Н.Мөнхцэцэг: Хурд группийнхэн огт холбоо бариагүй, биднээс уучлалт гуйгаагүй
 Эрүүл саруул төрүүлж өсгөсөн хүүгээ цаг бусаар буюу золгүй байдлаар алдсан эх үнэний төлөө явна даа” гэж хоолой зангируулж, хоёр нулимсаа арчиж сууна.

Гал голомтоо залгах отгон хүүгээ барилгын ослоор алдсан ээж галзуурах шахам, дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу санагдаж, гаравч оровч хүүгээ харуулдаж, ороод ирэх юм шиг санаж одоо ч энэ эмгэнэлт байдалтай эвлэрч, хүлээн зөвшөөрч чадахгүй байна гэх.

Одоогоос 10 гаруй хоногийн өмнө “Хурд” группийн туслан гүйцэтгэгч барилгын “Түмэндэлгэр далай” компанид туслах ажилчин хийж байсан 17 настай хүү өргөгч цамхгийн ган татлагад цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Энэ хэрэг “Хурд” группийн барилгын талбайд туслан гүйцэтгэгч компанийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэдэг. Гэвч ажил олгогч компани тэр дундаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн нэр хүндэд муухай халдаж байгаа тул уучлал гуйж байна хэмээн хэсэг барилгын компанийн төлөөлөл хэвлэлийн хурал хийж, ичгэвтэр байдлаар уучлалт гуйсан. Тэдэнд ичих нүүр, эмзэглэх сэтгэл байгаагүй юм. Бүхэл бүтэн хүний амь хохироосон тэд талийгаач хүүгийн ар гэрийнхэн, аав ээжээс нь ингэж уучлалт гуйсангүй. Уучлалт гуйгаачгүй гэдгийг ч талийгаач хүүгийн ээж хоолой зангируулан ярьсан юм.

Мөн гадуур янз бүрийн буруу ташаа мэдээлэл яваад байгаа учраас олон нийтэд зөв мэдээлэл ойлголт өгөх үүднээс хүүгээ алдсан ээж манай сайтад ярилцлага өгсөн юм.



Ингээд талийгаач хүүгийн ээж Н.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

-Танай гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлье. Үнэхээр харамсалтай зүйл боллоо?

-Ухаан санаа орж гараад, хэд хоног дэн дун л байлаа. Гэхдээ үрээ алдсан эх хүн ямар олигтой байх вэ дээ, өдөржин л хүүгийнхээ зургийг тэвэрч уйлж өнждөг юм. Ийм аймшигтай, харамсмаар зүйл болсонд нэг л итгэж өгөхгүй байна.

Хүүгийн минь ажиллаж байсан компанийн удирдлага хэд хэдэн байгууллагынхантай хамтарч, мэдээлэл хийснийг анхаарч сонссон. Тэд “Хурд” группийн тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээс олон нийтийн өмнө уучлал гуйжээ. Ингэхдээ олон нийтэд ташаа мэдээлэл өгсөнд үнэхээр гомдож байна. Нийгэмд өгч буй анхны мэдээллээрээ буруу сэтгэгдэл төрүүлж байгаа юм чинь цаашид яах бол гэсэн эмзэглэл бас төрүүллээ. Яасан хүн чанаргүй хүмүүс бэ. Хэвлэлээр тэгж уучлалт гуйхын оронд элэг нь эмтэрсэн уй гашууд автсан аав ээжээс нь ирж уучлалт гуйгаач.

-Талийгаач хүүг ажилд гарахад нь хамгаалалтын хувцас өмсгөөгүй гэж яриад байгаа. Яагаад ажилд гарахад нь хяналт тавьж гаргах ёстой биз дээ?

-Цэвэр хөдөлмөр хамгаалалтын буруу байгаа юм. Аюулгүй байдлыг нь анхнаасаа хангасан байсан бол миний хүү өнөөдөр амьд байх байсан. Тэр хяналт тавьдаг инженерүүд нь хаана байсан юм бэ.

