''Их өрийг тэглэсэн'' буюу улстөрчдийн худал пи арын нэгээхэн жишээ
Монгол Улс ОХУ-д төлөх 11.3 тэрбум шилжих рублийн өрийг 98 хувь хөнгөлүүлж, үлдсэн 250 сая ам.долларыг нэг удаагийн шилжүүлгээр төлснөөр Монгол улс 70 жилийн турш тавьсан зээлээ дарж санаа амарч байсан билээ.

Н.Энхбаяр, МАХН-ын 2004 оны сонгуулийн гол пи ар энэ байсан. Н.Энхбаяр ялсан баатрын дүртэй маадайж, одоо Хүний эрхийн үндэсний комиссын даргын алба хашиж байгаа /тухайн үед УИХ-ын дэд дарга байсан байх/ Ж.Бямбадорж гуай нулимс унагаж байгаа сэтгэл уярам дүр зураг он солигдох мөчтэй зэрэгцэн монгол айл бүрийн гэрт цэнхэр дэлгэцээр дамжин зочилсон билээ. Монголчуудыг эрүүлжүүлсэн гэх бүх нийтийн үзлэг эмчилгээний экспедицэд багтаж явсан өвөө маань нулимс унагаж, “ах нарыг муу хэлж болохгүй хөөрхий минь” гэж суусансан. Гэтэл саяхан хойд хөршийн цахим сайтуудыг шалгаж суутал “ОХУ Монгол Улсаас 11.34 тэрбум ам.долларын өртэйгээс 98 хувийг нь хүчингүй болгосон. Одоо Монгол Улс манайд 180 сая ам.долларын өртэй. Энэ нь Монголросцветмет хамтарсан үйлдвэрийг барьж байгуулах үед үүссэн өр юм” гэж бичсэн байх юм.

“Айвенхоу майнз”- аас 50 сая ам.долларын өр тавин байж /Үүнээс гадна 40 гаруй лицензийг “Айвенхоу майнз”-д мөн шилжүүлсэн нь хожим тодорхой болсон/ дарсан талаар нэг ч өгүүлбэр байсангүй. Харин ч “180 сая ам.долларын өртэй” гэжээ. “Их өр” гэж нэрлэгдсэн шилжих рублийн өр бөл ЗХУ-ын үед тавигдсан өр. “Монголросцветмет” нэгдэл бол ЗХУ, БНМАУ-ын үед 1973 онд байгуулагдсан. ОХУ- ын сайтад бичигдсэн байсан 180 сая ам.долларын өр тэр үед тавигдсан гэхээр “Их өр” гэгчийн нэг хэсэг байсан гэдэг нь тодорхой. Үнэхээр ч Н.Энхбаяр тэргүүтэй МАХН худлаа шоудаж, ард түмний тархийг угааж байсан гэдэг нь 2010 онд “Монголросцветмет” нэгдлийг барьж байгуулах үед тавигдсан өрийг бүрэн тэглэх үед мэдэгдсэн юм.

2010 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр ОХУ-ын Москва хотноо гарын үсэг зурсан “ОХУ- ын өмнө Монгол Улсын хүлээх санхүүгийн үүргийг зохицуулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Засгийн газрын 2010 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар баталсан байдаг. Тэрхүү хэлэлцээрийн дагуу ОХУ-ын “Хөгжил, гадаад эдийн засгийн үйл ажиллагааны банк” улсын корпораци болон Монголбанкны хооронд “Тооцооны бүртгэл, хөтлөлтийн техникийн журмын тухай хэлэлцээр”-ийг заагдсан хугацаанд нь байгуулахыг Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид зөвлөсөн байдаг.

Тэр үед гарч байсан албан ёсны мэдээнд энэ талаар “Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн дүрмийн сангийн Монголын талын хувь хөрөнгийг бүрдүүлэхээр ЗСБНХУ-аас /хуучин нэрээр/ авсан зээлийн үлдэгдэл оросын талын тооцоогоор 2010 оны байдлаар 163.7 сая шилжих рубль болсон байсан юм.

Мөн Монгол Улс, ОХУ-ын хооронд бараа солилцох үйл ажиллагаанд зориулан нээсэн дансны үлдэгдэл 10.4 сая клирингийн ам. доллар болсон ч энэ өрийг талууд эцэслэн зохицуулаагүй байлаа. Дээрх хоёр төрлийн өрийг зохицуулахаар талууд удаа дараа уулзалт, хэлэлцээ хийсний дүнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын 2010 оны арванхоёрдугаар сарын 13-16-ны өдрүүдэд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын Сангийн сайд Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Хэлэлцээрт зааснаар манай улсын өр болох 174.2 сая ам. доллараас 97.8 хувийг хүчингүй болгож, үлдэх 3.8 сая ам долларыг манай тал хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос эхлэн 30 хоногийн дотор нэг удаагийн мөнгөн төлбөрөөр Оросын талд төлснөөр их өрийн асуудалд цэг тавих юм. Энэ мөнгийг 2011 оны улсын төсөвт тусгасан байна” хэмээн мэдээлж байжээ.

Засгийн газрын албан ёсны мэдээлэлд “Их өр” гэж тодорхойлсон, тоо хэмжээ нь хэд хоногийн өмнө aif.ru цахим сонинд гарсантай мөргөж байгаа, нөгөө талаар төлж барагдуулах тохиролцоо хийхдээ хэрэглэсэн арга /97.3 хувийг хүчингүй болгосон/ зэрэг нь энэ өр Н.Энхбаярын төлж барагдуулсан, тэглэсэн гээд байсан “Их өр”-ийн нэг хэсэг болох нь тодорхой байгаа юм. Өөрөөр хэлбэл, МАХН удахгүй болох сонгуульд ялалт байгуулахын тулд 2004 он гарахын өмнө худал шоу хийж, ард түмний тархийг “угаажээ”. Үүнийг “Засгийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон” гэж нэрлэсэн ч болохоор.

