“Найрамдал” бол Монголчуудын бахархал


БАРИМЛЫГ ХЭЛБЭР ДҮРС НЬ, ХҮНИЙГ АЖИЛ ҮЙЛС НЬ ЧИМЭГЛЭДЭГ


Ухаантны хэлсэн ийм нэгэн мэргэн үг 40 жилийн ойг тэмдэглэж байгаа олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт гарцаагүй хамаарна даа хэмээн бодлоо. “Найрамдал” цогцолбор нэгэн цул цогц байгууламжийн хувьд зураг төслийн зохиомж, шийдэл, ур хийцээрээ уран барилгын хосгүй гайхамшигтай чуулга (архитектурный ансамбль) билээ.

Киев, Ленинград (одоогийн Санкт-Петербург)-ын зураг төслийн хүрээлэнгүүдээс уригдсан шилдэг архитекторч, инженерүүд, Монгол, Зөвлөлтийн барилгачдын хамтын оюун бодол, өндөр мэдлэг боловсрол, нарийн мэргэшил, сэтгэл шингээж, гараа гаргаж урласан энэхүү байгууламж хүүхдэд зориулсан XX зууны шилдэг барилга, байгууламжийн тоонд зүй ёсоор орох биз ээ.

Зураг төсөл зохиох болон барилга угсралтын ажлын аль алиныг цаг алдалгүй зэрэгцүүлэн хослуулж, ийм сайхан уран барилгын дурсгал бүтээж үлдээсэн орос, монгол олон зуун хүний нэр алдар, ач буяныг монгол түмэн үеийн үед мартах учиргүй. Энэ амаргүй ажлыг өдөр тутмын удирдлагаар хангаж, сайн, муугийн аль алинаар нь хэлүүлж явсан хүний нэг бол Цэдэнбал - Филатова Анастасия Ивановна.

Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр үүсэн байгуулагдсаных нь 40 жилийн ойг тохиолдуулан “Найрамдал” цогцолборыг түүний нэрэмжит болгосон явдал хүнийг ажил үйлс нь чимэглэдэгийн тод баримт мөн.

Анастасия Ивановна бол жирийн иргэнээс эхлээд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо, Сайд нарын Зөвлөлийн том дарга нарыг хүртэл монгол хүн бүрийн анхаарал, халамжийг улс, үндэстний ирээдүй болсон хүүхэд багачуудын том асуудалд хандуулан төвлөрүүлж, өөртөө байгаа бүхий л давуу тал, өргөн боломжийг нийт монголын хүүхдийн сайн сайхны тусын тулд бүрнээ зориулж чадсан чадварлаг зохион байгуулагч, манлайлагч байсныг хийж бүтээсэн үйл хэрэг нь бэлхнээ нотлон харуулж байна.

Хүүхдийн төлөө фондын Төв Комиссын даргаар ажиллаж байхдаа тэрээр хүүхдэд зориулан олон арван эмнэлэг, цэцэрлэг, яслийн комбинат, ордон, зуслангийн барилга байгууламж бүтээн босгож байсны зэрэгцээ өсвөр үеийнхний эрүүл мэндийн боловсрол, гоо сайхны мэдрэмж, оюун ухаан, бие бялдар, эх оронч үзэл, хүмүүжлийн талаар ихээхэн санаа тавьж, улс, олон улсын хэмжээний нийтийг хамарсан томоохон ажлуудыг өөрийн биеэр санаачлан зохион байгуулдаг байсныг хамт ажиллаж байсан олон хүн өнөөдөр тодхон санаж байгаа нь лавтай.
 

“ХАМГИЙН ХҮЧИРХЭГХҮМҮҮС БОЛ ШИНИЙГ ЭРЭЛХИЙЛЭГЧИД БАЙДАГ”


Бас ийм нэгэн хэлц үг “Найрамдал”-ын маань үе үеийнхэнд зохино. “Найрамдал”-ын туулж өнгөрүүлсэн дөчин жил бол шинэ, дэвшилттэй, шилдэг сайн бүхнийг эрж хайх, олж нэвтрүүлэхийн төлөө хамтдаа хичээж зүтгэсэн он жилүүд байсан. Анх 1978 оны гуравдугаар сард бидний зургаан хүн алдарт “Артек”-т очиж, туршлага судалж байсан боловч, хүүхэд нэг бүрийн сэтгэл зүрхэнд хүрч ажиллах арга барилаараа илүү шилдэг нь хэмээн тэр үеийн Комсомолын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Н.Пастуховын зөвлөснөөр ОХУ-ын хүүхдийн “Орленок” лагерийнхны хүүхдийг баг, хамт олноор нь бие даалган бүтээлчээр ажиллуулж сургадаг арга туршлагаас суралцаж, түүнийгээ “Найрамдал”-ын гэх өөрийн арга барил болгохоор бодож боловсруулж, туршиж хэрэгжүүлж байлаа.