Миний хүү надаас өндөр, 180 см өндөртэй хүү. Бие хаа нь эрүүл саруул. Би хүүхдүүддээ эрүүл саруул байлгаж байгаа юм чинь үхэл надаас хол байгаа л гэж ойлгодог байсан. Ухаан санаа сэргэлэн, өөрийнхөө аюулгүй байдлыг хамгаалж чаддаг хүү. Тиймээс өөрт тохиолдсон уй гашууг бусдад амсуулахгүйн тулд би ярилцлага өгч байна.

Хүүхдийн төлөө ажилладаг байгууллага өчнөөн байдаг гэх. Тэд яг юу хийдэг юм бэ. Бараг өдөр тутам хүүхэд эндэх боллоо. Хариуцлага, хяналтаа сайжруулах цаг болоогүй юм уу. Осолд орохоор л талийгаачийг буруутгаж боломгүй. Хүүд минь зааж өгсөн, үгүй дээ хамгаалалтын малгай өмсүүлсэн бол амьд байх байлаа. Миний хүүд хамгаалалтын хувцас өгөөгүй шүү дээ. Дээр нь миний хүү хувцсаа байнга алддаг байсан гэдэг.

-Шүүх шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарсан уу?

-Шинжилгээний хариу ямар гарсан, юунаас болсон талаар бидэнд мэдэгдээгүй байгаа. Цагдаагийн газраас хэлэхэд бүтэн сар энэ асуудлаар явах байх шүү гэж хэлсэн. Бид нарын зүгээс цагдаа болон шүүх прокурорын байгууллага нь энэ хэргийг үнэн шударга шүүж өгөөсөй л гэж хүснэ. 

Хүмүүс бид хоёрт янз бүрийн юм дуулгах юм “Танай энэ хэрэг хаагдана. Хурд групп том компани болохоор хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг худалдаад авчихсан байгаа. Олон жил гарсан осол аваараа нуугаад сурчихсан. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гэж хүн нэр төрөө хамгаалж, хамаг муу муухай юмаа хааж нуудаг” гэх мэт янз бүрийн мэдээлэл ирж байна.

Гэхдээ хамгийн гол энэ хэргийг шүүх цагдаагийн байгууллага хэн нэгний талд орох биш хэргийг үнэн зөвөөр шийдээсэй гэж чимээгүй байтал зурагтаар янз бүрийн мэдээлэл гарч миний зүрх сэтгэлийг шимшрүүлээд хэцүү байна.

-Дээрх туслан гүйцэтгэгч компанийн удирдлагууд та бүхэнтэй уулзаж энэ харамсалтай ослын талаар хэлэхдээ юу гэж хэлсэн бэ. Өөрсдийнхөө бурууг хүлээн зөвшөөрсөн үү?

-Компанийн хүмүүс нь олон нийтэд ойлгуулахдаа тэдний даалгасан үүрэгт ажлыг хүү минь хийж яваад л эзэнгүй кран дээрээс нь уначихсан мэт ойлголтыг өгөөд, нэг бол тэнэмэл хүүхэд кран дээр гарч гүйж яваад троссонд цохигдсон юм шиг хачин зүйл ярих гээд ч байгаа юмуу. Эсвэл оосор бүч нь тасраад өөрөө ойчихсон юмаа ч гэх шиг. Нэг ёсондоо үхсэн хүүг минь буруутгах гээд байгаа нь онцгүй санагдаад байгаа юм. Хүүгээ зөв, буруу явсныг ээж нь мэдэж ялгалгүй яах вэ дээ.

Компанийн хүмүүс ирэхдээ тэр өргөгч цамхаг “Хурд” группийнх гэж тус компанийн захирал хэлсэн. Яагаад үзлэг хийлгээгүй юм бол. Ган татлага нь өгөршсөн учраас л тасарч байгаа хэрэг. Гэтэл тэд янз бүрийн л зүйл ярьж байгаа. Зарим нь тэр чингэлгийг зарсан болохоор тухайн талбайгаас холдуулах гэж байсан гэдэг. Гэтэл нэг хэсэг нь нөхөрт минь “Доторх плитаг нь барилга руу гаргах гээд өргөсөн” гэж хэлсэн.

Харин бусад нь “Машины тэвшин дээр ачсан хоёр чингэлгийн хооронд зай гаргах гэж байсан” хэмээн ярьж байв. Хүүхэд хуурч байгаа аятай л юм ярьсан байна билээ. Талбай дээр байсан ажилчид нь миний хүүг гарсныг мэдээгүй гэнэ лээ. Тийм өндөр хүнийг харахгүй байна гэж байх уу. Талийгаач нүүрэндээ бэртэл аваагүй. Дагз нь цөмрөөд, зөөлөн эд нь урсчихсан. Өргөгч цамхгийн дэгээг чингэлэгт оосорлочихоод, буух гэж байхдаа л осолдсон юм шиг байгаа. Мөн дээр нь гурван сар болоод л техник хэрэгсэлдээ нь шалгалт хийдэг байсан гэсэн. Тэрийгээ шалгаагүй байсан юм гэнэ лээ.

-Хүү сургалтын төлбөрөө олох гэж ажил хийсэн гэдэг нь үнэн үү. 20 гаруй хоног ажиллахдаа өдрийн хэдэн төгрөгийн цалинтай ажиллаж байсан юм бол?

-Олон нийтийн сүлжээгээр хүүг минь сургалтын төлбөрөө төлөх гэж ажил хийсэн гэдэг мэдээлэл гарсан. Би хүүгийнхээ сургалтын төлбөрийг төлөх үүрэгтэй. Тэгж шаардаагүй. Үрээ алдсан эхийг яагаад гүтгэж байгаа юм бэ. Нас бардаг өдөр нь би банкнаас гурван сая төгрөгийн зээл авч, төлбөрийг нь төлөөд, хичээлийн бэлтгэлийг нь базаах талаар ярилцсан байсан.

Ерөнхийдөө би хүүгээ барилга дээр ажиллуулах сонирхолгүй байсан. Өөрөөр бол түмэн олонтой явж ажлын чадвар олж авна гэж ярьдаг байсан. Үеийнхэн нь ажил хийж байгаа гэж дуулахаар “Би ажил хиймээр байна” гэж байнга тэгдэг байсан. Өнгөрсөн жил ажил хийлгээгүй. Энэ жил хийлгэхгүй гэж бодсон миний таньдаг хүнээр дамжуулж барилгын ажилд орсон юм билээ.

Гэхдээ надад “Ээжээ би барилгын гадна талын талбай цэвэрлэнэ” гэсэн. “Нэг өдөр ажиллаад үз. Хэцүү байгаа бол болиорой. Чамд гайгүй санагдвал яах вэ” гэсэн юм. Тэгээд эхний өдөр ажилдаа яваад орой ирэхдээ гэртээ шүүр барьж үзүүлээд ийм амархан гайгүй ажил юм байна. Хүү нь хийж чадна. Барилгын материал хураасан газраас гарсан хогийг цэвэрлээд болоо гэж хэлсэн.

Туслах ажилтны цалин өдрийн 25 мянган төгрөг гэсэн. Цалингаа аваад оригнал пүүз авахаар цалин хангалттай хүрнэ гэж бодсон юм билээ. Одоо бодоход их л үнэтэй пүүз авах гэсэн юм шиг байгаа юм. Түүнээс сургалтын төлбөр олох гэж ажиллаагүй юмаа.

-Энэ жил коллежид элсэн орох байсан гэсэн үү?

