“Хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо” зөвлөгөөн болов
Ирээдүйд эх орноо хөгжүүлэх мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх, зөв төлөвшүүлэх асуудалд салбарын яам онцгойлон анхаарч байгаа билээ. Энэ ч утгаараа “Хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо” зөвлөгөөнийг багшийн хөгжлийн ордонд зохион байгуулж, эцэг эхчүүдийн төлөөлөлтэй зөвлөлдлөө. Зөвлөгөөнд есөн дүүргийн 165 эцэг эхчүүдийн төлөөлөл, 20 гаруй багш, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа, Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир болон 40 гаруй албаны хүмүүс оролцсон юм.

Хүүхэд багачуудын хөгжлийн асуудалд дан ганц яам, багш үүрэг хүлээхээс гадна хамгийн том чиглүүлэгч аав ээж нар. Тиймээс салбарын яамны зүгээс 2018 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх том хөтөлбөртөө эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр боллоо. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхдийн зөв төлөвших асуудалд гурвалсан байдлаар анхаарч, гэр бүлийн хүмүүжлийг чухалчлах нь зүйтэй гэж үзсэн юм. Иймд дээрх зөвлөгөөнийг зохион байгуулж, эцэг эхчүүдийн санаа бодлыг сонсов. 



Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир “Сурагчдын боловсролын асуудалд багшийн оролцоо маш чухал. Гэхдээ тухайн хүүхдийн хүмүүжил, олон нийттэй харицах асуудал нь гэр бүлийн хүмүүжилтэй салшгүй холбоотой зүйл. Энэ ч утгаараа эцэг, эх болгон хүүхдийнхээ хүмүүжилд хэрхэн анхаарч, оюунлаг, ирээдүйн улс орныг хөгжүүлэх мэдлэгтэй боловсон хүчин болгох вэ гэдгийг бодох шаардлагатай байна. Багш нарын хувьд заах аргачлал, нийгэмшүүлж, мэдлэгийг дээшлүүлэх болон өөрсдөө шинийг санаачлан хүүхдийн авъяасыг хөгжүүлэхэд анхаарах ёстой” гэж хэллээ.

Харин салбарын сайд Ц.Цогзолмаа “Хичээлийн шинэ жил эхлэхэд долоо хүрэхгүй хоног үлдэж байгаа өнөө үед энэхүү зөвлөгөөнийг хийж байна. Ирж буй хичээлийн жилд хэрэгжих том төлөвлөгөөнд эцэг эхчүүдийн бодол санаа, дэвшүүлэх санал маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэхүү зөвлөгөөнөөс тодорхой зөвлөмж гарах бөгөөд хичээлийн жил эхлэхэд улсын бүх сургуулийн анги бүрт, сурагч бүрийн эцэг эхчүүдэд зөвлөмжөө танилцуулах болно. Уг ажлыг хариуцсан дарга нар хариуцлагатайгаар хийж гүйцэтгэх ёстой. Ингэснээр аравдугаар сард өргөн баригдах Боловсролын тухай багц хуульд эцэг эхчүүдийн оролцоо ямар байх талаар тодорхой тусгагдах юм. Хүүхдийн хүмүүжилд хамгийн чухал үүрэг гүйцэтгэх аав, ээж нар маань салбар яамтай, сургууль, багш нартайгаа хамтран ажиллаж, ирээдүйг цогцлоох үрсийнхээ боловсрол, харилцааны соёлд өөрсдийн бодол санаагаа хэлж, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Үүнээс гадна ерөнхий боловсролын сургуулиудын цайны газарт тодорхой шаардлага тавьж, хүүхдийн биед хортой гэдэг нь тогтоогдсон чипс, хийжүүлсэн ундаа болон хориглосон бусад бараа бүтээгдэхүүнийг худалдаалуулахгүй гэсэн шийдвэр гаргаснаа салбарын сайд дуулгалаа. Энэ төрлийн бүтээгдэхүүн нь ирээдүйд Монгол Улсыг хөгжүүлэх багчуудын бие организмд сөргөөр нөлөөлж, өвчлөл үүсгэдэг. Өнөөдрөөс хориглож хязгаарлахгүй бол эрүүл Монгол иргэн эх орныг хөгжүүлнэ гэсэн ойлголт байхгүй болох юм байна. Магадгүй дээрх бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах үйл ажиллагаа явуулбал сургуулийн цайны газар ажиллуулах гэрээг цуцлах ажээ.

Зөвлөгөөнөөс гарах зөвлөмжийг хичээлийн шинэ жилийн нээлт эхэлснээс хойш буюу 9 дүгээр сардаа багтаан бүх сургуулийн бага, дунд, ахлах ангид хүргүүлж, эцэг эхийн дунд зөвлөгөөн зохион байгуулж, хэрхэн хамтран ажиллах, юунд анхаарах тухай санал бодлыг сонсохоор боллоо.

Эх сурвалж: БСШУСЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.