Нутагт минь бороо ороход сэтгэлд минь ногоо ургана

“Нийгмийн гэгээрлийн  холбоо”  нийтэлж байна


Нэг.”Лусын анд”-ын урам хайрласан дүгнэлт

Саяхан би нутагтаа очиж 3 хоноод ирлээ. Энэ удаад амарч зугаалж, алиалж наадаж явсангүй. Хэдэн жилийн өмнөөс бодоод байсан нэгэн санаагаа бодот ажил болгох боломжтой эсэхийг судалсан юм.

Нэн шинэхэн мэдээгээр 2017 онд л гэхэд Монголд минь 344 гол горхи, 391 нуур цөөрөм, 760  булаг шанд ширгэсэн байна. Төр нь гадаад, дотоодын хэдхэн шуналтнуудад зориулсан мэт уул уурхайг хэт шүтсэн харалган бодлоготой, нутгийн ардууд нь нутаг усаа хайрлах, хамгаалах мэдлэг чадваргүй, өөриймсөг сэтгэлгүй байсаар байвал нэг л мэдэхэд Монгол эх орон минь гол горхигүй, нуур цөөрөмгүй, булаг шандгүй болон хуурайшихад ойрхон болсныг энэ гамшигт мэдээ сануулж байна.

Миний эртнээс бодсон бодол юу вэ гэвэл Өүлэн хатан ижийн удам судрын Олхонууд түмэн хэдэн зуун жил шүтэн хүртсэн, Их Монгол улсын түүхэнд хоёронтоо нэрээрээ гардаг ариун усан-Хөвхөрийн голоо ширгээхгүй байх арга, боломж байна уу гэсэн бодол, эрэл хайгуул билээ. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутгийн нэгэн амин судас болсон бөгөөд “Монголын нууц товчоо”-нд Сэнгүүр горхи нэрээр гардаг Цэнхэрийн гол дээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Хэнтий аймгийн засаг дарга асан Балдандорж нарын санаачилгаар хийсэн далан, тэнд тогтсон хөөрхөн нуур, Цэнхэрийн голын урсац эрс нэмэгдсэн сайхан үр дүнг харснаар Хөвхөр гол дээрээ, Булганы хавцлыг түшиглэн хаалт хийх, нуур бий болгох, ингэснээрээ голынхоо урсацыг нэмэгдүүлэх санаа төрсөөр бас ч хэдэн жил болжээ. Зөв санааг санасан бол ярьж, бичээд суухынхаа оронд санаагаа ажил болгохын төлөө өөрөө түүчээлэн зүтгэх хэрэгтэйг ухаарсан болохоор алмайран алдсан он жилүүддээ харамсан халаглахыг орхиод, Балдандорж гуайн зөвлөснөөр Л.Хорлий гэх эрхэмтэй уулзсан билээ. Энэ хүн бол бидний үеийн сэхээтэн агаад хуучин ЗХУ-ын Ташкент хотноо усны инженерийн  мэргэжил эзэмшсэн, сүүлийн үед миний хийх санаатай адил ажлуудыг захиалгаар хийж дадлагажиж яваа том мэргэжилтэн юм. Ингээд бид хоёр 2018 оны 6 сарын 20-ны өдөр нийтийн тээврийн урт хөх автобусаар нутгийн зүг гарч өглөө. Явдал дундаа зуур нэг хоноод нутагтаа 21-ний өдрийн бага үдэд ирлээ. Нагац хөгшин ааваараа төрөлсдөг Л.Ядамсүрэн дүүгээ хүлээж аваад унаагаараа үйлчлээд өгөөрэй гэж урьдчилан захисан тул тэр маань бэлэн зогсож байна. Хүү Я.Алтангэрэлийнд нь ирж цай, хоолоор дайлуулаад Д.Балдиржамц, Ш.Сум-Очир хоёрыг дуудан тавуул болж аваад Хөвхөр голоо судлах ажилдаа шууд орлоо. Үүний тулд голынхоо зүүн талд гарч аваад өөдөө өгссөн юм.

