Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Төрийн соёрхолт, Академич, Мэдрэлийн мэс засалч Жалелийн ХАЙРУЛЛА 2018 оны 07 сарын 31-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсчээ.
Ж.ХАЙРУЛЛА нь 60 гаруй жил хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсийн тэргүүн эгнээнд манлайлан явсан Эрүүл мэндийн салбарын анхдагчдын нэг байлаа.
Тэрээр 1930 онд Ховд аймгийн Булган суманд төрж, Жанжны нэрэмжит офицерийн сургууль, Монгол Улсын их сургуулийн хүн эмнэлгийн ангийг төгсөж, БНСЧех Улсад тархины мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн бөгөөд Ерөнхий боловсролын дунд сургуулийн тоо физикийн багш, МУИС-ийн Анагаах ухааны факультетийн багш, одоогийн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн мэс заслын багш, тэнхимийн эрхлэгч, орлогч декан, П.Н.Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, эмчилгээ эрхэлсэн орлогч, зөвлөх эмч, ЭМЯ-ны Ерөнхий мэргэжилтэн зэрэг албан тушаалыг тасралтгүй хашиж, Монгол улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, шинэ үеийн эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд өөрийн оюун ухаан, мэдлэг чадвар, хүч чадлаа харамгүй зориулсан сайн эмч, удирдагч, багш, сурган хүмүүжүүлэгч байлаа.
Эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэлийн нэг мэдрэлийн мэс заслын албыг байгуулан, хөгжүүлэхэд Ж.Хайруллагийн оруулсан хувь нэмрийг нь ард түмэн, төр засаг өндрөөр үнэлж 1991 онд Хүний гаөьяат эмч, 1993 онд Төрийн соёрхол, 2002 онд Ардын эмч, 2007 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг хүртээжээ.
Түүний анхлан байгуулалцсан Улсын 3 дугаар төв эмнэлгийн дэргэдэх Мэдрэлийн мэс заслын тасаг нь мэдрэлийн мэс заслын шинэ аргыг эмчилгээнд нэвтрүүлэх, дэвшилтэт технологийг нутагшуулах, эмч нарыг чадавхжуулах чиглэлээр гадаадын олон оронтой өргөн хүрээнд хамтран ажилладаг эрдэм шинжилгээ, судалгааны төв болон өргөжиж, ард түмэндээ ач буянаа өгсөөр байна.
Мөн тэрээр Анагаах ухааны доктор, профессор, Монголын анагаах ухааны академийн гишүүн, олон залуу эмч, мэргэжилтнийг эрдэм, судалгааны ажилд сурган чиглүүлсэн нэрт эрдэмтэн, судлаач байв.
Монголын эрүүл мэндийн салбарын нийт ажилтан, ажиллагсдын нэрийн өмнөөс түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Монголын ард түмний дунд “Мэдрэлийн мэс заслын" гэж алдаршсан эмч, багш, эрдэмтэн таны авьяас билэг, ажилч хичээнгүй, эгэл даруу зан бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
Ум сайн амгалан болтугай