Багш нарын бойкот Засгийн газрыг биш ард түмнийг оноод байна

Багш нарын бойкот хоёр намар дамжиж байна. Өнгөрсөн жилийн өдийд хот, хөдөөгийн 72 сургууль, 56 цэцэрлэг хичээлээ нээж, хонхоо цохиогүй. Гэтэл энэ жил мөн л эцэг, эхчүүд эргэлзээ тээнэгэлзээтэй, сурагчид битүүхэн хүлээлт дунд есдүгээр сарын 1-нийг угтлаа. Өөрөөр хэлбэл, цалин нэмэхэд уриалж, зохион байгуулж буй МҮЭХ-ны болчимгүй үйлдлээс болж, 300 мянган багш сурагчдаа үл тоож, ЕБС-ийн 600 мянган хүүхэд сургуульдаа очиж чадахгүйд хүрэх бололтой.

Гэвч улс орон даяар ажил хаяна гэсэн уриа, лоозонгоор далайлгаснаас биш аль сургуулийн хэдэн багш ажил хаях нарийн тооцоо судалгаа, ард нь хохироод үлдэж байгаа хүүхдүүд хаачих, тэдний сэтгэлзүй ямар байхыг бодолцохгүйгээр нийгэм даяар бөөн эргэлзээ үүсгэж орхив.

Багш нарын цалингаа нэмүүлэх тэмцлийг дэмжихгүй гэх нэг ч хүн үгүй. Өнгөрсөн хугацаанд иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уухайлан дэмжиж, төр засгаас олон улсын байгууллагатай хийсэн гэрээгээ хэд дахин өөрчилж, нэхэл дагал болж байж эхнйй ээлжинд бага ч болов нэмэхээр болсон.

Засгийн газраас өнгөрсөн сарын 22-нд боловсролын салбарт ажиллагсдын цалинг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр болсон. Гэвч энэхүү нэмэгдэл нь мөнгөн дүнд хөрвүүлэхээр 30-50 мянган төгрөг болж байна хэмээн чамлаж, 50 хүртэлх хувиар нэмэхгүй бол хугацаагүй ажил хаяна гэх багш нарын тэмцэл улам хүчээ авлаа. Эхнээсээ сургууль, цэцэрлэгүүд эцэг эхчүүдэд хичээл орохгүй гэсэн мэдэгдлийг хүргүүлж эхэлжээ. Тэнд дурьдсанаар, цалинг яаралтай эхний ээлжинд 15 хувиар, ирэх оноос өмнө 50 хувиар нэмэгдүүлэх, ажил хаялтад оролцсон багш нарын цалинг бүрэн олгох, 300 мянган төгрөгийн урамшууллыг аравдугаар сарын 1-ний дотор олгохыг шаардаж байгаа гэнэ.

Багш нар эрхээ эдэлж болно. Үүнийг нь улс даяараа дэмжиж байгаа. Гэхдээ тэмцэхэд хариуцлага, ёсзүй, зарчим байх ёстой. Багш нарын тэмцэлд зуны гурван сарын хангалттай хугацаа байв. Сурагчид л амарсан болохоос Засгийн газар, холбогдох яам, агентлагууд ажиллаж л байсан. Зөвшилцөх, шийдэлд хүрэх эсвэл талбай дээр гараад 90 хоног жагсах, өлсөх эрх нь чөлөөтэй байв. Гэтэл өнгөрсөн хугацаанд амарч аялаж зугаалж явсан багш нар хичээлийн шинэ жилээр тэмцлээ дахин үргэлжлүүлж байна.

Хоёрдугаарт, хүүхдүүдийн сурах, хөгжих эрх багш нарын цалингаас үнэ цэнэгүй байх учиргүй юм. Багш нар эрх ашгаа хамгаалж болно. Гэхдээ гэмгүй хүүхдүүдийг хохироох ёсгүй.

Мөн энд зайлшгүй дурдах ёстой нэг субьект бол МҮЭХ буюу ажил хаялтад турхирагч гол зохион байгуулагч. Уг нь Засгийн газартай зөвшилцлийн ширээний ард суудаг “том” эрхтэй байгууллага. Гэтэл сүүлийн үед хэсэг байж байгаад л цалин, тэтгэвэр нэмүүлнэ гэж хашхирахаас өөр шидгүй болснийг багш нарын ажил хаялт бэлхнээ харуулж байна.

