Ц.Шижир: 52 байршилд 160 мянган иргэн газар өмчлөх боломжтой байгаа
Нийслэлд энэ жилээс эхлэн гэр бүлийн зориулалтаар 52 байршилд шинээр газар өмчлүүлэхээр болсон. Газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд иргэдийн өргөдлийг цахим хэлбэрээр хүлээж авдаг шинэ системийг нэвтрүүлнэ гэж холбогдох байгууллагууд шийдвэрлээд байгаа. Газар өмчлөх хүсэлтэй иргэдийг онлайнаар бүртгэх ажилтай холбогдуулан Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижиртэй ярилцлаа.

-Иргэдэд газар өмчлүүлэх ажил зарласан хугацаанаас хойшлоод байх юм. Ямар шалтгаан байна вэ?

-Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор 52 байршилд нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэхээр өнгөрсөн онд баталсан. Үүнтэй холбогдуулан шаардлагатай хэд хэдэн ажлыг хийж байгаа. Тухайлбал, энэ жилийн хувьд газар өмчлөх хүсэлтэй иргэдийн өргөдлийг цахим хэлбэрээр авахаар болсон. Газар өмчлөлийн цахим системийг ашиглан газар өмчлөх боломжтой иргэдийн сонгон шалгаруулалтыг хийх юм. Тийм учраас энэхүү цахим системийг цогцоор нь боловсруулах шаардлагатай байгаа. Одоогоор энэ ажил дууссан гэж ойлгож болно. Харин 52 байршилд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийх ажил чухал байна. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө бэлэн болоод манайд эцсийн байдлаар ирсний дараа газар өмчлөлийн ажил эхэлнэ. Төлөвлөлтөө үндэслэн газар өмчлөх ажлыг эхлүүлнэ гэсэн үг. Энэ төлөвлөгөө хараахан бэлэн болоогүй байгаа учраас хойшлогдсон гэж ойлгож болно.

-Газар өмчлөх хүсэлтэй иргэдэд тодорхой шаардлага тавьж байгаа гэсэн. Энэ талаар?
-Хамгийн түрүүнд нийслэлийн иргэн байх. Ингэхдээ өнгөрсөн оны тавдугаар сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлийн иргэн болсон байх шаардлагатай юм. Мөн тухайн иргэн өөрөө болон хамтарсан хэлбэрээр өмнө нь газар өмчилж байгаагүй байх ёстой. Гурав дахь шаардлага нь орон нутагт газар өмчилж байгаагүй буюу орон нутагт газар авах зорилгоор нийслэлээс "Нийслэлд газар өмчилж байгаагүй" гэсэн тодорхойлолт аваагүй байх хэрэгтэй. Хэрвээ ийм тодорхойлолт авч байсан бол газар өмчлөлийн бүртгэлийн программд нэвтрэх боломжгүй болно. Автоматаар бүртгэхгүй гэсэн үг. Ийм лавлагаа авсан иргэд орон нутагт газар өмчилсөн байх магадлалтай учир тухайн иргэний мэдээллийг программдаа суулгаж байгаа. Дээр дурьдсан шалгуурыг хангаж байгаа иргэд өргөдлөө гаргах боломжтой юм.

Өмчийн харилцааны газрын цахим хуудсанд өргөдлөө өгч болно. Ингэхдээ газар өмчилж авах хүсэлтэй байгаа иргэд газрын байршлаа өөрөө сонгоно. Улмаар сонгосон байршлыг дарахад ерөнхий схем зураг, мэдээлэл болон тухайн байршилд хэдэн хүн газар өмчилж авахаар бүртгүүлсэн зэрэг мэдээлэл гарах юм. Мөн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг ч харагдана. Ингээд иргэн өргөдлөө бөглөөд илгээхээр тухайн иргэний гap утсанд юм уу и-мэйл хаягаар өргөдлийн баталгаажуулалтын код очих юм. Газар өмчлөлийн цахим систем бүх үүрэн телефоны оператортой холбогдсон байгаа. Харин иргэд баталгаажуулалтын кодыг ашиглан өргөдлөө баталгаажуулна.

-Иргэдийн хүсэлтийг хэзээнээс онлайнаар хүлээж авах вэ?
-Үүнийг нарийн тодорхой хэлэх боломжгүй байна. Учир нь дараалсан олон шат дамжлагатай ажлууд хийгдэж байгаа. Юутай ч ирэх сараас бүртгэж эхлэх байх.

-Газар өмчлөх эрхтэй болсон иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?
-Тухайн иргэн цахим үнэмлэх, өргөдлөө гаргасан байхад болно.

-Газаргүйгээс айлын хаяа бараадсан, айлын хашаанд амьдардаг иргэдэд илүү давуу ямар нэг боломж олгож байна уу?

-Нийслэлийн 7 дүүргийн 52 байршилд газар олгох асуудлын эхэнд тавигдаж байгаа зүйл бол энэ. Нийслэлд оршин суудаг атлаа өөрсдийн газаргүй байгаа иргэдэд шинээр газар олгох шаардлагатай байгаа. Тиймээс газар эзэмшээгүй иргэдэд олгох ажлыг юуны түрүүн хийнэ гэсэн бодлого барьж байгаа.

-Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор иргэн бүр газар өмчлөх эрхтэй болсон. Одоогийн байд¬лаар нийслэлд хэдэн хүн гэр бү¬лийн зориулалтаар газраа өмчилж авсан байдаг вэ?

-Хуульд өөрчлөлт орсноор газар өмчлөх хүний тоо нэмэгдсэн л дээ. Өнгөрсөн хугацаанд 100 мянга гаруй иргэн газраа өмчилж авсан. Харин НИТХ-аас тогтоосон 52 байршил бол олон хүнийг үл хөдлөх хөрөнгөтэй болох газар. Гэхдээ иргэд заавал хотод гэхгүй хөдөө орон нутагт ч газар өмчилж болно шүү дээ.

-Энэ хавраас гэр хорооллыг дахин төлөвлөх ажил эрчимжинэ. Гэтэл гэр хорооллыг дахин төлөвлөлт газар өмчлүүлэх ажилтай зөрчилдөх юм биш үү?

-Газрын тухай хуульд иргэн бүрт газар өмчлүүлнэ гэж заасан. Тэр хүн газраа өмчилж авснаар худалдах, бэлэглэх буюу захиран зарцуулах эрхтэй болж байна гэсэн үг. Нэг ёсондоо үл хөдлөх өмчтэй болсон тухайн хүний газар дахин төлөвлөлтөд багтсан бол тухайн гүйцэтгэгч компанийнхантай нөхцөлөө тохирч амьдарч буй орчноо өөрчлөх боломж олдож байна. Энэ утгаар нь л харах хэрэгтэй. Хэрвээ газраа өмчилж авчихсан байгаад дахин төлөвлөлтөд тухайн газар нь багтаж худалдан борлуулахаар болсон бол тэр газрыг өмчлөгч 52 байршилд газар өмчлөх эрхгүй болсон гэсэн үг.

-Зуслангийн газрыг өмчлөх тухай олон жил яригдаж байгаа. Хүлээлт үүсгэсэн зуслангийн газрыг өмчлүүлэх ажил хэзээ эхлэх вэ?
-Өнгөрсөн жил Засаг даргын дэргэдэх мэргэжлийн агентлагууд, дүүргийн газрын алба хамтран Зуслангийн товчоо байгуулсан. Ямар ч гэсэн ерөнхий төлөвлөгөө хийсэн газруудад зуслангийн газрыг өмчлүүлнэ. Энэ нь ямар нэг зөрчилгүй гэсэн үг. Нэг ёсондоо, судалгааны үндсэн дээр өмчлүүлэх юм. Эхний ээлжинд Ус болон Ойн тухай хууль зөрчин байшин барьсан айлуудын судалгааг гаргасан байгаа.

-Судалгаагаар ямар үр дүн гарав?
-Өмчлүүлэх газар бага байна гэж харагдсан. Яагаад гэвэл, ихэнх нь байгаль орчны хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, Усны болон Ойн тухай хууль зөрчин ойрхон байшин барилгаа барьсан нь их байсан. Нөгөөтэйгүүр, социалист нийгмийн үед байгууллага бүрт барьж өгсөн зуслангийн газарт айлууд дураараа байшингаа барьснаас хоорондынх нь зай алдагдан хүн эмнэлэг, гал унтраах машин орох нь байтугай явган хүн гарах зайгүй шигүү болсон шүү дээ. Тиймээс зуслангийн 26 амны хэсэгчилсэн төлөвлөгөө гарсны дараа өмчлүүлэх байх.

-Газар өмчлөх онлайнаар гаргах хүсэлтийг гадаадад байгаа иргэд өгч газар өмчилж болох уу?
-2008 онд анх Газрын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ хуулиар Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй гэж заасан.Тиймээс гадаадад байгаа иргэд онлайнаар хүсэлт илгээж болно.

-Газар өмчлөх эрхтэй болсноо хэрхэн мэдэх юм бэ?

-Өргөдлөө гаргасан иргэнд 15-30 хоногийн дотор хариу илгээнэ. Хариу нь эрхтэй боллоо, эсвэл болсонгүй гэдэг л үг байна. Хэрвээ газар өмчлөх эрхтэй болсон бол тухайн дүүргийнхээ харьяа Өмчийн харилцаа, газрын албанд материалаа бүрдүүлэн өгнө. Гэхдээ сонгосон байршилдаа газар өмчлөх эрх авч чадаагүй иргэд өргөдөл баталгаажуулалтын кодыг ашиглан дахин өөр өөр байршилд, бүх 52 байршилд ч хүсэлт гаргаж болно.

-52 байршилд газар өмчлүүлснээр хэдэн иргэн газартай болох бол?
-160 мянган орчим иргэнд өмчлүүлнэ гэсэн урьдчилсан тооцоо бий ч хэсэгчилсэн төлөвлөгөө гарсны дараа нарийн тоо нь гарна.

С.Саранзаяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus