ДАШТ 2018: ОХУ, Хорватын багууд шөвгийн наймд шалгарлаа

ДАШТ-ий хасагдах шатны тоглолтууд үргэлжилж байна.

Өнгөрсөн шөнө Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд ОХУ, Испанийн шигшээ багуудын тоглолт болж, Оросуудын ялалтаар өндөрлөв.

Тоглолтын 12 дахь минутад ОХУ-ын багийн хамгаалагч Сергей Игнашевич өөрийн хаалгандаа авто гоол оруулж, Испанийн шигшээ тэргүүлж эхэлсэн. Гэхдээ тоглолтын 41 дэх минутад Оросууд 11 метрийн торгуулийн цохилт авч, улмаар Артём Дзюба гоол болгосноор тооны харьцааг тэнцүүлсэн.

Испаний шигшээ багийн хувьд бөмбөг эзэмшилт, дамжуулалт, довтолгооны санаачлагаар илүү байсан ч Оросын хаалганд гоол оруулж чадалгүйгээр тоглолтын үндсэн цаг тэнцээгээр өндөрлөв. Улмаар 30 минутыг сунгасан ч мөн гоол орсонгүй.

Ингээд уг тоглолтын хувь заяа торгуулийн цохилтоор шийдэгдэж, Оросууд 4:3-аар өрсөлдөгчөө буулгаж авлаа. Испанийн шигшээ багаас Коке, Яго Аспас нар торгуулийн цохилтоо алдсанаар Испаничууд ялагдал хүлээв.



Мөн өнгөрсөн шөнө болсон Хорват, Данийн багуудын тоглолт үндсэн цагт 1:1-ийн харьцаагаар өндөрлөж, нэмэлт 30 минут сунгасан ч гоол ороогүй юм. Улмаар торгуулийн цохилтоор ялагчийг тодруулсан.

Хоёр багийн эхний цохилт амжилтгүй болсон бөгөөд Данийн Шёне, Иёргенсен нарын цохилтыг хаалгач хааж чадсанаар Хорватын шигшээ баг 3:2-оор ялалт байгууллаа.
 

Ийнхүү ДАШТ-ий шөвгийн наймд зохион байгуулагч ОХУ-ын баг, жигдхэн бүрэлдэхүүнтэй Хорватын багтай тулахаар боллоо. Уг тоглолт долдугаар сарын 08-ны 02:00 цагаас болно.

Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.