МҮЭХ-нд зөвхөн мөнгөний ажилтай зууралдахаас өөр цаг үеийн шаардлагатай, хариулт нэхсэн олон асуулт бий. Хариуцлага нэхэх ёстой байгууллага нь битгий хэл хэн бүхний сэтгэл зовниж хэрэндээ л дуу хоолойгоо хүргэх гэж хичээж буй хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийлэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, осол аваар гээд тоочоод байвал бишгүй. Ер нь МҮЭХ аль ч салбарт дарамт болж, эрх ашиг нь хөндөгдөж буй асуудалд дуугарах л ёстой байгууллага. Гэвч энэ бүхэнд МҮЭХ ганц удаа байр сууриа илэрхийлсэн бил үү. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг иргэд сайн дураараа жагсч тэмцээд байхад дуугарсан бил үү гэдэг бас бодох л асуудал.

Нөгөө талаас ажил хаясан багш нарын цалинг нь хэн олгох вэ. Хуулиараа бол ажил хаясан тохиолдолд ажил олгогч цалин олгохгүй. Ажил хаялтад багш нарыг уриалан зохион байгуулсан Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хариуцах ёстой аж. Тэгэхээр ажил хаясан багш нарын цалинг олгох мөнгө ҮЭ-д нь байгаа юу гэдгийг тодорхой болгох ёстой болж таарч байна. Үйлдвэрчний эвлэлд мөнгө байхгүй бол мөн хуулиараа ажил хаясан багш нарын нийгмийн даатгалд цоорхой үүснэ. Мөн тасарч байгаа хичээлийг хэзээ, хэрхэн яаж нөхөж, сурагчдыг хоцрогдолгүй сурах боломжоор хангах вэ. Ийнхүү багш нарын бойкот Засгийн газрыг биш ард түмнийг, гэмгүй сурагчдыг оноод байгаа нь хаа, хаанаа бодох ёстой асуудал.

Уг нь есдүгээр сарын бол зөвхөн багш нарын асуудалд анхаарах бус Монгол Улсын, Монголын ард түмний тэрдундаа хичээлийн шинэ жилээ хөөрч баясч тэсэн ядан хүлээдэг хэдэн мянган хүүхдүүдийн баярын өдөр юм. Тиймээс дүрэмт хувцас, сурагчийн цүнхээ бэлтгэсэн хүүхдүүдийн хүсэл тэмүүлэл, догдлолыг унтраах, мөнгөөр солих эрх хэнд ч үгүй билээ.

Эцэст нь тэмдэглэхэд МҮЭХ хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт төлөөллийн нэг, багш нар бол үүрэг хүлээж, тангараг өргөсөн төрийн албан хаагчид учраас сурагчдаар барьцаа хийж тохиролцож, наймаалцах ёсгүй юм. Гарц ямагт байдаг.

Зууны мэдээ
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ннн 2018-09-04 04:54:39
    Нэмнэ гээд худлаа яриад байхаар ажил хаях нь аргагүй шүү дээ.
  • Пүүжий 2018-09-03 15:08:21
    Одоо хүүхдийн төлөө сэтгэлтэй багш нар байна уу? Эхлээд татвар төлөгчийн цалин хангамжийг нэмж төлөх татварыг нэмэгдүүлэх хэрэгтэй шүү дээ. Дараа нь болох юм
  • Зочин 2018-09-03 05:32:32
    Энэ улсууд ингэж сууж байхынхаа оронд үүргээ биелүүлээд сурган хүмүүжүүлэх ажлаа хийгээсэй.Хүүхдүүдийн буянд та нар байнгын ажилтай байгаа шүү дээ.
  • Зочин 2018-09-03 05:12:34
    Олигтой боловсрол олгож чадаж байгаа юм шиг ичих нүүргүй, ёс суртахуунгүй юмнууд
  • зочин 2018-09-03 03:58:57
    тэр чигээрээ ажилаа хая тэртээ тэргүй сургалтын чанар гэж ноол багш нар нь улаан шоучид л биздээ эмч багш нар идсээр байгаад хувалз шиг болцон байгаа биздээ
  •  2018-09-03 02:03:55
    хувьсгал хийж төрийн үргүй зардлыг хасаж ОТ-н муу гэрээг цуцалж гээд их ажил байнаа
  • zochin 2018-09-03 01:48:57
    төрийн үйлчилгээний албан хаагч ижил цалин авч байгаа атлаа төтвөр төлөгч бид нарын мөнгийг дураараа нэхэхээ болих хэрэгтэй. Сургалтын чанар гэж ямар байгааг ...