Турк улсад яг юу болоод байна вэ
БНТУ-д яг юу болоод ямар үйл явдал өрнөөд байгаа нь анхаарал татаж эхлэв. Монтурк буюу Монгол Туркийн хамтарсан сургуулийн гадаад захирлыг өчигдөр хулгайлахыг завдлаа. Мөн энэ сургуулийг устгах ажиллагаа явуулж байгаа бол тул сургуулийнхан болон хүүхдүүддээ сургадаг эцэг эхчүүд эсэргүүцэж уриа лоозон барьсан байсан юм.

Тэгвэл энэ талаар Монгол-Турк сургуулийн төгсөгч бодит үнэнийг бичжээ.

Тэрбээр “Миний бие бидний хэлж заншсанаар Монтурк буюу Монгол Туркийн хамтарсан сургуулийг төгссөн. Тиймдээ ч тэр үү Турк улс, соёл надад их ойр санагддаг. Зарим нь үүнийг зөөлөн хүчний бодлогын нөлөө, тархиа угаалгасан байна гэж магад. Хүн бүрийн бодол өөртөө л зөв учир бодлыг тань би өөрчилж чадахгүй, ингэх нь ч миний зорилго биш. Харин энэ сургуулийн надад болоод зуу зуун төгсөгч, сурагчдад өгсөн өгөөжийг хэн ч хэзээ ч үгүйсгэж болохгүй юм.

Сүүлийн үед Туркт болж буй үйл явдлуудыг мэдээгээр харж, багш нарт маань тохиолдож буй харамсалтай хэргүүдийг сонсох тусам дэмий санаа зовохоос өөр зүйл хийж чадахгүй байгаадаа бухимдаж, ядаж юу гээч нь болоод байгааг чадан ядан тайлбарлая гэж бодлоо. (Мэргэжлийн хүн биш, яарч бичсэн учир ойлгоорой.)

Өнөө өглөө л гэхэд 24 жил Монголд ажиллаж, амьдарч, боловсролын салбарт хувь нэмрээ оруулсан Veysel Akcay багшийг гэрийнх нь гаднаас “ачаад” аваад явчихсан байна. Цааш нь Турк руу авч явахаар Туркийн нисэх хүчний бүртгэлтэй онгоц Буянт ухаад буучихсан хүлээж байна. Түүнийг Монголоос явахад ямар хувь заяа хүлээж байгаа талаар төсөөлж ч чадахгүй нь.

Тэгвэл яагаад энгийн нэг багшийг авч явахаар ингэж их улайрна вэ. Энэ үйл явдлыг эхнээс нь тайлбарлахын тулд Эрдоган, Гүлэн хоёрын талаар зайлшгүй ярих хэрэгтэй болно.
 
Гүлэн (Fethullah Gülen) гэж хэн бэ?
 
Фетуллах Гүлэн нь ислам шашны номлогч бөгөөд Hizmet урсгалыг үндэслэгч нэгэн. Түүний урсгал нь төвийг сахисан, орчин цагийн исламыг номлодгоороо олонд танигдсан бөгөөд Турк улсад л гэхэд түүнийг хүндэтгэн, дагадаг 3-6 сая хүн байдаг гэсэн албан бус тоо байна. Түүний Gulen movement буюу урсгал нь шашны хүлцэнгүй байдлыг номлож, боловсрол, шинжлэх ухааныг эн тэргүүнд тавихыг заадаг ба энэхүү үзэл санаан дээр үндэслэсэн Турк сургуулиуд сүүлийн 20 жилд дэлхий даяар тархан байгуулагдсан байдаг ба Монгол улсад ч мөн үйл ажиллагаа явуулдаг байсан. (Сургуулиуд 2017 оноос Германы санхүүжилттэй болсон) Харин Фетуллах Гүлэн 1999 оноос одоог хүртэл АНУ-д улсад оршин сууж байна.

Турк сургуулиуд ба Гүлэн

Дэлхийн 150 гаруй оронд Турк сургууль байдаг гэдгийг анх Туркт уралдаанд оролцохоор очихдоо л мэдсэн. Турктэй төстэй хэл, соёлтой Азербайжан, Казакстанаас эхлээд Африкийн Кенид хүртэл Турк сургуулиуд үйл ажиллагаагаа явуулдаг ба сургуулиуд нь тухайн орныхоо соёл, боловсролын системд нийцсэн зохион байгуулалттай байдаг. Монгол улсад анх 1994 онд Дархан хотод байгуулагдсан бөгөөд одоогоор Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Баян-Өлгийд 4 салбар сургууль, Элит ахлах сургуулийг оруулаад нийт 5 сургууль үйл ажиллагаагаа явуулдаг.

Олон хүмүүс Турк сургуулийг шашин номлодог, тархи угаадаг сүлжээ хэмээн хоосон харддаг. Гэтэл үнэндээ Турк сургуульд сурсан 4 жилийн хугацаанд багш нарын уулга алдахдаа хэлдэг “Allah, allah” буюу “Бурхан минь” гэхээс өөр шашны утга агуулга огтхон ч сонсож байгаагүй. Мэдээж бидний сонирхсон асуултад хариулдаг байсан ч шашиндаа оруулах гэж нэг ч удаа ятгаж, сэнхрүүлж байсангүй. Харин ч эсрэгээр шинжлэх ухааны хичээлүүдээр “бөмбөгдөж”, амрах завгүй хичээл давтуулдаг байсан.

Эрдоан (Erdogan) гэж хэн бэ?

64 настай Эрдоан (Recep Tayyip Erdoğan) нь Туркийн ерөнхийлөгч бөгөөд Шударга ёс, хөгжил намыг үүсгэн байгуулагч. Тэрбээр өмнө нь Ерөнхий сайдын албыг гурван удаа сонгогдон хашсан (2003–2014) мөн Истанбул хотын даргаар ажиллаж байсан.

