Гадаадын улс орны төрийн тэргүүнүүд мэндчилгээ ирүүлэв

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан гадаадын улс орны төрийн тэргүүнүүд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Монголын ард түмэнд мэндчилгээ ирүүлсэн байна.
 



ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний мэндчилгээ


ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Монголын ард түмэнд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн захидал ирүүлжээ.

Захидалд:

Эрхэм хүндэт ноён Ерөнхийлөгч өө,

Монгол Улсын Үндэсний их баяр наадам болоод Ардын хувьсгалын 97 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлж байна.

Баялаг түүхт Орос, Монголын харилцаа стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу эрчтэй хөгжиж байна. Саяхан Чиндао хотноо болсон бидний уулзалтын үеэр хүрсэн тохиролцооны хэрэгжилт нь хоёр талын ажил хэрэгч харилцааг цаашид цогцоор нь өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байна. Энэ нь манай орнуудын найрсаг ард түмнүүдийн ашиг сонирхолд нийцэж, бүс нутгийн тогтовортой болоод аюулгүй байдлыг хангахад чиглэсэн нь эргэлзээгүй юм.

Танд эрүүл энх, амжилтыг, Монгол Улсын иргэдэд хөгжил цэцэглэлтийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн, В.ПУТИН” гэжээ.



 

Д.Трамп: Монгол Улсад зорьсон бүхэндээ хүрэхэд нь өндөр амжилт хүсч байна



АНУ-ын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Доналд Трамп Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад болон Монголын ард түмэнд хандан мэндчилгээ дэвшүүлжээ.

Мэндчилгээ дэвшүүлсэн захидалд:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Долдугаар сарын 11-ний өдөр баяр наадмаа тэмдэглэж буйтай холбогдуулан Танд болон нийт монголчуудад америкийн ард түмний нэрийн өмнөөс аз жаргал хүсье.

Манай хоёр улс 1987 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш байж ирснээрээ бахархдаг бөгөөд гуч гаруй жилийн энэхүү нөхөрлөлөө өндрөөр үнэлдэг билээ. Ардчилсан засаглал, чөлөөт болон нээлттэй худалдаа, олон улсын аюулгүй, шударга тогтолцоог чандлан мөрддөг нь бидний түншлэлийн үндэс суурь бөгөөд манай орнуудын хуваалцдаг нийтлэг үнэт зүйлс болон бие биеэ харилцан хүндэтгэж ирсэн зэрэг нь хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх бат бөх үндэс суурь болж байна.

Америкийн ард түмэн болон Меланиа бид хоёрын зүгээс Монгол Улсад зорьсон бүхэндээ хүрэхэд нь өндөр амжилт хүсч байна.

Үндэсний баярын өдрөө сайхан тэмдэглээрэй.

Хүндэтгэсэн,

Доналд Трамп” гэжээ.





Бүгд Найрамдах Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон мэндчилгээ ирүүлэв

 

Захидалд:

Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан миний бие Францын ард түмний нэрийн өмнөөс танд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Ази тив дахь тусгай түнш болох Монгол Улстай харилцах харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд Франц улс ихээхэн ач холбогдол өгдөг. Манай хоёр орон хамтын ажиллагааны маань үндэс суурийг цогцлоогч олон талт харилцаа болон ардчилал, эрх зүйт төрийн үнэт зүйлсийг нэгэн адилаар чухалчилдаг билээ.

Эдийн засгийн салбарт гэхэд танай улсын хөгжилд амин чухал нилээд олон чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжууд байна. Үүнд эрчим хүч, хөдөө аж ахуй, сансар судлал, аеронавтик, эрүүл мэндийн чиглэлийг түүчээлэн дурдъя. 20 жилийн өмнөөс Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байгаа “Орано” компанийн үйлдвэрлэлийн төслүүдийг амжилттай гүйцэтгэх нь нэг талаас манай хоёр орныг нэгтгэн холбож байсан он жилүүдийн, нөгөө талаас томоохон цар хүрээ бүхий төслүүдийг хэрэгжүүлэхэд хоёр улс хамтдаа хичээн зүтгэж чадахын илэрхийлэл мөн.