Үүний зэрэгцээ лагерийн нутаг дэвсгэрт төрөл бүрийн мод, бут, цэцэг ургамал тарьж ургуулах, тохижуулж сайжруулах гэдэг тун амаргүй нарийн ухаан, хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр шаардсан, гэхдээ бид бүгдийг маш их зүйлд сургаж ухааруулсан ажлын нэг байсан. Энэ буянтай ажлын гол санаачлагч, манлайлан дагуулагч нь бас л өнөөх олноо “авгай” хэмээн цоллогдсон тэр үеийн тэргүүн хатагтай Анастасия Ивановна байв. Баянголын аманд зөвхөн нарс, улиангар, хус голцуу ургана. Шинэс, гацуур огт ургадаггүй. Суулгасан модоо өглөө эрт нар гарахаас өмнө, орой нар шингэсэн хойно галын машинаар зөөлхөн шүршиж услуулдаг байлаа. “Авгай” үе үе цэцэрлэгчин явуулж, зөвлөгөө өгүүлнэ, бас суперфосфат хэмээх бордоо ирүүлнэ. Өөрөө Монголд цорын ганц тод шар өнгийн “өвгөн бенз”-ээрээ байн байн давхин ирж, мод бут ургаж байгаа үгүйг нэг бүрчлэн шалгана. Ийнхүү бид дарга, цэрэггүй бүгдээрээ хичээж зүтгэж, бас хааяа “дотроо залбирч” байсны үр дүнд газар газраас шилжүүлж авчирсан “ургах дургүй, ааш муутай” гацуур, шинэс, шархуайс, хайлс, үхрийн нүд, чацаргана, голтбор гээд бүгд л сайхан нугагшиж ургасан. Өнөөдөр өндрөөс өндөр жигд сайхан ургаж, “Найрамдал”-ыг маань илүү сүр жавхлантай бол гон чимэглэж байгаа эдгээр мод, бутыг харж, “тэдэнтэй мэндлэх” бүрийдээ:

“Амьдралыг жилийн өмнөөс харъя гэвэл тариа тарь,

Арав арван жилийн дараахийг бодъё гэвэл мод суулга,

харин зуу зуун жилээр урьдчилж харахыг хүсвэл ард түмэнд боловсрол олго” хэмээх дорнын гүн ухаантны үгийг байнга эш татдаг зөвлөх Анатолий Георгиевич Зуев багшийн дуу чихэнд сонсогдож, нүдэнд харагдах мэт болдог. “Найрамдал”-д ажиллаж, амарч байсан, одоо ажиллаж, амарч байгаа, цаашид ажиллаж, амрах бүх хүн маргаашийнхаа шинэ амьдралын, зөв зүйтэй бүхний эрэлчингүүд, хамгийн хүчтэй, зоригтой хүмүүс билээ. Тэдний нэг, хүүхэд насандаа “Найрамдал”-д амарч байсан, монголын скаут, мэргэжлийн сумо бөхийн алдарт аварга, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Долгорсүрэнгийн Дагвадорж санаачилж, Анастасия Ивановна Цэдэнбал-Филатовагийн үйл хэрэгт зориулан “Энэ хүний хүүхдийн сайн сайхны төлөө хийж бүгээж явсныг “мэддэг нь санаж яваг, мэддэггүй нь мэдэж аваг хэмээн энэхүү хөшөөг бариулж байна” хэмээн омог бардам онож хэлсэн үг санаанаас ер гардаггүй юм.

Төрийн соёрхолт, ардын зураач Д.Амгалан гуайн уран санаагаар урлаж босгосон “цагаан” хаалгаар “Найрамдал”-ынхаа нутаг дэвсгэрт нэвтэрч, Халхын голын тулалдааны талбараас авчирсан хөрсний дээж бүхий их бууны бортогыг маршал Ю.Цэдэнбал, Монгол улсын баатрууд Л. Дандар, Д.Нянтайсүрэн нар хамт байршуулж, эргэн тойронд нь хоёр эгнээгээр тарьж ургуулсан шинэс, хус мод бүхий гэрэлт хөшөөний дэргэдүүр өнгөрөх бүрийд өөрийн эрхгүй сэтгэл догдолж, дөчин жилийн тэртээ гар сэтгэл нийлж, жаргал зовлонгоо хуваалцаж явсан идэр залуу насны анд нөхдөө өөрийн эрхгүй санан дурсдаг.

2018 оны долдугаар сарын 19-нд олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын 40 жилийн ой тохиож байна. Анхны пионерийн ахлах удирдагчаас эхэлж, дараа нь захирлаар томилогдон ажиллаж байсны хувьд ойд зориулсан ахмадуудын уулзалт, бүлгийн удирдагчдын концерт гээд хэд хэдэн цуврал арга хэмжээнд уригдаж оролцлоо.

“Найрамдал” цогцолборын үйл ажиллагааг улам өнгөтэй зүстэй, цаг үргэлж өөд өөд нь дэвжүүлэн авч яваа шинэ үеийн залуустаа ажлын амжилт, урам зориг хүсч, талархал илэрхийлье. “Найрамдал” цогцолбор бол монголчууд бид бүгдийн бахархал яахын аргагүй мөн.

Цаг хугацаа хэдийгээр улиран өнгөрөвч залуу насны дурсамж, хамт ажиллаж байсан анд нөхдийн маань хүүхдийн сайн сайхны төлөө урагш тэмүүлсэн эрч хүчтэй өөдрөг итгэлтэй дүр төрх үргэлж залуу сайхнаараа сэтгэлд мөнхөрч үлдэх юм даа. Хүүхдийн буян заяа бид бүгдийг ивээх болтугай.

Г.УНДРАХ
(бүлгийн удирдагч, арга зүйч)

Д.ЭНХЭЭ
(пионерийн ахлах удирдагч, захирал)

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.