Намууд нөхөн сонгуульд оролцохоо мэдэгдэж, ЗТХЯ-нд хүн амины хэрэг гарсан 7 хоног
Өнгөрч буй долоо хоногт улстөрийн хүрээнд халуухан бөгөөд харамсалтай хэрэг гарсан долоо хоног болж өнгөрлөө.
                                         
Тодруулбал, Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвших улстөрийн суудалтай намууд тодорсон бол, ЗТХЯ-ны хэлтсийн дарга нар хувийн таарамжгүй харьцаанаас болж нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарав. Мөн олон хүний амь насаар тоглож байгаа “Хурд” группийн барьж буй барилга дээрээс цэл залуухан настай 17 настай хүү краны тасарсан троссонд цохиулж харамсалтайгаар амиа алдлаа. Ингээд улирч буй 7 хоногт болсон улстөр, нийгэм, соёлын онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэе.

 
Намууд нөхөн сонгуульд оролцох батламжаа гардаж авлаа
 
Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахаар 13 намыг бүртгэж, батламж олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу өнөөдөр буюу наймдугаар сарын 10-ны өдөр эдгээр намуудад Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг батламжийн хамт гардуулж өгөв.

Батламжаа гардаж авсан намууд энэ сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 4-нийг дуустал хугацаанд нэр дэвшигчдээ тодруулах юм.

Харин бие даан нэрээ дэвшүүлэгчид наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 06-ны өдрийг дуустал нөхөн сонгууль явагдаж буй тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсэг цуглуулах ёстой ажээ.
 
ЗТХЯ-ны хэлтсийн дарга нар нэгнийхээ аминд хүрчээ
 
Засгийн газрын XIII байр буюу Зам тээврийн хөгжлийн яаманд уржигдар орой 22.00 цагийн үед хүн амины онц ноцтой хэрэг гарч олон нийтийг цочирдуулав.

Тодруулбал, тус яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Гомбосүрэнг тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал хувийн таарамжгүй харьцаанаас үүдэж амь насыг нь хөнөөсөн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.

Тэгвэл сэжигтэн Б.Махбалыг нэг сараар цагдан хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн прокурорын газраас гаргаж, хорьжээ.

Сэжигтэн нь “Яамны гадаа өөр хүмүүс хоорондоо зодолдож дуусч байхад би талийгаачийг босооч хэмээн өшиглөсөн” гэж мэдүүлжээ. Түүнчлэн өөр эх сурвалжийн мэдээлснээр тухайн үед архидан согтуурч байсан нөхөд яамныхаа үүдэнд гарч хоорондоо зодолджээ. Энэ үеэр сэжигтэн хамгийн сүүлд талийгаачийн биед халдсан гэнэ. Одоогоор хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна. 

Харин энэхүү хэрэгтэй холбогдуулан салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ огцрох өргөдлөө өглөө гэсэн нь ташаа мэдээлэл ажээ.

Тэрбээр өчигдөр талийгаачийн гэрт очиж эмгэнэл илэрхийлж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлжээ.
 
Хурд группийн барилга дээрээс хүн унаж нас барав
 
Сүүлийн хэдэн жил олон хүний амиар наадаж байгаа “Хурд” группийн барьж байсан “Хүннү” хороололын барилгын талбай дээр 17 настай хүү харамсалтайгаар амиа алдав. Талийгаач хүүгийн хувьд барилга дээр ажиллаад 15 хан хонож байгаад ийнхүү золгүй байдлаар амиа алдлаа. Тодруулбал, краны тросс тасарч хүүгийн толгойг бяц цохиж, газар дээрээ амиа алдсан гэх. Талийгаач хүү эцэг эхээсээ хоёулахнаа бөгөөд дээрээ нэг ахтай. Энэ жил коллежид суралцах байсан ба сургалтын төлбөрөө олохоор ажиллаж байсан гэдгийг ар гэрийнхэн нь хэлсэн юм. Олон хүний амь насаараа наадаж байгаа дээрх группийнхэн энэхүү хэргийг хааж, нуун далдлахыг оролджээ.
 
Сургууль, цэцэрлэгийн засварын ажилтай танилцав
 
Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнгөрсөн долоо хоногт сургууль цэцэрлэгүүдийн засварын ажилтай танилцаж, үүрэг чиглэл өгчээ. Тухайлбал, БЗД-ийн 68 дугаар сургуулийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажилтай, БЗД-т баригдаж буй 280 хүүхдийн ортой 146 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажилтай, ХУД-ийн 60 дугаар сургуулийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилтай, СХД-ийн 25 дугаар хороонд баригдаж буй 640 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилгын явцтай, СБД-ийн 51 дүгээр цэцэрлэгийн барилгыг дулаалах явцтай, ЧД-ийн 14 хороо бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын газар чөлөөлөлтийн явцтай, тус дүүргийн 19 цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын явцтай танилцсан юм.

Ингээд дээрх сургуулт, цэцэрлэгийн засварын ажлыг ирэх есдүгээр сарын 01 гэхэд бүх сургууль, цэцэрлэгийн засвар, тохижилтын ажил дууссан байхыг үүрэгдэв.
 
Д.Муратыг шүүх цагаатгав

УИХ-ын гишүүн Д.Муратыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагаатгав.

Түүнийг Эрүүгийн хуулийн 11.6.1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” хэмээн буруутган яллагдагчаар татсан юм. Энэ хэргийг мэдэж байсан атлаа худал мэдүүлэг өгсөн хэмээн түүний туслах М.Елузагийг Эрүүгийн хуулийн 21.2.1 дэх хэсгийн “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” хэмээн бас буруутган прокурор яллах дүгнэлт үйлдсэн байсан.

Ийнхүү анхан шатны шүүхийн Тамгын газраас “Д.Мурат М.Елузаг нарт холбогдуулан НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгчдийг цагаатгаж, хохирогч Д.Бахытгүлийн нэхэмжилсэн 6 539 876 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” хэмээн мэдээлсэн юм.

Энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн хохирогч Б.Бахытгүл “Д.Мураттай хэзээ ч тохиролцохгүй, бууж өгөхгүй, дараагийн шатны шүүхэд гомдол гаргана” гэдгээ мэдэгдсэн билээ.
 
Дэлхийн дээврийг эзэлсэн дайчин бүсгүй Б.Гангаамаад хүндэтгэл үзүүлэв
 
Дэлхийн дээврийг эзэлж, үхлийн уул хэмээх К2 ууланд амжилттай гарч, Монголынхоо алтан соёмбот далбаагаа мандуулж, эх орныхоо нэрийг гаргасан, эрэлхэг дайчин бүсгүй гавьяат тамирчин Б.Гангаамаа эх орондоо өнгөрсөн долоо хоногт ирсэн билээ. Тэрбээр өнгөрч буй долоо хоногт дээрх ууланд авирсан авиралтынхаа талаар мэдээлэл хийсэн бол түүний дараа салбарын сайд Ц.Цогзолмаа нь хүлээн авч хүндэтгэл үзүүлж, баяр хүргэжээ.

Салбарын сайд нь уулын төдийгүй бүх спортыг бодлогын түвшинд дэмжихээ уулзалтын үеэр мэдэгдлээ.  

Гавьяат тамирчин К2 уул дэлхийн хамгийн хүнд 10 авиралтын нэгдүгээрт ордог учраас авирахад хүнд байсан ч гэлээ амжилттай дуусгаж, К2 уулын оргилд  Монголынхоо далбааг мандуулсанд баяртай байгаагаа уулзалтын үеэр хэлжээ.

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.