Сумын наадам
 
Наадам наадам дотроос хамгийн сайхан дурсамжтай наадам бол сумын наадам байдаг гэж ярихыг олонтаа сонсч байв.
Нээрээ л сумын наадам сайхан болдог шүү. Ядаж л хуушуур нь зузаан зузаан их махтай гээд яривал их зүйл бий дээ. Хүүхэд насны дурсамж ихтэй сумын наадамд ээжийнхээ өгсөн мөнгөөр сугалгаа сугалж, ундаа, хуушуур л авч иддэг байлаа. Тухайн үед маруужин гэж байдаггүй байсан үе дээ.
 
Ингээд Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны “Сумын наадам” шүлгийг сонирхуулж байна.
 
Суусрын гүйдэлт салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу

Дурлал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Дугариг цагаан царайгаар наран дороос мишээв үү
Дулаан амьсгалд дасаалгүй бас л дахин зовоохоор
Дун цагаан шүдээр наадамч дундаас инээв үү

Хайр гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хайлган цайлган сэтгэлтэй хүний үртэй учруулав уу
Халуун дэрний хавьд бас л дахин зовоохоор
Хадамд очсон бэртэй хүнээс далдуур уулзуулав уу

Хүсэл гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хүүхэн ялдам хонгорын ангир цээжийг түшүүлэв үү
Хүний хүнтэй дасгаж бас л дахин зовоохоор
Хүрэн шандан тэрлэгний суман хормой шүргүүлэв үү

Учрал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Уруулын халуун амсраар зүрхний балыг шимүүлэв үү
Уураг цээжний хагацалд бас л дахин зовоохоор
Улаан чулуун бэлзэг ядам хуруунд зүүлгэв үү

Борви нугалах хэвтэргүй борхон туулай хөөрхий
Бохирон жиргэх мөчиргүй болжмор шувуу хөөрхий
Больё гэвч болихгүй борхон зүрх минь хөөрхий
Болъё гэвч болохгүй богинохон заяа минь хөөрхий

Суусрын гүйдэлт салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу. 
 
О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.