Э.Бэхбаяр Азийн наадмын аварга болов

“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр/08.19/ эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн барилдаан болж, манай таван бөх зодоглосноос хоёр нь медаль хүртэв.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр Монголын баг тамирчдын салхийг алтан медалиар хагалж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүллээ.

Түүний хувьд  тэгшитгэлд Тажикистаны Хикматулло Вохидовыг 7:0-ээр, 1/8 шигшээд БНСУ-ын Ким Сун Гвоныг цэвэр, шөвгийн наймд Узбекистаны Махмуджан Шавкатовыг 5:4-өөр, хагас шигшээд Ираны Реза Атри нарыг тус тус ялсан. Улмаар алтан медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Азийн аварга БНАСАУ-ын 20 настай Кан Кум Соныг 8:2-оор ялж, Азийн наадмын аварга болов. Ингэснээр тэрбээр Азийн наадамд түрүүлсэн Монгол Улсын 20, чөлөөт бөхийн төрлөөр 11 дэх тамирчин болж байна.

Мөн манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд ОУХМ Оргодолын Үйтүмэн таван барилдаан хийж, хүрэл медаль хүртлээ. 

Тэрбээр тэгшитгэлд БНХАУ-ын Би Шенфенг, 1/8 шигшээд Туркменистаны Азат Гажиев нарыг тус бүр цэвэр, шөвгийн наймд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга Узбекистаны Рашид Курбановыг 6:2-оор ялсан ч хагас шигшээд олимп, дэлхийн аварга Ираны Хассан Язданид оноогоор (2:12) цэвэр ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Паван Кумарыг 8:1-ээр ялснаар шагналын тавцанд зогссон юм.


Б.Од

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.