тодорхой асуудлуудыг шийдлээ.  Хамтын ажиллагаанд байгаа зарим тодорхойгүй, шийдэгдээгүй, бас бэрхшээлтэй байсан асуудлуудаар хоёр тал харилцан бүрэн ойлголцлоо. Хамгийн гол нь хамгийн дээд төвшинд мэдээллээ харилцан илэн далангүй солилцлоо. Ингэснээр бие биеэ ойлгох, бие биедээ харилцан итгэх итгэлцэл ихээхэн урагшиллаа гэж бодож байна. Сангийн сайдын хувьд энэ удаа зарчмын хувьд хэд хэдэн томоохон асуудлыг шийдсэн. Ялангуяа хоёр банкны хоорондын хамтын ажиллагаа, свопын хэмжээг нэмэгдүүлсэн нь манай эдийн засгийг идэвхжүүлэхэд томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд, бизнесийн салбарт дэмжлэг үзүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Багагүй хэмжээний буцалтгүй тусламжийг бидэнд амласан. Буцалтгүй тусламж бол хөгжлийн тодорхой зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн. Тэгснээрээ хэмжээ нь урд өмнөхтэй харьцуулахааргүй их байгаа нь бас нэг  онцлог юм. Өөрөөр хэлбэл, БНХАУ өөрөө хөгжлийн төлөө эрчимтэй явах боловч хөрш зэргэлдээ улс орноо хамтрагчаа хамтад нь авч явах, хамтран хөгжих зарчмыг гаргаж тавьж байгаагаараа онцлог боллоо. Нэлээдгүй хэмжээний, тухайлбал тэрбум орчим  ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсад өгөхөөр болж байна. Энэ нь манай эдийн засгийг идэвхжүүлэхэд том хөшүүрэг болно.Ер нь энэ зээлийг аль болох эдийн засагт үр ашигтай, улсын санхүү, эдийн засагт дарамтгүй хэлбэрээр ашиглах ёстой гэж бид үзэж байгаа. Өмнө нь ч ийм хэлбэрээр ашигласан үр дүнгээ өгч байгаа зээл бий.

-Гэхдээ өнөөдөр манайд  улсын өр нэмэгдэх нь гэсэн болгоомжлол үүсээд байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Ийм болгоомжлол байх шиг байна. Гэвч үүнийг улсын өрд оруулахгүйгээр ашигладаг санхүүгийн механизм өмнө нь бий болчихсон, бид хэрэглээд туршчихсан. Тиймээс үр дүнтэй хэлбэрээр ашиглах ёстой. Зээл, тусламж эдийн засгийн үр өгөөжтэй төсөлд өгөгдөх ёстой. Тэр төсөл өөрөө зээлээ эргэж төлөх зарчмаар явах ёстой. Манайхны санаа зовдог, эдийн засагт хөгжлийн хөрөнгө оруулалт дутагдаж байгаа гэдэг асуудал шийдэгдэх боломжтой. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн манайд хийх гэж байгаа айлчлалаас ч гэсэн үүнээс дутуугүй хэмжээний хамтын ажиллагааны шинэ санал, санаачилгууд гарч хэрэгжинэ гэж бид хүлээж байгаа. Мөн энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.

Зууны мэдээ
Ч.Үл-Олдох

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dores 2020-05-22 19:06:40
    Мэндчилгээ Сайн уу, миний нэр Дорес РОДРИГЕЗ, би хувийн зээлдүүлэгч бөгөөд та хүссэн зээлээ өгөх гэж ирсэн юм. Танд санхүүгийн тусламж хэрэгтэй юу? Бизнесээ ...
    141.101.105.155
    Мэдэгдсэн Хариулах
  • DR. UROLOGIST 2019-06-22 14:18:31
    ХҮСНЭГТЭЙ ГЭРЛЭЛТИЙГ БИЧНЭЭСЭЭСТЭЙ ГЭЖ ЮУ !! БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!   Би өөрийн бөөмийн 1-ийг яаж зарж, баян болсон талаар гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна. Мин...
    105.112.32.187
    Мэдэгдсэн Хариулах