-Техник технологийн коллежийн ангийн засварын ангийг өнгөрсөн хавар төгссөн байсан. Харин энэ намар тус коллежийнхоо мехнакийнх нь ангид элсэн орох байсан. Тэгээд 2019 оны нэгдүгээр сар гэхэд энэ ангиа төгсөнө дөө гээд яриад өглөө гэрээсээ инээгээд гараад явсан хүү минь оройорж ирсэнгүй. Үнэхээр харамсалтай байна.

Би хоёр хүүтэй хүн. Өөрөө айлын өргөмөл ганц охин болохоор хүн хүч, бүл муутай. Голомт залгах хүүгээ амьдралд илүү хариуцлагатай бай гэж шаарддаг байсан. Хүмүүжил сайтай хүү. Дээрээс нь архи тамхи огт хэрэглэдэггүй. Миний хүү үнэхээр сэргэлэн цовоо. Цаг бол алт гэсэн зарчимтай цаг хожиж амьдардаг хүү байсан. Англи, орос хэлийг өөрөө бие даан сурсан.

Хойтон жил “Universe best songs”-д оролцоно гэж ярьдаг байсан. Ядаж кармааны арван дуу бэлдэнэ гээд өдөржин дуулдаг байв. “Намайг найзууд жүжигчин болвол авьяас байна” гэж яриад байна гэхээр бид “Залуу хүнд боломж байлгүй яах вэ. Миний хүү өөрийгөө хөгжүүл” гэж хэлдэг байсан. Хүний мөс сайтай, ёс суртахуунтай, зөв хүн болгож төрүүлснийхээ гавьяаг эдэлж чадаагүйдээ харамсч байна. Хамгийн гол нь хүүгээ би нэг өдөр ч өвдүүлж үзээгүй. Эрүүл байхаар нь болчихдог юм байна гэж эндүү ойлгож санаж явжээ.

-“Хурд” групп болон гүйцэтгэгч “Түмэндэлгэр далай” компанийнхан та бүхэнтэй уулзахдаа албан ёсоор уучлалт гуйсан уу?

-“Хурд” группийнхнээс огт холбогдоогүй ээ. Нөгөө компаниас нь хүмүүс ирсэн. Одоо болтол биднээс уучлалт гуйгаагүй. Зурагтаар ярихдаа ёсзүйн хариуцлага хүлээнэ гээд байгаа. Ёсзүйн хариуцлага хүлээгээд өнгөрөх асуудал бишээ. Хөдөлмөр хамгаалалт, аюулгүй байдал, барилга дээр өчнөөн инженер байх ёстой байтал байгаагүй гэдэг. Наад зах нь миний хүүг 20 настай байсныг мэдээгүй гэж хэлж байгаа юм даа.

Дахин хэлье. Ёс зүйн хариуцлага хүлээгээд өнгөрөх осол биш шүү. Өнгөрсөн хугацаанд хэчнээн хүн барилгын ослоос болж амиа алдав. Яагаад хяналтаа сайжруулж болдоггүй юм бэ. Бараг 20 хоног ажилласан байхад, гэрээ байгуулсан гэчихээд насыг нь мэдэхгүй гэж байгаа юм. Тэгсэн хэрнээ танилаараа ажилд зуучлуулсан гэж ярьсан байна. Юу гэсэн үг юм бэ.

-Компанийн удирдлагуудын зүгээс нөхөн төлбөр олгосон уу. Эргээд холбоотой байна уу?

-Тэрийг шүүхээр шийдвэрлэх байх. Оршуулгын зардлыг нь өгсөн гэсэн. Ажил явдлын үеэр олон хүн ирсэн. Тэдний гарыг цайлах зүйлийг нь хангалттай аваарай гээд тоо гаргуулж авсан. Хүүхэдтэйгээ нийлээд тоо нь 600 гарчихлаа гэсэн чинь хүүхдүүдийг оруулаагүй, даахгүй гэж хэлсэн юм билээ. Тэгээд бид нар өөрсдөө нэмж авсан. Тэрийг л манай нөхөр ойлгохдоо тал зардал гаргасан гэж хэлээд байх шиг байна. Хүүгийн ажил явдлын өмнөхөн нэг үзэгдсэн. Одоо дахиж ямар ч холбоо бариагүй шүү дээ.