Би ч, нутгийн нөгөө гурван нөхөр минь ч мэддэггүй байсан нэгэн сайхан зүйлийг нээсэн маань Хөвхөр голд минь 19 булаг нийлдэг болохыг мэдсэн явдал юм. Булгуудын нэрийг нь мэдэхийг нэрээр нь, мэдэхгүйг тоогоор дугаарласан зураглал хийж авлаа. Голын баруун талаас Дугуй булаг, Бөөр булаг, Рашааны булаг, Эрдмийн овооны булаг(энэ нэрийг бид өгсөн болно), Гармын булаг,  1, 2, 3, 4 дүгээр булаг(нэрийг нь мэдэхгүй тул тоогоор дугаарлав), Дотор хөх толгойн булаг, Гурван булаг, Дашинчилэнгийн ар булаг, Дашинчилэнгийн өвөр булаг гэх 13 булаг, зүүн талаас Хөндлөн булаг, Өндөр бургасны булаг, Цагаан суваргын булаг, Голын эхний 1, 2, 3 дугаар булаг(нэрийг нь мэдэхгүй тул тоогоор дугаарлав) гэсэн 6 булаг Хөвхөр гол ээжээ тэжээн тэтгэдэг нь гайхалтай. Сумын төвөөс нилээн хойноос эх авдаг Хөдөө булаг л голоосоо “нүүр буруулдаг” аж.

Л.Хорлий маань “Эдгээр олон булгийн эхийг бод мал гишгэхээс хамгаалаад цөөн мод, бут тарьчих юм бол танай Хөвхөр гол хэзээ ч ширгэхгүй” гэсэн сайхан санаа хэлэв. Тэр даруйд сэтгэлд минь “Булаг бүрийг хүмүүс ахан дүүсээрээ юм уу анги бүлгээрээ хариуцан хамгаалж болох юм” гэсэн мэргэн санаа тарснийг Ш.Сум-Очир багш их л сайшаан дэмжиж байлаа. Сумаа маань надад төгсөгчдийнхөө гол гол хүний нэрийг гаргаж өгөхөөр амлав. Мод, бут борооны ус, цасыг ихээр хуримтлуулан барьдаг тул булгийн усыг сайн дэмждэг гэнэ. Аавын минь ойрын хамаатан шар Пүрэв жаажаагийн охин Бямбаа эмчийн хүү Хуягбаатар намайг нутагтаа ирснийг дуулаад аймгаас мэнд мэдэн утсаар ярихад нь булгуудаа хэрхэн хамгаалах талаар санаа бодлоо хэлэхэд минь “Бид өвөө, эмээгийнхээ нутаглаж байсан Хөндлөн булгийг таны хэлснээр хамгаална” хэмээн амлаж байна. Энэчлэн булгуудаа хамгаалах сайн санаатан гараад ирэх бололтой байгаад ихэд баярлав. Булгуудын эхийг сая ч хүрэхгүй мөнгөөр маш сайн хамгаалж, 20 орчим мод тарих боломжтой юм.

Булганы хавцлыг үзээд “лусын анд” Л.Хорлий маань чухам хааханд нь юу хийхээ баримжаалж авав бололтой тун итгэлтэйгээр “Хавцлын эхний хоёр хадан хошууны хооронд 5 м орчим өндөртэй төмөр бетон зүрхэвчтэй, чулуун бэхжүүлэлттэй хаалт хийхэд их тохиромжтой юм байна. Ингэхэд ойролцоогоор 300-400 м урттай, 100 м орчим өргөнтэй хөөрхөн нуур үүснэ, яг хаалтны гол хэсэгт 5-6 м орчим гүнтэй болох тул хүн, мал осолдохоос хамгаалах торон хамгаалалт хийж таарна” гэж хэллээ. Энэ бол миний хүсч байсан зүйл яг мөн билээ. Хамгаалах тороо нуурынхаа захаас 4-5 м дотуур хийвэл хүн, мал осолдохгүйн дээр тэр 300-400 м урттай, 4-5 м өргөнтэй усанд хүүхэд залуус орох, сэлэх, улмаар усан спорт хөгжүүлэх боломжтой бөгөөд энэ орчныг аялал зугаалгын бүс болгон тохижуулах ажил санаанд багтаж байна. Тэгвэл нутгийн минь залуус хаа холын Цоохор нуурыг зорих, бас осолдохын аюулгүй болно шүү дээ.          Төлөвлөн буй далангийн дээд хэсэгт багцаалбал нэг сар орчмын дотор нуур үүсэх бөгөөд энэ хооронд голоо бүрэн хаахгүйгээр зохицуулах боломжтой гэнэ. Нуурын ус далангаа даван, 20-30 м өргөнтэй, 5 м өндөртэй үзэсгэлэнт хүрхрээ үүсгэн бууж урсахын цагт Хөвхөр голын маань урсац нэмэгдэн, Хишигтийн дэнгээс доошоо, одоогийнхоосоо ядаж 2-3 км хол урсах юм. Ингэвэл тэр хавийг хүнсний нарийн ногооны талбай болгон нутгийнхан минь миний мөрөөдөөд байдаг “Эмт хөрсний шимт ногоо”-гоо өөрсдөө тарин ургуулж, мөнгөө хэмнэхийн хамт хамгийн гол нь эрүүл, цэвэр сайхан ногоо идэх билээ.

