Хаврын чуулган хаалтаа хийж, дахин хоёр хүүхэд золгүй байдлаар амиа алдсан харамсалтай долоо хоног
Зургадугаар сарын сүүлчийн долоо хоногт хаврын чуулган хаалтаа хийсэн нь яах аргагүй онцлох үйл явдал байлаа.
 
УИХ-ын хаврын ээлжит чуулган өчигдөр хаалтаа хийж өндөрлөлөө.  Хаврын чуулганы хугацаанд байнгын, дэд хороод 101 удаа 180 орчим цаг хуралдаж, 304 асуудал, нэгдсэн чуулган 27 удаа, 133 орчим цаг хуралдаж, 181 асуудал хэлэлцсэн байна. Нэгдсэн чуулганы 27 удаагийн хуралдааны ирц дунджаар 83.0 хувьтай байж, бие даасан хууль 17, хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 67, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 2, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 5, УИХ-ын тогтоол 50-ийг баталсан талаар УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ онцлов.
 
Хаврын чуулганаар батлагдсан онцлох хуулиудаас нэрлэвэл, Бүртгэлийн тухай багц хуулийн төслүүд, Арилжааны банкийг дахин санхүүжүүлэх хуулийн төсөл, Цахим бодлогын түр хороо байгуулах тухай, Багш нарын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл, УИХ-ын дэгийн тухай хуулийн төслүүд байв.
 
Гацаанд байгаа “Тавантолгойн” төслийг хөдөлгөхөөр болов
 
Энэ хаврын чуулганаар 15 ажлын хэсэг ажиллажээ. Чуулганы хуралдаанд 21 байгууллагын үйл ажиллагаатай биечлэн танилцсан байна. Энэ удаагийн чуулганаар гацаанд орсон байсан Тавантолгойн төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн баталлаа. Ингэснээр 10 жилийн турш талцаж, маргаж байсан асуудлыг шийдлээ. Харин энэхүү том төслийг хөдөлгөх эсэхийг У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газар шийднэ дээ.
 
60 тэрбумын асуудал хүчээ авсан долоо хоног өнгөрөв
 
Улстөрийн алба наймаалцахаар 60 тэрбум төгрөг босгохыг оролдсон гэх бичлэгийн асуудлыг нийгэмд дахин сөхөж эхэллээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн энэ асуудал иргэдийн дунд нээлттэй сонсгол хийх дээрээ тулав. Нээлттэй сонсгол хийх эсэхийг ирэх долоо хоногт Байнгын хороогоор хэлэлцэнэ. Төрийн албыг наймаалцахаар тохиролцсон гэх асуудалд УИХ-ын дарга М.Энхболд буруудаад байгаа юм. Тэрбээр “Би төрийн алба зараагүй. Мөнгө аваагүй” гэсэн мэдэгдлийг хийсэн бөгөөд тэрбээр нээлттэй сонсгол явуулах албан бичгийг Хуульзүйн байнгын хороонд шилжүүлсэн байгаа ажээ.
 
 Золгүй байдлаар хоёр хүүхдийн бяцхан зүрх зогсов
 
 Томчууд бидний буруутай хайхрамжгүй хариуцлагагүй үйлдлээс болж бага насны хүүхдүүд цаг бусаар амь насаа алдсаар байна. Хоёр долоо хоногийн хугацаанд олон хүүхэд амиа алдлаа. Зарим нь усанд живж, хоёр нь тоглож яваад амиа алдав. Үнэхээр харамсалтай зүрх шимширмээр.
 
Өнгөрсөн долоо хоногт 11 настай хүү найзуудтайгаа тоглож яваад тогонд цохиулж амиа алдав. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Эмийн сангийн төмөр хаалган дээр тохогдсон байсан цахилгааны утастай хаалганаас барьсныхаа төлөө амь үрэгдэв. 10 настай охин найзуудтайгаа усанд орж яваад живж амиа алдав.
Энэ мэтчилэн бага насны хүүхдүүдтэй холбоотой золгүй хэрэг гарсаар байна.

Тиймээс эцэг эхчүүд анхаарал болгоомжтой байж, хүүхдүүддээ хараа хяналтаа сайн тавихыг холбогдох газруудаас анхааруулсаар байна.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-07-01 03:01:15
    76 МАНГАР амарч яадгийн ажилаа хий: юу ч бүтээсэнгүй өнгөрлөө. эргээд ажилдаа ор. 76гүй байхад аймагийн наадам сайхан болноо. будлиан таригч нь эрх мэдэтэнгүүд....