М.Баттүвшин: 120 гаруй иргэнийг эмнэлэгт үзүүлсэн
Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 286 дугаартай галт тэрэгний хоёр зүтгүүр, зорчигчийн гурав, тээшийн нэг галт тэрэг замын хажуу руу унасан ноцтой осол гарсан билээ.

Ослын улмаас олон хүн бэртэж гэмтсэн талаар мэдээлсэн. Тэгвэл вагоны ослын улмаас гэмтсэн хүмүүсийн биеийн байдал ямар байгаа талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин дараах мэдээллийг өглөө. 
 
Тэрбээр “Вагон осолдсоны улмаас гэмтэж бэртсэн иргэдэд Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумын эмч нар болон Төмөр замын эмч ажилчид газар дээр нь очиж ажиллан анхан шатны тусламж үзүүлсэн. Нийт 120 гаруй иргэнийг хоёрдугаар шатлалын эмнэлэгт аваачин, оношлогоо хийх шаардлагатай байна гэж үзсэн учир Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн.
 
Энэ үеэр хоёр хүний биеийн байдал хүнд байгаа тухай мэдээллийг бидэнд ирүүлсэн. Тодруулбал, тархины гэмтэлтэй 57 настай эмэгтэйг нийслэл рүү шилжүүлсэн. Түүнчлэн 48 настай эмэгтэй иргэний хавирга хугарч, уушги гэмтсэн байдалтай байсан учир гуурс тавьснаар амин үзүүлэлт сайжирсан байна. Үүний дараа ГССҮТ-өөс долоон хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг очин ажиллаж, хагалгаа хийсэн юм. Тухайн иргэний элэг задарч, өрц урагдсан, зүүн талын хавирга хугарч, цээжний хөндийд хий хуралдсан байдалтай байжээ.
 
Мөн эмч нар тархины гэмтэлтэй, аарцагны ясны хугаралтай байж болзошгүй гэсэн мэдээллийг өгсөн. Биеийн байдлыг нь тогтворжуулсны дараа нийслэлд ирүүлж, нэмэлт шинжилгээ хийх шаардлагатай байгаа. Одоогийн байдлаар Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

Бусад хүмүүсийн хувьд тархи доргилттой, зөөлөн эдийн гэмтэлтэй байсан учир эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж үзэж, гэрт нь буцаасан. Хөнгөн гэмтэлтэй иргэдийн дунд гурван жирэмсэн эмэгтэй байсан. Тэдгээр эмэгтэйчүүдийг холбогдох харьяаны эмч нарын хяналтад байлгаж байна” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.