Энд би “ойролцоогоор, багцаалбал, ядаж” гэх мэтийн үгийг хэлж байгаа нь  мэргэжилтэн Л.Хорлийн төсөөллийн дагуу инженер геологийн баг газар дээр нь ирж нарийвчилсан хэмжилт хийж, хийх ажлынхаа зураг төсөл, төсвийг зохиох ёстойд оршино. Үүний тулд Дэлгэр багийн Иргэдийн хурлын зөвшөөрөл хэрэгтэй бөгөөд тэд маань санаачилгыг минь дэмжвэл ажил эхлэх юм. Энэ талаар Дэлгэр багийн засаг дарга А.Содномдаржаа, сумын ИХ-ын дарга Г.Эрдэнэчулуун нартай утсаар ярин учрыг ухуулав. Зураг төсөл бэлэн болохоор дэлхийгээс мөнгө олох ажилдаа орно. Энэ талаар Унгар улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Зинаамядар ахынхаа хүү Батбаяр дүүтэйгээ ярилцаж байгаа билээ...

Хоёр.Дээрээс асгарсан бороо, гэрт орсон ус

Бид Хөвхөр голынхоо зүүн хаяагаар уруудан Хишигтийн дэн дээр ирж мэгзмээ хэдэн удаа шингэлээд, Уужаагийнхаа цагаан адисыг хур бороо гуйн шившиж өргөөд, 5 хижээл эр нүцгэлэн  овоогоо тойрч дэвж шаваад, би хүн бүхнийхээ цолыг хэр чадлаараа дуудан хөгжилдөцгөөсөн юм. Л.Хорлийнхоо цолыг гэхэд “Завхан аймгийн Идэр сумын харьяат, усны агуу инженер, лусын хааны дотнын нөхөр, манай Хөвхөр голын урсацыг нэмэгдүүлэх шидтэн Хорлий, манлайлан дэвэгч, мандан бадрах, маш гайхамшигт...” гэх мэтээр дуудсан бөлгөө. Үүгээр бидний урьдчилсан судалгаа-тандалт, бороо гуйлтын ажил өндөрлөж буй тул сумын төврүүгээ буцлаа. Гэтэл гайхалтай юм болж устай ширүүн бороо шаагиж эхлэв. Шороон зам дээр ус тогтон урсаж байна. Гэвч энэ бороо Хишигтийн дэн хавийн 3-4 км өргөнтэй газарт л орсон билээ. Энэ бол алсаас цайрч, нөмрөн ирж орсон бороо биш зүгээр л эгц дээрээс гэнэт асгарсан бороо.

Төв дээр ирж Я.Алтангэрэлийндээ цайлж аваад “Үхэр чулуут”-руугаа довтолгов. Зам зуурт Монголд ганц байдаг “Загал үүр”-ийн хиригсүүрээ Хорлийдоо үзүүлсэн. Ядамсүрэнгийнд хоносон шөнийн өглөөгүүр 5 цагийн үед сайхан бороо чагнан чагнан 2 цаг орчим шаагиж, гэр лүү ус орж сандаргаад авлаа. Айл хотлынхон биднийг хур дагуулж ирлээ хэмээн баясна. Энэ өдөр Буянтаар орж ноднин тарьсан “Ээж төгөл”-өө үзэв. Чийг дутсан, эсвэл бид тарих технологи алдсан зэрэг шалтгаанаар тааруухан дүнтэй харагдав. Гэвч хайлаас ч, улиас ч, бургас ч, чацаргана ч ургах боломжтойг харуулсан цөөн тооны мод юутай ч навчилжээ. “Намар зориуд ирж сэргээн тарина, заавал ургуулна. Бас Хавцлын эхний булаг, Буянтын голын эхийг багийнхаа харьяат залуусаа уриалан дуудаж хамгаална” гэсэн санаа төрөв. 

Эндээс Уужаагийнхаа суварга дээр ирж мөргөөд, Улаан булгийг дайран сумын төв рүүгээ зүглэв. Энэ бол ямар ч хамгаалалт хийх шаардлагагүй байгалийн хамгалалттай буюу том том чулуун дундаас оргилдог тул мал гишгэн дарах аргагүй булаг юм. Ингээд Л.Хорлийгоо автобусанд суулган буцаагаад Хавчиг булагт зүсч буй Дарам хооёоодоо золгоод Үхэр чулуутдаа ирж хоёр хоног амрав. Энэ өдөр, хоногуудад шивэрсэн бороо бага багаар орсоор л байлаа. Хавчиг булаг, Холбоо, Тосон, Ганга, Үхэр чулуут хавиар сайхан дааж, уулс ногоон харагдаж байлаа. Нутагт минь бороо ороход сэтгэлд минь ногоо урганам.

