Арилжааны дөрвөн банк өгсөн үүргийн дагуу өөрийн хөрөнгөө нэмэгдүүлжээ
 Монголбанкнаас сар бүр тогтмол зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.

Тус хурлаар санхүү, эдийн засгийн сарын статистик үзүүлэлтүүд, Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар тайлбар мэдээлэл өгдөг уламжлалтай.

Энэ сард үнийн өсөлттэй холбоотойгоор инфляц өсч, Улаанбаатар хотод  инфляц 8.8 хувьтай, улсын хэмжээнд  8 хувьтай гарчээ. Манай улс ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдсантай холбоотойгоор 2018 онд банкны салбарт активын чанарын үнэлгээ хийсэн. Тус шалгалтын дүгнэлтээр арилжааны банкуудад 510 тэрбум орчим төгрөгийн нэмэлт өөрийн хөрөнгө шаардлагатай болохыг тогтоож улмаар энэ 2018 онд багтаан банкуудад дээрх дутагдлаа нөхөх үүргийг өгсөн. Тэгвэл үүний хүрээнд өнгөрсөн тавдугаар сараас хойш дөрвөн банк нийтдээ 128 гаруй  тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлжээ.

Энэ нь дээрх нэмэгдүүлэх шаардлагатай өөрийн хөрөнгийн 25.2 хувийг эзэлж байгаа аж.
 
Чанаргүй зээлийн хэмжээ нэмэгджээ

Мөн банкны салбарт чанаргүй зээл, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ нэмэгдсэн гээд өнгөрч буй наймдугаар сар макро эдийн засгийн хувьд тийм ч таатай бус байна.

Инфляцийн түвшин найман хувьтай гарсан нь төв банкны зорилтот төсөөллийн түвшинд хадгалагджээ. Өнгөрсөн зургадугаар сарын эдийн засгийн үзүүлэлтээс харахад махны үнэ өссөн нь инфляцид нөлөөлсөн гэж үзэж байна.

Ирэх онд инфляцийн түвшин 6.8 орчим хувьтай байна гэсэн төсөөлөлтэй байна. Цаашид эдийн засаг идэвхжихтэй холбоотойгоор нийлүүлэлтийн шинж чанартай инфляц идэвхижих төлөвтэй байгаа талаар албаныхан онцоллоо.

Харин банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оноос 19,5 хувиар өсч 15,5 их наяд төгрөгт, иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 24.8 хувиар өсч 7.6 их наяд төгрөгт, хувийн байгууллагынх 15.7 хувиар өсч 7,8 их наяд төгрөгт хүрчээ. Зээлийн үлдэгдэл өмнөх сараас 192.5 тэрбум төгрөг буюу 1.3 хувиар өссөн байна.

Хугацаа хэтэрсэн зээл өмнөх сараас 206.3 тэрбум төгрөг буюу 25 хувиар тус тус өссөн бол чанаргүй зээл өмнөх сараас мөн л 13.2 тэрбум төгрөг буюу 1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Чанаргүй зээлийн 82.2 хувийг хувийн байгууллагад олгосон зээл бүрдүүлж байна.
 
Өнөөдрийн байдлаар 9385 хүнд 4.3 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгов
 
Иргэдэд шинээр олгосон төгрөгийн зээлийн хүүгийн бүтцийг харвал иргэдийн төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 18.1 хувь байна.

Үүнээс цалингийн зээлийн хүү 5 хувь, тэтгэврийн зээлийн хүү 8 хувь, ипотекийн зээлийн хүү 12 хувийг тус тус эзэлж байна. Өнөөдрийн байдлаар 9385 хүнд 4.3 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгоод байна.

Нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 17.6 хувийг орон нутагт олгожээ. Орон нутагт 25.030 иргэдийн 762.1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.