Шинэхэн мөөгийг хүнсэндээ хэрэглэх нь олон талын ач тустай

Мөөгний эрүүл мэндэд үзүүлэх ач холбогдол

Хүнсний мөөг нь эслэг агуулсан төдийгүй шим тэжээлийн ач холбогдол өндөр ургамал бөгөөд эмийн бүтээгдэхүүн, эмчилгээ, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хийхэд түгээмэл хэрэглэдэг. Мөн дархлааг сайжруулж, цусны даралт болон халуун бууруулах, цусан дахь холестриныг багасгах, вирусын эсрэг, үрэвсэл болон хавдрын эсрэг үйлчлэл бүхий биологийн идэвхт олон бодис агуулдаг.

Монгол оронд 400 төрлийн мөөг ургадаг. Шинэхэн мөөг нь ус (84-92%), уураг (2-3%) , тос (0.4-1.7%), нүүрс ус (эслэг 0.7-2.5%) болон тос ба усанд уусдаг аминдэм, тосны ханаагүй хүчил, фосфор, кали, кальц, төмөр, зэс, хром, цайр, иод, марганец агуулсан байгалийн бүтээгдэхүүн юм. Бүх хүнсний мөөгүүд A, B1, B2, C, D, PP аминдэмийг ихээр агуулах бөгөөд эдгээр аминдэмийн агууламжаараа хүнсний ногоо, үр тарианаас их байдгийг тогтоосон байдаг.

Хатаасан мөөгөнд 20-30% орчим уураг агуулагдах учир хэмжээний хувьд махнаас дутуугүй уургийн эх үүсвэр болно. Мөөгийг сүрьеэ болон халдварт өвчин, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны саатлыг анагаахад хэрэглэж байжээ. Тухайлбал, цагаан мөөг нь дархлаа сайжруулж, эрүүлжүүлж, биеэс элдэв хорыг гадагшлуулдаг учир хатааж нөөцлөн хоолондоо байнга хэрэглэх нь таны эрүүл мэндэд тустай.  

Хүн өдөрт 100-150 грамм шинэхэн мөөг хүнсэндээ хэрэглэж байвал биеийн байдал сайжирч, хүрээлэн буй орчны сөрөг нөлөөллийг даван гарах чадварыг нэмэгдүүлдэг байна.

ХҮНСНИЙ МӨӨГНҮҮД
 

Улиангарын таахай




Энэ мөөгний малгай нь 4-20 см, зарим ховор тохиолдолд 30 см хүртэл томорч ургадаг. Улаан, улаавтар бор, ягаан өнгөтэй гөлгөр хилэнлэг гадаргатай, хүнсэнд хэрэглэдэг мөөг юм. Махлаг эд нь нягт цагаан, хагалж эмтлэхэд хөхлөг өнгөтэй дараа нь харладаг. 8-14 см орчим цагаан саарал шилбэтэй. Голдуу навчит ба шилмүүст, холимог ойн чийглэг хөрсөнд ургадаг. 6-9 дүгээр сард боловсордог. Хатаасан болон шинэхэн түүсэн үед нь эсвэл даршилсан байдлаар хүнсэнд хэрэглэдэг.
 
Тослог шар мөөг буюу Тосондой



 5-10 см өргөн хүрээ бүхий малгайтай, цагаан саарал, шар, хүрэн бор өнгийн хилэнлэг гадаргатай. Шаварлаг болон чийглэг, элсэрхэг хөрс бүхий нарсан ойд ганц нэгээрээ ба хэсэг бүлгээрээ элбэг ургадаг. 6-9 дүгээр сард болц нь гүйцдэг. Шинэсэн ойд ч ихэвчлэн дайралддаг. Махлаг эд нь зузаан шардуу, цайвар, хагалахад өнгө нь хувирдаггүй, тааламжтай үнэр, амттай. Чанах, шарах, хатаасан, цуужуулсан хэлбэрээр хүнсэнд  хэрэглэдэг.
 
Цагаан сархи




7-15 см хүрээ бүхий малгайтай, захаараа гөлгөр цагаан, зарим үед бордуу шаргал толботой байдаг. Богино цайвар бор шилбэтэй, махлаг эд нь цагаан, цул, хагалахад өнгө нь хувирахгүй, тааламжтай үнэр, амттай. 7-10 дугаар сард нарс хусан ойд ихэвчлэн тохиолддог ба хүнсэнд давсалсан байдлаар их хэрэглэдэг.
 
 
Нударган сархи




Малгай нь 4-15 см хэмжээтэй гэрэлтэй шар хүрэн өнгийн мөөг юм. Малгайн хальс нь амархан хуурдаг. Шилбэ нь 3-5 см урттай, 2-3 см өргөн зузаан байдаг. Голдуу навчит болон хус бүхий холимог ой, шилмүүст ойд 7-9 дүгээр сард боловсордог. Махлаг эд нь цагаавтар нягт, хөгшин мөөг нь шаравтар өнгөтэй, чийглэг үнэртэй. Хүнсэнд дэвтээж чанаж болгоод зөвхөн давсалсан байдлаар хэрэглэнэ.
 
Моховихи хөвдмөг мөөг

Малгай нь 5-12 см өргөн хүрээтэй шаравтар бор, ногоовтор шар болон улаавтар өнгөтэй. Махлаг эд нь цайвардуу, цайвар шар ба 7-10 дугаар сард болц нь гүйцдэг. Навчит болон шилмүүст ойд тааралддаг ба зарим тохиолдолд модны үндсэн гол ишэн дээр болон хожуул дээр 8-9 дүгээр сард урган боловсордог. Махлаг эд нь цагаан болон шардуу өнгөтэй энэ төрлийн ихэнх мөөгийг хүнсэнд чанаж, шарж, хатааж, цуужуулж хэрэглэнэ.
 