Гурав. Сэтгэл баясгасан сайхан мэдээ

Улсын аварга малчин Д.Дамчаагийн гэргий, Ядамсүрэнгийн дүү, улсын анхны аварга малчин залуу цолыг 1986 онд хүртсэн Л.Хандсүрэн дүүгээсээ сэтгэл баясгасан сайхан мэдээ сонсов. Тэрээр байнга нутагладаг байсан Цэцэрлэгийнхээ ойд хэдэн жилийн өмнө зориуд орж үзсэн аж. Тэжийж ярайсан өндөр өндөр хожуул цайрч элэг эмтрэм харагддаг байсан ойд өндөр нь гэхэд гэрийн баганын дайтай болсон нялх, чигжүү ой ургасан байна гэнэ. Хандсүрэн дүү “Тэр сайхан залуу ойг хараад баярлахдаа нулимс унагасан шүү” гэж ярих нь нутагтаа хайртай ухаалаг хүний л сэтгэл юм даа. Миний бие эрчүүдээс голдуу “Өлзийт, Цэцэрлэг, Давхраа, Гэмбий богд, Музан, Хөшөөтийн мод хаяаруугаа тэлж, дотроо нягтарч шинэ ой ургаж байна уу” гэж байнга асуудаг хүн. Эрчүүд “Нэг их юм мэдэгдэхгүй юм аа” гэж л хариулдаг улс. Гэтэл энэ бүсгүй ой нь нялхарч байгааг хараад нулимс унагажээ. Энэ бол миний нутагтаа очоод сонссон нэгэн сайхан мэдээ байлаа. Цэцэрлэгийн ой ингэж байгаа бол бусад газруудынх ч бас л ийнхүү нялхран ургаж байгаа нь тодорхой. Бургасны завсрын бургас тэмээтэй ачаа явахааргүй болон ургасан гэнэ. Ахмад үеийнхэн нь 1950-60-аад онд аймаг, сумын сургууль, эмнэлгийн галалгаанд зориулан албан журмаар ихэд хэлмэгдүүлсэн ойгоо, талын үхэр харганаа энэ үеийнхэн маань үнэхээр хайрладаг болсныг хүн бүрийн амнаас сонсож явлаа. Тэд хуурай унанги л авахаас нойтон мод, харганадаа огт гар хүрдэггүй аж.  Нутгийнхаа тэр сайхан баялаг, чимэг гоёлоо та нар минь л хайрлахгүй, хамгаалахгүй юм бол хэн хайрлаж, хамгаалах билээ дээ. Зарим хүн харганыг юун ч их магтах юм билээ дээ гэж тохуурхан бодож магад. Чухамхүү тал дүүрэн ургасан энэ л ямаан харгана, үхэр харганынхаа буянаар манай нутаг цөлжилт гэх аюулаас ангид байгаа билээ. Би “Монголын минь бүх нутаг ийм харганатай болоосой” гэж энд тэндхийн нүцгэн талыг хараад боддог хүн л дээ...

Аяа, нутгаа зорьсон урт холын аян минь надад ийм урам зориг, бадрангуй төсөөлөл хайрлалаа. Нутгаа гэсэн ухарч няцахгүй сэтгэлд минь цэлэлзээд байгаа “Булган” нуур минь, Бумбатынхаа бэл хүртэл дөмөлзөөд байгаа Хөвхөр гол минь, хадлан, тариалан найгаад байгаа голын адаг минь, нуурандаа цэнгэж зугаалаад байгаа хүүхэд, залуус минь, нутагтаа жарган суугаа Олхонууд түмэн минь...

 
Төгс Олхонууд Довдонгийн Данзан(МУСГЗ,
МЗЭ-ийн шагналт яруу найрагч)
2018.7.04.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-09-03 23:33:18
    1994 онд сүүлчийн үлгэлжисэн бороо ороод түүнээс хойш 24-25 жил энэ жилийнх шиг ийм сайхан бороо ороогүй юм аа.Би энэ дэлхий ертөнц сөнөх хатах талруугаа явж .....
  •  2018-09-03 03:20:00
    далан хийхээр ус арвижаад байдаг юм бол говьд далан барьчихаач. тэгээд л хур харахгүй устай болно.
  • naizdaa yran saihan niitleleen bichseer  2018-09-02 12:04:46
    D.Danzan mini nehertee bainga bayarlaj yabdag syy!!!ene ydaa Pranzaas mendchilej yabna!Delhiin tenyylch Temercheder?....amjilt hysye naizdaa!!!