Хэдхэн долоо хоногийн өмнөх Туркийн ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулсан тэрээр оюутан байх үедээ залуучуудын холбоогоор улс төрийн гараагаа эхэлсэн. Хотын дарга байх үедээ шашны үзлийг өдөөсөн хэргээр шоронд орж байсан түүнийг ерөнхий сайд байх үед Турк улсын эдийн засаг эрчимтэй хөгжсөн учир түүнийг хүчтэй дэмжигчид олноор бий болсон юм.
Эрдоан ба Гүлэн
 
(Source: https://intpolicydigest.org/)

Эрдоан, Гүлэн хоёр нэгэн цагт найрсаг харилцаатай байсныг батлах олон үйл явдлууд байдаг. Гүлэн Эрдоаны сонгуулийн кампанит ажилд дэмжлэг үзүүлж, AKP намыг нь дэмжсээр ирсэн. Гэтэл энэ харилцаа 2013 оноос эхлэн муудаж эхэлсэн бөгөөд аажимдаа өнөө цагийн хамгийн ил атлаа далд улс төрийн хэлмэгдүүлэлтийн нэг болж хувирсан юм.
 
FETO буюу Эрдоаны халуурал
 
2013 онд Истанбулын Gezi парк дээр болсон жагсаалын дараа Эрдоаныг Гүлэн шүүмжилснээс энэ бүх үйл явдал эхэлсэн гэж үздэг. Удалгүй Гүлэний дэмжигчдийн гол хэвлэл болох Zaman сонинд Эрдоаны гэр бүл, хамаатнуудын авилга, хээл хахуулийн хэргийн талаар нийтлэлүүд гарч, тэдний харилцаа бүр мөсөн муудсан гэж хэлж болно.

Эрдоан эдгээр нийтлэлүүдийг худал хэмээгээд мөн Гүлэн өөрийг нь гүтгэж төрийн эрхийг гартаа авах гэж хичээж байна гэж хариулсан.

Гүлэнийг дэмжигчид өндөр боловсролтой, чинээлэг байх нь элбэг бөгөөд тэдний дунд нөлөө бүхий бизнесмэн, сэтгүүлч, шүүгч болон төрийн албан хаагчид байсан нь Эрдоаныг улам айдаст автуулсан нь ойлгомжтой. Мөн дэлхийн олон оронд салбартай сургуулиуд нь түүний нөлөөг улам л тэлж байсан учир тэрээр өөрийн эрх мэдлийг алдахаас айсан хэрэг.

2016 онд Туркийн армийн хэсэг бүлэг хүмүүс төрийн эргэлт хийхээр завдаад бүтэлгүйтсэнийг зарим нь мэдэх байх. Уг үйл явдлыг Эрдоан өөрт маш ашигтайгаар эргүүлж, Гүлэний хийсэн террорист үйл ажиллагаа хэмээн нэрийдсэн юм. Гэтэл үүнийг нь нотлох баримт байдаггүй. Зарим олон улсын хэвлэлүүдэд Эрдоан энэхүү жүжгээ өөрөө дэглэсэн ч хэмээн бичсэн.

Эрдоан онцгой байдал зарлаж, FETO (Fethullahçı Terör Örgütü) Фетуллахын Террорист Байгууллага хэмээх нэр томьёо зохиож, үүнтэй холбоотой гэсэн хэн бүхнийг ажлаас халж, баривчилж, Гүлэний сургуулиудыг зөвхөн Туркэд биш олон орнуудад хаахыг шаардаж эхэлсэн.

Төрийн эргэлт хийхээр завдсан хэмээн хэдэн зуун мянган хүнийг хорьж, тамласан ба нарийн тоо нь одоо хүртэл тодорхой бус. Туркийн хууль зүйн яамнаас гаргасан тоогоор 50,510 хүн баривчлагдаж 169,013 хүнд ял оноосон гэсэн ч бодит байдал дээр эдгээр тоонууд илүү өндөр байх магадлалтай.

Туркэд болж буй хэлмэгдүүлэлтийн талаар мэдээлэл бүхий https://turkeypurge.com/ хуудсанд 2016 оноос хойш 170,000 гаруй хүн ажлаасаа халагдаж, 141,000 гаруй хүн саатуулагдаж, 80,000 гаруй хүн баривчлагдсан гэсэн байна.

Энэхүү ороо бусгаа, улс төрийн хэлмэгдүүлэлтийн хамгийн гол хохирогчид нь өөрийн итгэл үнэмшлээсээ болж эрх чөлөө, амь насаа алдаж буй энгийн иргэд юм. Эдний дотор багш, эрдэмтэн, хүний эрхийн төлөө тэмцэгчид, сэтгүүлч нар маш олноор багтаж байна. Эрдоан Монгол дахь Турк сургуулийн хаахаар хэдэн жилийн өмнөөс оролдож эхэлсэн бөгөөд эцэстээ хүний эрхийг ноцтой зөрчиж, ерөнхий захирал Вейсэл багшийг хулгайлахаар завдсан нь түүний ямархуу нэгэн болохыг харуулж байгаа бизээ.

Нэг хүнд хэтэрхий их эрх мэдэл төвлөрөх ямар аюултай болох талаар Туркт болж буй эдгээр үйл явдлууд бидэнд сургамж болно гэж бодож байна. Харин энэ хооронд бидэнд олон зүйлийг зааж сургасан, ачтай багш нарынхаа төлөө хий санаа зовохоос өөрийг хийж чадахгүй нь бололтой” гэж бичжээ.

О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine