Ж.Гантулга: Цахим бүртгэлийн дараа цахим элсэлт явагдаж түүврийн аргаар хүүхдүүдийг сонгоно
2018-2019 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл өнгөрсөн жилийнхтэй адил цахимаар энэ сарын 25-наас буюу маргааш эхэлж tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар бүртгэл явагдана.

Энэ жилийн цэцэрлэгийн бүртгэл хэрхэн яаж явагдах талаар, нийт хүүхдийн хэд нь цэцэрлэгт хамрагдаж чадах талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгаас тодрууллаа.

 
-Энэ жил хэчнээн хүүхэд цэцэрлэгт хамрагдах вэ?
 
-2018-2019 оны хичээлийн жил эхлээд хэдэн цэцэрлэгт хамрагдаж байна. Хэдэн хүүхэд сургуульд хамрагдаж байна гэдгийг есдүгээр сарын эхний хагаст нэгтгэж гардаг. Одоо бидэнд байгаа урьдчилсан тооцоогоор бол Нийслэлд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насны 146,000 орчим хүүхэд байгаагаас 2018-2019 оны хичээлийн жилд 114,000 хүүхдийг төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгт хамруулах боломжтой юм байна. Мөн хүүхэд харах үйлчилгээний 143 төвд 2,106 хүүхэд хамрагдах боломжтой. Тэгэхээр Нийслэлийн 100 хүүхэд тутмын 78 нь цэцэрлэгт хамрагдах боломжтой гэсэн үг юм.

-Цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 25-наас эхэлнэ. Бүртгэл яаж явагдах вэ?

-Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг цахим хэлбэрээр зохион байгуулах үйл ажиллагааг өнгөрсөн жилээс эхэлж явуулсан. Энэ жил хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Өнгөрсөн жил төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийн цахим хэлбэрээр зохион байгуулахдаа зөвхөн хоёр настай цэцэрлэгт шинээр орох хүүхдүүдийг цахим хэлбэрээр бүртгэж байсан. Харин энэ жилийн хувьд 2-5 настай буюу сургуулийн өмнөх боловсролд хамрагдах бүх насны хүүхдүүдийг цахимаар бүртгүүлнэ. Мөн өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдүүдийн бүртгэлийг баталгаажуулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулна. Үндсэндээ энэ жилээс эхлээд төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл, бүртгэл баталгаажуулах үйл ажиллагаа бүрэн цахим хэлбэрт шилжлээ.

Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх үйл явц хоёр үе шаттай хэрэгжинэ. Эхний үе шат буюу цахим бүртгэл 2018 оны долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 23-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Энэ хугацаанд tsetserleg.ulaanbaatar.mn энэ хаяг руу иргэд орж хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулж бүртгүүлэх боломжтой. Бүртгэл хаагдсаны дараа наймдугаар сарын 24-ний өглөөний 09:00 цагт цахим элсэлт явагдаж, санамсаргүй түүврийн аргаар хүүхдүүд сонгогдоно.
Таны хүүхэд цэцэрлэгт элсэн орох боломжтой болсон эсэхийг бүртгэл хийлгэхдээ оруулсан гар утасны дугаараар зурвас илгээж мэдээлнэ.

-Өмнөх жилүүдэд цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдүүд цахим бүртгэлд хамрагдаад шууд цэцэрлэгтээ элсэн орох боломжтой болж байгаа гэж ойлгож болох уу?

-Хоёр настнуудыг бүгдийг бүртгэж, 3-5 настай хүүхдийг харьяалагдах цэцэрлэгт нь орон тоо байгаа эсэхээс хамааран бүртгэнэ. Сул орон тоо гарсан тохиолдолд хүүхдээ бүртгүүлэх бөгөөд эцэг, эхчүүд системээс ороод харах боломжтой.

-Шинээр цэцэрлэгт орж байгаа хүүхдүүдийн хувьд төрсөн оноор цэцэрлэгт хамрагдах боломжтой хэрнээ сараар хамрагдах боломжгүй байдал гардаг. Үүнийг яаж зохицуулж байгаа вэ?

-2016 оны нэгдүгээр сарын 1-нээс арван хоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг хоёр настайд тооцон цахимаар бүртгэнэ. Есдүгээр сараас хойш төрсөн хүүхдүүд сараараа тооцохоор хоёр нас хүрээгүй байх учир бүртгүүлээд элсэлт нь баталгаажсан тохиолдолд хоёр нас хүрмэгцээ цэцэрлэгтээ явах боломжтой.

-Цахим бүртгэлийн үед хүүхдийн нэр хаяг өөрчлөлттэй гаргах тохиолдол цөөнгүй гардаг. Энэ үед хаягаа тодорхой болгож байгаа цахим бүртгэлд хамрагдах боломжтой юу?

-Бүртгэл tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар явагдах бөгөөд уг системд 2-5 настай бүх хүүхдийн дата мэдээллийг оруулсан байгаа. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулмагц гэрийн хаяг болон хамран сургах тойргийн харьяа цэцэрлэгийн мэдээлэл гарч ирнэ. Тиймээс иргэддээ бүртгэл хийлгэхээсээ өмнө хаягийн бүртгэлээ тодорхой болгох ёстойг анхаараарай.

-Цахимаар бүртгэлээ хийхгүй байгаа цэцэрлэг байгаа юу?

-Цахим бүртгэл хамаарахгүй цөөн тохиолдлууд байгаа. Үүнд тусгай, сувиллын, 24 цагийн, байгууллагын цэцэрлэг болон зорилтот бүлгийн хүүхдүүд багтана. Зорилтот бүлгийн хүүхдүүд шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлээд уламжлалт аргаар бүртгүүлэх ёстой.  
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-07-26 06:21:12
    Ийм арчаагүй мэдэгдэл хийн байж энэ албан тушаал эрхэлэх сайхан байдгийн байхдаа новш гэж
  • Zochin 2018-07-25 13:58:59
    Iim archaagui bh gej. Zasgiin gazar turiin tushmeduud ajilaa ulgen salgan hiidegee bolimoor yum
  • зочин  2018-07-25 03:24:12
    хэдхэн хүүхдээ цэцэрлгээр хангаж чаддаггүй мөн ч арчаагүй улс юм даа
  • Бараа 2018-07-24 15:44:21
    Түүврийн аргаар сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэг мөн азгүй хүмүүсээ бид
  • Бат 2018-07-24 02:07:45
    Багануур дүүрэгт мөн цахимаар бүргэх үү