Хууль хүчнийхэн болоод алтны компаниуд Заамарчуудыг удаа дараалан дарамталж байна гэв
Төв аймгийн Заамар сумын иргэд өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа.

Тус сумын иргэд Үндсэн хуульд заасан “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас эрх”-ээ эдэлж чадахгүйд хүрсэн талаараа мэдээлэв.

Учир нь Заамарт алтны лиценз эзэмшдэг “Эрдэнэсийн эрэг” ХХК орон нутгийн иргэдийг хагалан бутаргах, Төв аймгийн цагдаагийн ажилтнуудаар гэрчийн мэдүүлэг авах нэрээр иргэдийг шүүх дарамтлах, ИТХ-ын төлөөлөгч нарыг зохиомол хэрэгт хутган дарамталж байна.
 
Хэвлэлийн хурал хийсэн хүмүүсийн хэлж байгаагаар “Заамар сумын Хайлааст багт уул уурхайн олборолт явуулаад нөхөн сэргээлт хийгээгүй. Тэгсэн хэрнээ “Алт 2” хөтөлбөрийн хүрээнд малчдын бүс нутаг, бэлчээр Туул голын хамгаалалттай тусгай газарт 21 мянган га талбайд хайгуулын лицензийн зөвшөөрлийг хүч түрэмгийлэн  хууль бусаар олгосон байгаа юм. Орон нутгийн иргэд үе шаттайгаар холбогдох байгууллага болон шүүхэд хандлаа.

Хайгуулын зөвшөөрөл олгогдсон хууль бус зөвшөөрлийг цуцлаж өгөхийг хүссэн. Гэвч газар шороогоо хамгаалж байгаа нутгийн иргэдийн хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй, зургаан сараар уялаа. Тиймээс бид “Эрдэнэсийн эрэг” ХХК-ийг үүсгэн байгуулсан Төв аймгийн Засаг дарга болон бусад удирдлагууд шүүхэд нөлөөлөөд байгаа юм биш биз дээ гэж хардаж байгаа юм” гэв.  

Түүнчлэн салбар яамнаасаа давсан эрх мэдэлтэй АМГТГ “Эко Алтан заамар” компанийн талд үйлчлэхээ зогсоо гэсэн шаардлагыг тавилаа.
 
Тодруулбал, дээрх сумын Хайлааст багийн Их тохойрол гэх газарт “Эко Алтан заамар” компанид 2534 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байдаг.
 
Тус компани нь техник эдийн засгийн үндэслэлгүй, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгүй, Байгаль орчны менежментын төлөвлөгөөгүйгээр Туул голын онцгой ба энгийн хамгаалалтын бүсэд олборлолтын үйл ажиллагаа явуулсныг нутгийн иргэд эсэргүүцэн удаа дараалан тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, холбогдох яам тамгын газар, эрх мэдэлтнүүд хандсаны үндсэн дээр БОАЖЯ-аас өнгөрсөн долдугаар сарын өдрийн 2018/02 тоот дүгнэлтийг гарган уг лицензийг цуцлах саналыг АМГТГ-т хүргүүлсэн юм.

Ингэснээр АМГТГ БОАЖЯ-ны дүгнэлтэд үндэслэн уг лицензийг цуцлах бүрдсэн юм.

Гэвч АМГТГ-аас 2018 оны наймдугаар сарын 08-ны өдрийн 7/5498 тоот албан бичгээр салбар яаманд албан бичиг ирүүлжээ.

Өөрөөр хэлбэл, ерөнхий чиг үүргийн яам буюу БОАЖЯ-аас гаргаж байгаа шийдвэрийг үл харгалзан АМГТГ-аас уг тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа “Эко алтан заамар” ХХК-ийн тайлбарыг үндэслэн тусгай цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна хэмээн “том” толгойлжээ.

Дээр нь хууль хүчнийхэн болоод эрх мэдэл нь хэтийдсэн “Эко алтан заамар” “Эрдэнэсийн эрэг” гэх мэт компаниуд Заамарчуудыг амгалан тайван амьдруулахгүй байна.

Иймд Заамар нутгийнхны газар шороо, нутаг усаа авран хамгаалах тэмцэл эсэргүүцлийг хүчгүйдүүлэх, хууль бус эрээ цээргүй энэ бузар үйл ажиллагааг таслан зогсоож өгнө үү хэмээн Улсын их хурлын Хууль зүйн Байнгын хороо болон УЕП-т хандаж байна. Тиймээс бидэнд хууль зүйн туслалцаа үзүүлж, хуулийн хамгаалалтад авна уу хэмээн Заамарчууд хүслээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.