ХААН Банк Сангаас Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн булан байгуулж өглөө

Манай улсад төдийгүй Дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин болж, дэлхийд тус өвчнөөр жилд олон сая хүн нас барж байна. ДЭМБ-аас цагаасаа эрт зуурдаар нас барах гол шалтгааны нэг нь цусны даралт ихсэлт хэмээн онцолж байна.

Тэгвэл нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмрээ оруулагч үндэсний тэргүүлэгч, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч “ХААН Банк” Сангаараа дамжуулан П.Н Шастины нэрэмжит улсын III-р төв эмнэлэгтэй хамтран хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа Цусны даралт ихсэлтийн эсрэг аян Хөвсгөл аймагт үргэлжилж байна.

Тус аяны хүрээнд хийгдэж буй бас нэгэн томоохон ажлын нэг нь Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт  цусны даралт хэмжих багаж бүхий эрүүл  мэндийн булан байгуулан хүлээлгэн өгч буй явдал юм. Энэхүү эрүүл мэндийн  булан ажиллаж эхэлснээр иргэд аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлэх үедээ цусны даралтаа хэмжиж, тогтмол хянаж байх боломжийг бүрдүүлж өглөө. Эрүүл мэндийн булан  хүлээлгэж өгөх ажиллагаанд аймгийн ЗДТГ, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг болон Цусны даралт ихсэлтийн эсрэг аяныг хэрэгжүүлж буй П.Н Шастины нэрэмжит III-р төв эмнэлэг, ХААН Банк, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагууд болон эмнэлгийн эмч, ажилтнуудын төлөөлөл оролцлоо.

Өнгөрсөн жил тус аяны хүрээнд Улаанбаатар хотын ХААН Банкны дөрвөн тооцооны төвд даралт хэмжих багаж бүхий эрүүл  мэндийн булан нээсэн нь олон хүний талархлыг хүлээгээд байгаа билээ. Хөвсгөл аймгийн иргэд ч мөн тус булангаас мэдээлэл авч, даралтаа хэмжиж, хянаад явах боломжийг ХААН Банк Сангаас ийнхүү олголоо.

 

Бусдад түгээх
  • gplus