-Та нарын зүгээс хариуцлагагүй хандсан компанийн удирдлагуудад ямар хариуцлага хүлээлгээсэй гэж бодож байна вэ?

-Байгууллагын хөдөлмөр хамгааллын буруу учраас хэргийг үнэнээр зөвөөр шийдэж өгөөсөй. Түүнээс хэн нэгнийг шоронд хийж, хатаах гээд байгаа юм биш. Хэн нэгнийг буруутгах гээд байгаа ч юм бишээ. Хамгийн гол нь тэр бүгд зөв цогцоороо хариуцлагатай ажилласан бол өнөөдөр миний хүүхэд амьд байх байсан. Иймэрхүү осол аваар миний хүүгээр дуусаасай гэж бодож байна. Олон элэг нь эмтэрсэн эхчүүдийн өмнөөс дуу хоолойгоо хүргэнэ. Ажиллах орчноо аюулгүй болгох хэрэгтэй байна. Би хүүгээ дайн байлдаан руу явуулаагүй, ажил хийж яваад осолдож амиа алдана гэдэг үнэхээр харамсалтай хэрэг.

-Хүүг өөр хүний оронд ажиллуулж байсан гэх мэдээллийг компанийн зүгээс үгүйсгэсэн?

-Хүүхдээр ажил хийлгэж болно. Аюулгүй байдлыг нь хангах хэрэгтэй. Гэтэл өглөө ажилдаа очиход нь гарын үсэг зуруулаад л дурын ажлаа хийлгэж болохгүй биз дээ. Миний хүү осол гарах үед хийх ёсгүй ажлаа хийсэн байдаг. Энэ ослыг би компанийн 100 хувь буруу гэж бодож байгаа. Үхсэний араас үхэх биш гэдэг дээ. Гэхдээ би энэ удаагийн ослыг үхсэний хохь, амьдын зол болгомооргүй байна. Үнэнийг тогтооно гэдэгт итгэж байгаагаа хууль, хяналтын байгууллагынханд дамжуулмаар байна.

Цаашид үнэнийг тогтоолгохын төлөө эцсээ хүртэл явна. УИХ-ын гишүүн, цаашлаад Ерөнхийлөгч байсан ч хамаа алга. Эд хөрөнгө, эрх мэдэл нь хамаагүй. Цагдаа, ШШҮХ, мэргэжлийн хяналт, шүүх байгууллагынхан ч үнэн мөнийг нь тогтоож өгнө гэж найдаж байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-08-21 19:28:39
    Hunii nandin ur huuhdiig ugui hiichiheed setgel amar yawtsgaadag yamar hunii unergui humuus we !
  • Бат 2018-08-21 01:45:08
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг олигархууд хайрладаггүй юм
  • zochin 2018-08-20 17:46:07
    Хурд болон охин барилгын компаниуд маш олон хүний амиар тоглоод юу ч бараг өгдөггүй нөхөн төлбөр цалинг өгдөггүй хувь хүнийг хохироогоод бүүр сурчихсан шүүх
  • zochin 2018-08-20 13:16:02
    hurd odoo bolomoor yum
  • Zochin 2018-08-20 08:40:12
    Hurd grup buruutai l baina daa uuchlalt guih heregtei nogoo tsuslan guitsetgeh gazriin darga nar ni hurdaas uuchlalt guidag doldoi novshnuud ve
  • ZOCNIN  2018-08-20 04:04:16
    hurd gruppin yil ajillagaag zogsooh heregtei bolj dee, iim olon hynii amiar zolios hiij barilga barij bgaa bol haryutslagiig hatuu nexex yostoi .. gadnii kompan...