Хоёр талын харилцааг хөгжүүлэхэд нэн үр ашигтай бусад олон салбар байгаагийн дотор иргэний хамгаалал, гамшгийн удирдлага, засаглалын асуудлууд, шударга ёс зэргийг би зориуд дурдмаар байна. Бидний харилцаа ард түмэн хоорондын бат бэх холбоо, соёлын солилцоогоороо баяжин гүнзгийрч байдаг.

Бид гар нийлэн дээрх бүхий л салбар  харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж чадна гэдэгт би эргэлзэхгүй байна.

Ноён Ерөнхийлөгч танд өндөр хүндэтгэлээ илэрхийлж буйг минь хүлээн авна уу” гэжээ.


Шинзо Абэ: Монгол оронд хөгжил цэцэглэлтийг мөн Монголын ард түмэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

 

Япон улсын Эзэн хаан Акихито болон Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Монголын ард түмэнд баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүлсэн захидал ирүүлжээ.

Япон улсын Эзэн хаан Эрхэмсэг ноён Акихитогийн захидалд:

Эрхэмсэг ноён Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Танд аз жаргал, сайн сайхан бүхнийг, танай ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе.

АКИХИТО” гэжээ.

Мөн Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ:

“Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэмсэг ноён Танд болон Монголын ард түмэнд хандан Япон улсын Засгийн газар болоод Японы ард түмнийг төлөөлөн чин сэтгэлээсээ баяр хүргэж буйг минь хүлээн авна уу. Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш 1 жилийн хугацаанд Эрхэмсэг ноён Та гадаад, дотоодын асуудлаар эрч хүчтэй ажиллаж байгаад тань хүндэтгэл илэрхийлье.

Өнгөрсөн оны 9 дүгээр сард Владивосток хотод Эрхэмсэг ноён Тантай уулзаж хоёр орны харилцаа болон Хойд Солонгосын асуудлаас өгсүүлээд бүс нутгийн нөхцөл байдлын талаар маш үр дүнтэй санал бодлоо солилцсон билээ.

Түүнээс хойш стратегийн түншлэлийн харилцаатай Япон, Монгол Улсын хооронд олон түвшин дэх өргөн харилцаа идэвхтэй өрнөж байгаад туйлын их баяртай байна. Хоёр орны харилцааг улам бүр өргөжүүлэхийн тулд Эрхэмсэг ноён Тантай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах хүсэлтэй байна.

Эрхэмсэг ноён Танд эрүүл энхийг, танай сайхан оронд хөгжил цэцэглэлтийг мөн Монголын ард түмэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ” гэсэн байна.

 

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин  мэндчилгээ ирүүлэв

 

Захидалд:

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө.

Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч танд болон Монголын ард түмэнд халуун мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэе.

Өнгөрсөн хугацаанд манай хоёр улс бүхий л салбарт Иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлж ирсэн бөгөөд цаашид ч ирээдүйд чиглэсэн, харилцан ашигтай харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлнэ хэмээн чин сэтгэлээсээ найдаж байна.

Энэхүү харилцаагаар дамжуулан хоёр улсын ард түмний аз жаргал, хангалуун амьдралыг дээшлүүлж иргэдийн харилцан ойлголцол хийгээд найрамдал нөхөрлөл улам гүнзгийрэн батжина гэдэгт итгэлтэй байна.

Ерөнхийлөгч таньд эрүүл энх, амжилт бүтээлийг хүсэх ялдалд Монгол Улсын үүрдийн хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе” гэжээ.
 



 



Мөн БНАСАУ, Австрали, Унгар зэрэг улс орнуудын төрийн тэргүүнүүд баяр наадмын мэндчилгээ ирүүлсэн байна.

President.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.