Эндээс гурван ойлгомжгүй зүйл гарна. Нэгдүгээрт, “Н.Энхбаяр их өрийг тэглээгүй юм бол ОХУ-д төлсөн 250 ам.доллар хаачсан бэ. Хоёрдугаарт “11.34 тэрбум ам.долларын хоёр хувь буюу 226.8 сая ам.доллар хангалттай байтал яагаад 23.2 сая ам.доллар илүү шилжүүлэв”. Гуравдугаарт, “МАН 2011 оны төсөвт 3.8 сая ам.доллар суулгасан, өөрөөр хэлбэл, төлсөн нь тодорхой байхад яагаад aif.ru сайтад “Монголросцветмет”-ийн 180 сая ам.долларын өр байсаар байгаа” гэж бичих болов” гэж.

Эхний асуултын хувьд Н.Энхбаяр “Их өр”-өөс 180 сая ам.долларыг үлдээсэн хэрнээ “тэглэсэн” хэмээн ард түмнийг “хульхидаж”, төрийн эрхийг хууль бусаар санаархаж байжээ гэдэг нь илэрхий байна. Гэвч түүний энэ санаархал талаар болж тухайн жил сонгогчид эвслийн засгийн газар байгуулах сонголт хийсэн билээ.

23.3 сая ам.долларын хувьд хийсвэр, төлөгдөлгүй үлдсэн 180 сая ам.долларыг тооцвол бараг 200 гаруй сая ам.доллар байсан ч байж мэднэ. Энэ мөнгө хаачсан нь тодорхойгүй. Их өр бараг тэглэгдээгүй гэсэн үг л дээ. Нэгэнт 180 саяын өр үлдсэн нь сүүлд ил гарсан болохоор өмнөх бүх түүх үлгэр болоод дуусч байгаа юм.

Хамгийн чухал нь сүүлчийнх нь. Төсөвт суусан 3.8 сая ам.долларын өр төлөгдсөн үү гэж.

Их өр тэглэж байх үед Ерөнхий сайд асан П.Жасрай хэвлэлд “Их өрийн төлбөрөөс чөлөөлж өгөх хүсэлтийг манай тал нэлээд дээр үеэс тавьж байсан баримт бий. Миний мэдэж байгаагаар 1970- аад оны үеэс таван жилийн төлөвлөгөөний зохицуулалт хийгдсэний дараа “...манай улсын Засгийн газар урьд өмнө авсан зээлийн өрөөс чөлөөлж, шинэ таван жилд төчнөөн шилжих рублийн зээл тусламж өгнө үү гэсэн захидал бичдэг. Хариуд нь ЗХУ-ын Засгийн газар ирэх таван жилд төлөх ёстой зээлийн өрийг хүүгүйгээр таван жилээр хойшлуулж, шинэ таван жилд төчнөөн шилжих рублийн зээл олгож, төчнөөн шилжих рублийн буцалтгүй тусламж үзүүлье гэсэн хариу ирүүлдэг зуршилтай байсан юм” гэж ярилцлага өгч байсан байх юм.

ОХУ Монголыг барьж байхын тулд өртэй байлгах бодлого баримталж байсан гэдэг нь дээрх ярианаас тодорхой харагдана. Тэгвэл С.Батболдын Засгийн газрын үед байгуулсан хэлэлцээр биеллээ олсон юм болов уу. Олсон бол, эх сурвалж, баримт сайтай бичдэг “Аргументы и факты” яагаад долоохон хоногийн өмнө “Монгол Улс ОХУ-д 180 сая ам.долларын өртэй” гэж бичдэг билээ. Манайхан шатахууны үнээ бууруулах хүсэлт тавьж очих болгонд ОХУ “Монголросцветмет” нэгдэлд хувь хэмжээгээ нэмэгдүүлэх санал тавьдаг. Энэхүү хувь нийлүүлсэн компанийн мэдэлд ах нарын ихэд сонирхдог Асгатын мөнгөний ордын лиценз байгаа билээ. Шатахуунаа дэлхийн зах зээлийн үнээр зараачээ гэсний төлөө ‘Төмөр зам”, ”Монголросцветмет“-ийг нэхээд байдаг орос ах нарын шаардлага бодит байдалд арай нийцэмгүй санагддаг биш гэж үү.

Арай 3.8 сая ам.долларын өр тэглэгдээгүй, ах нар амнаасаа ухарчихсан юм биш байгаа даа. ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев 2009 онд Монгол Улсад айлчлахдаа хүртэл “Их өрийн 98 хувийг тэглэсэн” гэснээс биш 100 хувь барагдуулсан Монгол Улс одоо Оросод өргүй гэж хэлээгүй билээ.

С.Батболдын Засгийн газрын үед хийгдсэн тохироо биеллээ олж, их өр “үнэнгээсээ” тэглэгдсэн байсан ч хамаагүй, “Их өр”-ийг дарсан тухай суртал ухуулга нь улстөрчид ард түмний тархийг хэрхэн угаадгийг харуулсан нэгэн “хар” жишээ болж түүхэнд үлдэнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-06-02 03:24:03
    ха ха
  • зочин 2014-05-26 15:25:31
    одоогийн сайд дарга нараас хамаагүй дээр ажил хийсэн юм.
  • zochin 2014-05-16 03:23:39
    Аргументы и факты ч найдвартай мэдээлэл биш. Оросууд яаж ч новширч чадна ш дээ. Сүүлийн 20 жилд орос ах хар маань хужаа нараас нэг их ялгагдахаа байсан ш дээ.