Та хэзээ хамгийн сүүлд аав, ээжийгээ баярлуулсан бэ?

Найз маань айлын ганц эрх хүү. Аав ээж нь түүнийг элбэг хангалуун биш ч гэлээ хайраар дутаахгүй өсгөсөн юм. Тэд хурааж хумьсан хэдэн төгрөгөө шавхан байж хүүгээ Солонгос руу явуулснаас хойш хэдийн дөрвөн жил өнгөрчээ. Найз маань хааяа над руу цөөн хэдэн төгрөг шилжүүлж, би хүргэж өгөх үүрэг хүлээнэ. Энэ бол миний хувьд хэцүүхэн даалгавар.

Нэгэн цагт оросын цагаан хэмээн алдартай байсан төмөр орон дээр нямбайлан хуйлж өрсөн хөнжлийг алчуураар бүтээж, хүүгийнхээ арван жилд шагнуулсан сагсны тэмцээний голдуу хэдэн медалийг бурхныхаа дэргэд залчихсан, залуудаа гангарч байсан ч он цагийн эрхэнд гандсан хувцсаа нямбайлан өмссөн хоёр хөгшин тогны мөнгөө хэмнэх үүднээс бүдэгхэн ёлтойх гэрэлд хар цай оочлон суух. Ганц хүүгийнхээ буянд л жаргаж сууна хэмээн орсон гарсан бүхэнд хөөрцөглөх тэд хүүгээсээ ирсэн хэдэн төгрөгийг хүүдээ л зориулж хадгалдгийг нь би мэднэ. Тэтгэврийн цөөхөн хэдээрээ өөрсдийгөө болгож, илүүчилбэл нэмж хадгалахыг хичээнэ. Ирэхэд нь нэг сайхан унаа авч өгөх гэж байгаа юм, нууц хадгалаарай чи гээд тэр цагийг сэтгэлдээ төсөөлөн инээх хоёр хөгшнийг би яагаад ч юм өрөвддөг байлаа. Энэ байдлыг найздаа хэлэхээр
 

  • За чи тэгээд юу гэх гээд байгаа юм. Тэр 2 өөрсдөө л бид хоёрт санаа зоволтгүй, болж байна гээд байхад би яах юм гэж найз хэнэггүйтнэ...

  • Чи тэгвэл хэзээ аав ээж хоёрыгоо хамгийн сүүлд баярлуулсан юм бэ?
     

Нээрээ, би ч бас хэзээ аав ээжийгээ хамгийн сүүлд баярлуулсан билээ.

Өөдөсхөн байхаасаа, өдий хүртэл өсгүүлчихээд, өөрөө халуун паартай дулаахан байшинд амьдардаг хирнээ нүүрсний үнэ өсөөд байна шүү гэж аав ээждээ хэмнэхийг сануулдаг би хэнсэн билээ. Тэр тоолонд үрэлгэн байгаадаа гэмших мэт ээжийн минь нүд бүлтэгнэдгийг санан санан дотор минь харанхуйлах шиг болсон юм.

Тэр өдөр би найзтайгаа дахин ярилцсан. Хоёулаа боломжоороо ээж аавынхаа амьдрах орчныг сайжруулахаар шийдэж, би аав ээждээ хир таарсан үнээр байр авахаар боллоо. Насаараа хураасан хадгаламж маань хүрээгүй тул зээлд хамрагдав. Уг нь ээж аавыгаа шинэ байранд нь гэнэт нүүлгэн оруулж, магнайг нь хагартал баярлуулъя гэж төлөвлөсөн ч хуучин тавилга нь сэтгэлд үл нийцнэ.

Гэхдээ би байрны зээлэн дээрээ нэмж тавилгын зээл авч энэ асуудлыг давхар шийдэх боломжтойг ойлгосон юм. Нэг өдрийн дотор л зурагт хөргөгч гээд цахилгаан барааг нь авч, дараа нь гал тогооны тавилгыг нь захиалж, зочны өрөөний буйдан, сэтгүүлийн ширээ, хувцасны шүүгээ, тэр ч байтугай тайван бэлчих бугыг дүрсэлсэн жижиг хөшөө авч гэрийг нь чимэв.  

Найз маань ч энэ боломжийг ашиглаж, нүүр номоор намайг зааварчлан, хоёр хөгшнийхөө угсармал таван давхрын өрөөг засварлан тавилгыг нь шинэчилсэн юм. Одоо харанхуйд бөртөлзөн суудаг хөгшчүүд маань цэлгэр саруулхан гэртээ сэтгэл амгалан амьдарч байгаа. Манай хөгшчүүдийн харилцан зочилсон байрны найрын үеэр аав минь хундага өргөж:
 

  • Хэзээ ч өөрийгөө үлгэрийн мэт орд харшид амьдарна гэж бодож явсангүй. Хонины бэлчээрт өссөн хүү би, холын диваажин шиг газарт хүүгийнхээ буянаар амьдарч байна хэмээн бахархан хэлэхэд, ээж маань, бас найзын маань аав ээж хоёр уйлж билээ.
     

Хүн аав ээжийнхээ ачийг хариулж барахгүй гэлцдэг. Гэхдээ та хэзээ хамгийн сүүлд ээж аавыгаа баярлуулсан бэ?   
 
 

Бусдад түгээх
  • gplus