Идэшний бөөндий



Голдуу нарс, гацуур хусан ойд ургадаг. Хэд хэдэн хэлбэртэй байдаг. Малгайн өнгө нь хоорондоо адилгүй. Харин малгайн хүрээ 4-20 см, зузаан нь 2-6 см. Голдуу цайвар бор, цагаан цайвар, гялгар, хүрэн ба ягаан бор гадаргуутай. Махлаг эд нь цагаан, хагалахад өнгө нь хувирдаггүй. Шилбэ нь 4-17 см урттай, 2-5 см бүдүүн байдаг. Хатаасны дараа харлах ба 6-10 дугаар сард боловсордог. Хүсний мөөгний хамгийн дээд зэрэглэлд ордог. Уураг витаминаар баялаг ба  шулуун гэдэсний элдэв нянг эсэргүүцэх антбиотик агуулагддаг. Энэ мөөгийг чанамал, дарах, шарж хуурсан, хатаасан байдлаар хэрэглэнэ.
 
Хусандай буюу хусны таахай



Энэ мөөг голдуу хусан ойд хус модны доогуур ургадаг. Дээд малгайн хэсэн нь 2.5-20 см хүрээтэй байна. Хар саарал, хар бороос цагаан цайвардуу өнгөтэй ба махлаг эд нь цагаан, хагалахад өнгө нь хувирахгүй. 8-15 см урт, хар бордуу шилбэтэй. Хустай навчит ойд болон намгархаг хөрсөнд 6-9 дүгээр сард ургаж боловсордог. Хүнсэнд өргөн хэрэглэдэг. Лимоны хагас процентийн уусмалаар норгож хатаагаад цуужуулахад хөхөрч харладаггүй.
 
Өндгөн мөөг



Малгай нь цайвар бор, саарал эсвэл хүрэндүү өнгөтэй байна. 3-25 см хэмжээтэй тал бөмбөлөг нягт махлаг, цагаан эдтэй, гялгар гадаргатай, аятайхан үнэртэй. Шилбэ нь тэгш 10 см хүртэл урттай, 3-5 см нягт зузаантай, мөн бүслүүртэй. Ойн ялзмаг бүхий хөрс өтөг бууц, бэлчээрийн нугад ургана. Хүнсэнд дарж, шарж, хатааж, цуужуулсан байдлаар хэрэглэнэ.
 
 
Хусны онгил буюу Чага мөөг




Хусны хугарч унасан мөчрийн уг, хөлдөж хагарсан цуурхайд ургадаг. Гол ишний дагуу метр түүнээс ч илүү сунаж ургасан байдаг. Гадаргуу нь барзгар маш хатуу. Доторх эд нь хар хүрэн өнгөтэй байна. Өмхөрч муудсан модны үхмэл мөөгийг түүдэггүй. Чага мөөгийг сүхээр чавчиж авахдаа багаахан хэсгийг үлдээх ёстой. Тэр нь хэдэн жилийн дараа том хэмжээний мөөг болдог. Түүсэн мөөгөө тасалгааны температурт 3-5 хоног хатаана. Ингэж хатаасан түүхий эдийг хэдэн жил хадгалж болдог. Цай нь тасалгааны температурт 7 хоноход хөгцөрч муудахгүй. Үжил халдвар эсэргүүцэх эмчилгээнд хэрэглэнэ. Мөн хорт хавдарыг анагаах шинж чанарыг агуулдаг. Чага мөөгийг шарх, ходоод дотор эвгүйцэх болон үрэвсэх, элэгний халдварын гаралтай өвчин, хоолойны болон шүдний өвчинг намдаахад хэрэглэдэг.
 
 
Улбар сархиаг


Нарс гацуурын сархиат мөөг юм. Малгай нь 3-10 см бүхий ягаан, харавтар ягаан өнгөтэй, заримдаа ногоон толботой ч байна. 2-6 см рт, 1-2 см бүдүүн шилбэтэй ба махлаг эд нь цагаан. 6-10 дугаар сард гацуур нарсан ойд тааралддаг. Давсалж болон тосонд дарж хэрэглэдэг. Манай оронд саарал сархиат, цагаан сархиат, сарьслаг сархиат, шар сархиат, бидэрт сархиат зэрэг 30-аад зүйл сархиат мөөг байдаг.
 
Хөхрөнгүү гархимаг

Малгай нь 5-15 см диаметртэй, цагаан цайвардуу, бор шаргал, хөхдүү өнгөтэй мөөг юм. 5-10 см урт, 1.5-3 см бүдүүн зузаан шилбэтэй. Махлаг эд нь цагаан, хагалж бутлахад хөхөрдөг. Элсэрхэг хөрстэй навчит болон шилмүүст, холимог ойд 8-9 дүгээр сард боловсордог. Хүнсэнд хатаасан, чанасан, даршилсан байдлаар хэрэглэдэг.    

Б.ОД
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-07-26 07:56:08
    Идүүлэхээсээ өмнө түүхийг заавал зүгээр шиг. Мөөгөө буруу түүгээд байх юм. Дараа жил гэж юм байдаг даа.
    202.9.42.9
    Мэдэгдсэн Хариулах