Нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэв

Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн /08.22/  хуралдаанаар “УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.

Хуралдаанаас Улсын Их Хурал 2018 оны 62 дугаар тогтоол гаргасан нь төрийн албанд ажиллаж буй иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлах, тэгш бус байдлыг үүсгэхээр байна гэсэн шийдвэрийг гаргасан байна.

Тодруулбал, Улсын Их Хурал нөхөн сонгууль товлон зарлахдаа, Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд төрийн байгууллагын бусад шийдвэр бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчиж, улмаар Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдлын зарчим алдагдах, иргэдийн төрийн байгууллагад сонгогдох эрх зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэж, дээрх УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.

Түүнчлэн Улсын Их Хурал Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль товлон зарлах шийдвэр гаргахдаа иргэдийнхээ төрийн байгууллагад сонгогдох эрхийг хангах хууль зүйн баталгааг бүрдүүлж холбогдох зохицуулалтыг тодорхой болгох, хийдлийг арилгах шаардлага байгаа талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд тэмдэглэжээ.

Тус хуралдаанд өөрийн эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэж буй иргэн С.Мөнхцэцэг, Б.Оюу, А.Гулим болон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нар оролцсон байна.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-08-22 14:57:10
    Их хурал өөрсдийн гаргасан тогтоолоо хамгаалах байлгүй дээ. Захын иргэнээс дор байж болохгүй биз дээ.
  • буруу байна 2018-08-22 11:41:31
    Буруу л шийдэж дээ. Төрийн албан хаагч зарим эрхээ хязгаарлуулахыг зөвшөөрч энэ албыг сонгож ордог бөгөөд үүнийхээ төлөө бусад иргэдээс давуу хөнгөлөлт, дэмжлэг...
    • үргэлжлэл 2018-08-22 11:43:56
      эдэлдэг. Иймд зөвхөн эдэнд зориулж нөхөн сонгууль хийх боломжийг хааж болохгүй. Хэрэв хүсвэл ээлжит сонгуульд орох нь нээлттэй шүү дээ.