Чөлөөтийнхөн Якутаас найман медаль хүртлээ

ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын нэрт дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн есдүгээр сарын 6-8-нд ОХУ-ын Сахад боллоо. Нэрт дасгалжуулагчийн 90 насны дурсгалд зориулсан XI удаагийн тэмцээнд ОХУ, Монгол, Азербайжан, АНУ, Армен, Афганистан, Болгар, Беларусь, БНХАУ, Гүрж, Грек, Герман, Иран, Испани, Итали, Израиль, Казахстан, Колумб, Молдав, Македон, Финлянд, Турк, Румын, Унгар, Узбекистан, Украин, Эквадор, Энэтхэг, Эстони, Япон гээд Европ, Ази, Америк тивийн 30 орны 195 тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв. Үүнээс олимп, дэлхийн медальтай 20-иод бөх зодоглосон юм.

Нийт 180 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын удирдлага дор сарын дараа Унгарын нийслэл Будапештэд болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох есөн тамирчин (гавьяат тамирчин Э.Бэхбаяраас бусад нь) хүч үзсэн. Манай эрчүүд Якутад дэлхийн аваргын өмнөх бэлтгэлээ шалгаж таван мөнгө, гурван хүрэл, нийт найман медаль хүртэв.

Тодруулбал, 61 кг-ын жинд “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Т.Түвшинтулга 65 кг-д “Арслан” клубийн тамирчин ОУХМ Т.Тулга, 70 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Бямбадорж, 97 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин Ө.Батзул, 125 кг-д “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Н.Золбоо мөнгө, 79 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин МУГТ П.Өнөрбат, 86 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ О.Үйтүмэн, 92 кг-д “Арслан” клубийн тамирчин ОУХМ Л.Төртогтох хүрэл медалийн эзэн боллоо. Якутууд нэрт дасгалжуулагчийн дурсгалд зориулсан тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулсан бөгөөд аваргыг 7000, мөнгө 5000, хүрэл 3000 “ногоон”-оор байлсан. 

Зохион байгуулагч Саха болон Хойд Осет, бөхийн орон Иран, Азербайжан тус бүр хоёр, Буриад, Красноярскийн бөхчүүд нэг жинд аваргалсан. Өнөө цагийн дэлхийн шилдэг хүчтэнүүд болох “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Франк Чамизо (Итали), олимп, дэлхийн аварга Сослан Рамонов жиндээ түрүүлж чадаагүйгээс гадна “Рио-2016” олимпийн дэд аварга Рей Хигүчи хоосон нутаг буцлаа.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-09-09 07:45:04
    дэлхийн аваргад оросоос нэг л бех очно энд хэд хэдэн орос ирсэн гэхээр тэгээд бех хегжсен бух орон очсон бна дэлхийн аваргаас дутахааргуй чансаатай тэмцээн болж...
  • зочин 2018-09-09 04:12:56
    дэлхийгээс таван менге гурван хурэл авчээ гэж ойлгоход нэг их хол зеруу гарахгуй шуу чамлахаас чанга атга
    • Асаа 2018-09-09 06:31:23
      Сенегал, хойд Солонгос, Энэтхэг, Бээтнам бөхчүүд оролцоогүй юм чинь яаж ДАШТ-тай эн зэрэнцүүлж болох вэ дээ.