Долоо хоногийн тойм
2018 оны наймдугаар сар шувтарч, их ажил ундарсан шинэ ёсдүгээр сар айлчлан ирлээ.

Өнгөрч буй долоо хоногт УИХ-ын гишүүд идэвхжсэн долоо хоног байлаа. Өөрсдөд нь хамаарал бүхий мэдээлэлд тайлбар хийсэн сайд нар, авлигачидтай тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн С.Жавхлан гишүүн гэрээсээ мэдээлэл хийв.

Мөн хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан багш нар ажил хаяна гэдгээ мэдэгдсэн долоо хоног байлаа. Түүнчлэн АТГ-аас сар бүр хийдэг хэвлэлийн бага хурлаа хийж олны анхааралд байгаа хэргүүдийн шийдвэрлэлт шалгалт ямар байгаа талаар болон Ардын засгийн сайд нар авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон байгаа талаар мэдээлсэн юм. 


Ингээд онцлох үйл явдлуудыг тоймлож байна.       
 
АТГ-аас гурван яамын удирдлагуудтай холбоотой мэдээлэл хийж, сайдууд няцаав


Зам тээврийн хөгжлийн яаман дээр гарсан эмгэлэгт хэргийн дуулиан  байхад Ардын засгийн гурван ч сайд АТГ-т шалгагдаж эхэлсэн нь олны хэл амны бай болов. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл,  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат,  Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нарыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэх асуудлаар шалгаж байгаагаа АТГ мэдээлсэн бөгөөд тэрхүү мэдэгдлийн дараа нэр дурдагдсан сайдууд хэвлэлээр дамжуулан байр сууриа илэрхийлсэн юм.

БОАЖЯ болон УУХҮЯ-ны удирдлагууд тендерийн мөнгөнөөс завшиж өөрийнхөө компани руу бэлэн мөнгө оруулсан нь шалгалтаар тогтоогдсон гэсэн бол Эрүүл мэндийн сайдыг өөрийн хамаарал бүхий хүмүүсийг албан тушаалд томилж дарга болгосон гэсэн юм.

Тэгвэл энэхүү мэдээлэлд дээрх салбарын гурван сайд мэдэгдэл хийсэн билээ.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт байгаа 26 компанийн нэг нь ч энэ үйл ажиллагаанд оролцоогүй гэдийг албан ёсоор мэдэгдэж байна. Хамаарал бүхий компаниудаа хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ бичсэн. Хардах эрх хэнд ч бий. Гэхдээ албан ёсны шалгалт хийж байгаа байх. Аливаа улс төрийн сенсаацын өмнө хууль хүчний байгууллага гарч ирээд, мэдэгдэл хийдэг нь одоо ч үргэлжилж байна. Энэ байдлыг бид цаашид өөрчлөх ёстой. УИХ-д сонгогдсон олон гишүүд ийм байдлыг өөрчлөх ёстой гэж чуулган дээр хэлж байсан.

Ерөнхийлөгчийн оролцсон хаалттай чуулган дээр ч энэ асуудал яригдсан. Бид богино санах ойтой байж болохгүй. Би ээлжит бус чуулган зарлаж, Х.Энхжаргалыг огцруулах бичиг би гарын үсэг зурсан. Тэгээд хуулийн байгууллагатай холбоотой нэг асуудал үүсэхээр сенсааци гаргаж ирээд, асуудлыг нөгөөгөөр дардаг байдлаасаа салах хэрэгтэй” гэв.

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл “Жолоочоор ажиллаж байсан хүнийг хэлтсийн даргаар яалаа гэж  томилох вэ дээ. Эрүүл мэндийн сайд яамандаа хүмүүсийг ажилд авдаг, халдаг үүрэгтэй ч хүн биш. Энэ бол хуулийн дагуу Төрийн нарийн бичгийн даргын хийдэг ажил. Ардын хүүхдээс дээд боловсролтой, төрд 6-8 жил ажилласан жирийн хоёр залууг би өөрөө Төрийн нарийн бичгийн даргад санал болгосон. Үүнийг нуухгүй.

Төрийн сайд хоёр хүнийг санал болгох эрх байгаа гэж би бодож байна. Гэхдээ  хамаатан садан, эгч дүүс аль эсвэл хүүгийнхээ найзыг би санал болгоогүй. Магадгүй миний хайж байсан хүмүүсийн шаардлагад нийцэх хүн байвал би хүүгийнхээ найз ч байсан санал болгох байсан. Үүнээс айж, ичиж эмээгээд байх зүйл алга. Хэвлэлүүдээр бичигдсэн шиг газрын даргаар томилсон асуудал байхгүй ээ” гэсэн юм.
 
