ЗТХЯ-ныханд хариуцлага тооцож, томилгоо хийсэн долоо хоног
Улирч буй долоо хоногт ЗТХЯ-тай холбоотой мэдээлэл олон гарав.

Тухайлбал, өнгөрөн ням гарагийн үүрээр Улаанбаатараас Сайншандыг чиглэж явсан суудлын галт тэрэгний осол, мөн ЗТХЯ-нд гарсан хүн амины хэргээс болж, ЗТХЯ-ны удирдлагууд болон газрын дарга нар бүгд ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Мөн тус салбарын дэд сайд болон Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг томилсон гээд онцлох үйл явдлууд ар араасаа хөвөрсөн долоо хоног байлаа.

Мөн Ерөнхийлөгч Япон улсад суух Элчин сайдад итгэмжлэх жуух бичиг гардуулсан бол Төрийн албаны зөвлөлийн даргыг ажлаас нь чөлөөлөх албан бичгийг илгээсэн нь яах аргагүй анхаарал татаж байв.

Түүнчлэн “бандааш” хочит Д.Гантулгатай холбоотой шүүх хурал долоо хоногоор хойшлов. Ингээд онцлох үйл явдлыг тоймлов.
 
ЗТХЯ-ны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

ЗТХЯ-ны газрын дарга нар архидан согтуурч байгаад нэг даргынхаа аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, Тус яамны Төрийн захиргааны газрын дарга Б.Махбал нь согтуурсан үедээ Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-гийн амийг онц хэрцгий аргаар хөнөөв.

Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллагдагчаар татаж, нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан байдаг. Тэрбээр өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна. 

Уг хэрэгтэй холбогдуулан ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, ТНБД Ж.Бат-Эрдэнэ болон газрын дарга нарыг нь үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргаж, хэрэгжүүлэв.
 
Төрийн тусгай албаны удирдлагуудад хариуцлага тооцов

Дээрх харамсалтай хэрэгтэй холбогдуулан ТЕГ-ын даргын тушаалаар Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч, хамгаалалтын хэлтсийн дарга дэд хурандаа Г.Баярмагнайг ажлаас нь чөлөөлөв.

Мөн орлогч дарга Д.Батбаатарын хамгаалалтын нэмэгдэл хасах, хошууч З.Ууганбаярт сануулах арга хэмжээ авах, ахлах ахлагч Л.Түмэнжаргалын цалингийн 20 хувийг гурван сарын хугацаанд хасах сахилгын шийтгэл ногдуулсан байгаа юм.
 
ЗТХ-ийн дэд сайдаар Л.Халтарыг, ТНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр Р.Мэргэнийг томиллоо


ЗТХЯ-ны удирдлагуудыг чөлөөлсөнтэй холбогдуулан томилгоо хийсэн юм. Тодруулбал, өнгөрсөн мягмар гарагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ЗТХЯ-ны дэд сайдын томилгоог хэлэлцжээ.

Ингэхдээ салбартаа 25 жил ажилласан, мэргэжлийн хүнийг томилох шаардлагатай хэмээн үзэж, УБТЗ-ын орлогч Л.Халтарыг ЗТХ-ийн дэд сайдад нэр дэвшүүлсэн байдаг. Үүнийг өнгөрсөн лхагва гарагт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар дэмжин баталсан юм. 

Мөн ЗТХЯ нэгдсэн удирдлага, зохион байгуулалтгүй болж, ажил цалгардах, эзэнгүйдэхээс сэргийлэн тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Р.Мэргэнийг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг хариуцагчаар томилсон билээ. 

Харин ЗТХ-ийн сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг заавал УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж байж чөлөөлөх учир сайдыг түр орлон гүйцэтгэгчээр Шадар сайд Ө.Энхтүвшинг томилов.

 
ЗГХЭГ-аас яамдуудад шалгалт хийж байна 


ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын тушаалаар өнгөрсөн мягмар гаригаас эхлэн яамд, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газруудад ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнгээр ахлуулсан шалгалтын ажлын хэсэг ажиллаж байна.

Шалгалтаар хууль, тогтоомж зөрчсөн, зөрчил, дутагдал гаргасан, ажлаа цалгардуулсан, авилга, хээл хахуулийн хэрэгт холбогдсон, хүнд суртал гаргасан, ажлын байран дээр архидан согтуурсан албан тушаалтантай хариуцлага тооцож, ажилласан эсэхийг дүгнэж, засгийн газрын албан даалгаврыг хэрэгжүүлэх талаар яамдын гаргасан төлөвлөгөө түүний биелэлтийн явцыг хянах юм.

 
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоог чөлөөлөх албан бичиг илгээв


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Төрийн албаны зөвлөлийн даргад хариуцлага тооцох тухай албан бичиг илгээлээ.

Албан бичигт дурдсанаар
 
Төрийн албаны зөвлөл хуульд заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлэхгүй, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоог Зөвлөлийн үйл ажиллагааг зангидаж, удирдаж ажиллаж чадахгүй байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн албаны зөвлөлийн даргад ёс зүйн хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь чөлөөлөх саналаа хүргүүлж байгаа юм.
 
Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуульд зааснаар “…төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтанд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулахтай холбогдсон зөвлөгөө өгөх, арга зүйгээр хангах…” зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг.
 
Иймд Төрийн албаны зөвлөл хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд яам, агентлагийн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг томилоход төрийн албаны тухай хууль тогтоомжийг мөрдөж ажиллахгүй байгаа зөрчлийг арилгах, хууль, хяналтын байгууллагад шилжүүлэх, тодорхой арга хэмжээ авахуулах, төрийн жинхэнэ албаны болон удирдах ажилтны томилгоог хуульд нийцүүлэх, шатлан дэвших зарчмыг хэрэгжүүлж ажиллаж чадахгүй байгаагаас улс төржилт туйлдаа хүрч, бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албан хаагчдыг хоморголон халах үзэгдэл, хууль бус томилгоо хавтгайрч, төрийн албанд ёс зүйгүй, сахилга, хариуцлагагүй байдал ноёлж, иргэд туйлын их бухимдалтай болсон гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байна.
 
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод илгээсэн албан бичигтээ, Төрийн албан тушаалыг үнэлж, наймаалсан “60 тэрбумын” гэх хэргийг гацааж шийдвэрлэхгүй, авлигатай тэмцэх үүргээ биелүүлэхгүй байгаа албан тушаалтнууддаа хариуцлага тооцож чадахгүй байгаа нь төрийн албаны ёс зүй, сахилга, хариуцлагагүй байдлыг улам гааруулж, хамгийн сүүлд төрийн удирдах албан тушаалтнууд ажлын байран дээрээ архидан согтуурч, нэгнийгээ хөнөөсөн аймшигт хэрэг гарсан талаар онцлон дурдав.
 

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг шүүх хурал хойшиллоо

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал өнгөрсөн баасан гаригт товлогдсон ч ирэх баасан гариг хүртэл хойшлогдсон. Учир нь уг хэргийн хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магадлагаа ирүүлж, хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байна.

Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авснаар ийнхүү хойшилсон юм.  

Д.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж буй. Тус зүйл ангид хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ. 

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2018-08-19 14:34:22
    Баттулгын хамгаалагч байсан гэж үнэн үү муу новш хэдэн хүүхэд өнчрүүлээд алвал таарна
    64.119.25.112
    Мэдэгдсэн Хариулах