Цусны даралт ихсэлтийн эсрэг аян Булган аймагт эхэллээ
Монгол улсад цусны даралт ихсэх өвчин хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон төдийгүй зүрх судасны өвчний 40,2 хувийг цусны даралт ихсэлт, 23,6 хувийг зүрхний шигдээс өвчин тус тус эзэлж байна.

Тиймээс ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зүрх судасны өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор Улсын 3-р төв эмнэлэг, ХААН Банк Сан болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хамтран хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” өнөөдөр Булган аймагт нээлтээ хийн эхэллээ.




Тус аян өнгөрсөн жил эхний жилдээ хэрэгжсэн бөгөөд цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээх, эмч нарын сургалт зохион байгуулах болон ХААН Банкны тухайлсан нэгжүүдэд даралт хэмжих багаж бүхий булан байгуулан ажилласан билээ.

Тэгвэл энэ оноос эхлэн орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулах, иргэдэд урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл түгээх, даралтаа хэмжүүлэх эрт илрүүлэгт хамрагдах боломжоор хангах болон аймаг орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах цогц ажлуудыг хэрэгжүүлнэ.

Өнөөдөр аймгийн төв талбайд зохион байгуулж буй өдөрлөгийн үеэр иргэдийн даралтыг хэмжиж, цусны даралт нь өндөр байгаа болон зүрх судасны өвчин илэрсэн иргэдэд 3-р төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч ажилтнуудтай хамтран үзлэг шинжилгээ хийж, зөвлөгөө мэдээллээр ханган ажиллаж байна.

Энэ жил тус аян энэ 07-р сад Булган, Хөвсгөл аймгуудад ирэх намраас Архангай, Баянхонгор, Дорноговь аймгуудад зохион байгуулагдана.

Иргэд олон нийтийг цусны даралт ихсэх өвчин, түүний эрсдэлт хүчин зүйлс, хүндрэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадалд сургаснаар хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааныг бууруулах боломжтой юм.










Бусдад түгээх
  • gplus