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “АТГ-аас Эрчим хүчний яам бус “энэ салбарын” гэж тодотгосон байсан. АТГ-аас 2017 оны эрчим хүчний салбарт ажиллаж байгаа хамаарал бүхий этгээдүүдийн 130 орчим аж ахуй нэгж тендерт оролцсон байж болзошгүй гэсэн мэдээлэл надад хүргүүлж байсан. Үүнтэй холбоотойгоор АТГ-аас мэдээлэл хийсэн байх. Уг мэдээлэлд миний нэр дурдагдаагүй. Би болон миний хамаарал бүхий этгээд нэг төгрөгийн ажил авсан бол би шууд ажлаа өгнө” гэсэн юм.
 
Ерөнхийлөгч хүүхдийн эрхийн асуудлаар хуралдаж үүрэг даалгавар өгөв 




Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, ярилцсан долоо хоног байв.

Өнгөрсөн онд 1692 гэмт хэргийн улмаас 1752 хүүхэд хохирч, эн он гарсаар гэмт хэргийн улмаас хүүхдийн тоо өмнөх жилийн мөн үеийнхээс 40 хувиар өссөн.

Өнгөрсөн жил золгүй байдлаар 127 хүүхэд нас барж, 187 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн” талаар тоо баримт дурдаж, нэн яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг холбогдох төрийн байгууллагуудад үүрэг, чиглэл болгосон байдаг.

Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагууд ямар арга хэмжээ авч байгаа талаар тайлан, мэдээлэл сонсож, дахин үүрэг, чиглэл өгөх уулзалтыг зохион байгуулав.

Томчуудын хайхрамж, болгоомжгүйгээс хүүхэд эндэх, хүчирхийлэлд өртсөн гэх статистик, тоон мэдээллүүд буурахгүй байна. Хүүхэд хамгааллын хууль, стандартыг боловсруулж, хэрэгжүүлэх журмыг мөрдүүлэх, сургууль цэцэрлэгийн сургалтын орчин, хүүхдийн тоглоомын талбай, хүүхдэд хамаатай бүх орчинд үзлэг, шалгалт хийж, аюулгүй байдлыг хангах зэрэг зургаан чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Энэ дагуу нийт 11 төрийн байгууллага үүрэг, чиглэл авснаас өнөөдрийн байдлаар найман байгууллага тайлангаа ирүүлсэн байна. Тайлангуудыг нэг бүрчлэн уншихад санаанд нийцсэн, үнэхээр арга хэмжээ авч гээд тайвшрах хэмжээний тайлангууд ирсэнгүй. Тодруулбал, хүүхэд хамгааллын чиглэлээр хийж байгаа ажлууд хангалтгүй байна гэж үзжээ.
 
С.Жавхлан авлигачидтай тэмцэнэ гэдгээ мэдэгдэв
 
 

УИХ-ын гишүүн С.Жавхлангийн зүгээс УИХ-ын гишүүн Сү.Батболдыг Авлигатай тэмцэх газар шалгуулах хүсэлт өгч байгаа талаар цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

УИХ-ын гишүүн С.Жавхлан “Би АТГ-т гишүүний нэрийн өмнөөс хандаж хүсэлт хүргүүлэхээр боллоо. Сү.Батболд гэж хүний эзэмлийн газруудаар орлоо. Емарт, Чингис зочид буудал гэх мэт газруудаар явлаа. Энэ цаашаа үргэжилнэ” хэмээн хэллээ.

 Тэрбээр “Сү.Батболд гишүүнтэй хамаарал бүхий "Тэнгис" кино театр, "Алтай" констракшин, "Алтай" групп,"Алтай гацуурт", "Ар үр Алтай", "Алтай нутгийн хүчтэн" ХХК, "Алтай" холдинг групп, "Алтай кашмир", "Чингис хаан" цогцолбор, "Чингис" зочид буудал, "Скай" их дэлгүүр, "Стар" телевиз, "Скай" трейдинг, "Скайтел" групп, "Скайтел" ХХК, "Скай медиа" корпораци, "Скай нет", "И-Март", "Бороо гоулд" зэрэг маш олон байгууллага байна. 

Тиймээс нэг хүний эрх мэдэлд яагаад ийм олон компани байна, ямар арга замаар хаанаас ямар эх үүсвэрээр дээрх хөрөнгийг бий болгосон талаарх тайлан тайлбарыг ирүүлэхийг хүсч байна” гэв. Үүнээс гадна Сү.Батболд гишүүний хамаарал бүхий компани, хөрөнгийн талаарх мэдээлэл нээлттэй өгөхийг хүссэн бөгөөд АТГыг яаралтай хариу өгөхийг хүслээ.
 
                                 “Сайн малчин” хөтөлбөрийн өрийг төлж дуусгав 
 
 
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Сайн малчин" хөтөлбөрийн 200 тэрбум төгрөгийн зээлийг төлж дуусгаснаа өчигдөр өөрийн фэйсбүүк хуудсаараа мэдэгдлээ. Тодруулбал, тэрбээр “2016 оны сонгуулийн өмнөхөн мөнгө хэвлэж тараасан "сайн" нэртэй зээлүүдийн нэг нь ийнхүү дуусгавар болж байна. Одоо 2016 оны зургадугаар  сард мөнгө хэвлэж 300, 300 мянгаар тараасан "Сайн хувьцаа" нэртэй зээлийн 374 тэрбум төгрөгийн өр үлдлээ. Ямар хэцүү дуусдаггүй өр вэ” гэжээ.

2012-2016 онд ажилласан АН-ын Засгийн газар “Сайн” нэртэй хэд хэдэн хөтөлбөр гаргасны нэг нь уг “Сайн малчин” хөтөлбөр.  Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад 2016 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын  хуралдаанаар уг хөтөлбөрийг батлахдаа 2020 он хүртэл 2 үе шаттай хэрэгжүүлж,  мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт технологи тогтмол нэвтрүүлэх, анхан шатны үйлдвэрлэлээс эцсийн хэрэглэгч хүртэлх үе шатны санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт тавьсан хэмээн мэдээлж байжээ. 

Гэвч Засгийн газар тухайн үед тус хөтөлбөрийг санхүүжүүлэх  эх үүсвэргүй байсан тул Монгол банк мөнгө хэвлэж, нийт 200.0 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаалж, малчдад олгох зээлийн эх үүсвэрийг арилжааны банкуудад өгчээ. 

Энэ нь Төсвийн тухай хууль зөрчсөн тул уг  хөтөлбөрийн хэрэгжилтийг зогсоох шийдвэрийг МАН-ын Засгийн газар гаргаж,  2016 оны наймдугаар  сард арилжааны банкнаас үнэт цаасыг эргүүлэн худалдан авч, үлдсэн төлбөрийг шат дараатай барагдуулах ажлыг хийжээ.

Аварга П.Орхоны талаар онцгүй мэдээлэл цацагдлаа
 


Сүүлийн гурван жил их спортод босоо байгаа Дэлхийн аварга, Азийн аварга П.Орхоны талаар онцгүй таагүй мэдээлэл өчигдрөөс эхэлж цацагдлаа. Түүнийг допинг хэрэглэсэн учир Азийн наадмын алтан медалийг нь хурааж магадгүй гэсэн мэдээлэл байгаа юм.

Тэгвэл энэ мэдээллийг санаатай тараасан. Эсвэл П.Орхоныг хүчээр хорлож байна. Чөлөөт бөхийн холбоонд үүсээд байгаа хууль бус үйлдлийн хохирогч нь аваргыг болж байна гэсэн мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр байна.

Харин дасгалжуулагч багш Ц.Хосбаяр “Наймдугаар сарын 3-нд шигшээ багийн дасгалжуулагчдад П.Орхоныг хүлээлгэж өгсөн. Би яваагүй болохоор сайн мэдэхгүй байна. Авч явсан дасгалжуулагч нараас нь асуусан дээр болов уу. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол угаасаа хорлосон нь тодорхой” гэлээ.

Хэрвээ энэ мэдээлэл батлагдаж П.Орхон Азийн аваргын алтан медалиа хураалгаж, 2020 оны олимпод оролцож чадахгүй болох эсэхийг цаг хугацаа харуулах бизээ.
 
Барилгын ослоор дахин нэг хүн амиа алдав
 
 Байсхийгээд л барилгын ослоор хүний амь үрэгдэх хэрэг гарсаар байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт гэхэд Хан-уул дүүргийн 10 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байсан барилга дээрээс хүн унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тодруулбал, “Модун” компанийн барьж байсан барилга дээр ажиллаж байсан тус дүүргийн...хороонд оршин суух хаягтай 29 настай эрэгтэй Д нь ажил үүргээ гүйцэтгээд явж байхад тус барилгын контейнер дээр хураалттай байсан краны сетк дээрээс нь унаж нас барсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

О.Сайхан
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Цахиур Төмөр 2018-09-02 16:11:49
    Зарим хэт баяжсан хүмүүсийн хөрөнгийг хурааж, ард түмэнд тэгшитгэж өгдөг хуультай болъё.
  • хөөх 2018-09-01 14:35:07
    энэ улс оронд сайд дарга нар нь ичихээ байжээ