Д.Рэгдэл: Ц.Дамдинсүрэн судлалд төдийлөн ахиц гараагүй
Төрийн гурван удаагийн шагналт, ХХ зууны манлай эрдэмтэн, Монгол Улсын ууган ардын зохиолч, академич Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 07-ны өдөр боллоо. Хуралд Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Цэрэнсодном, Д.Төмөртогтоо, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдэв,  ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал  Г.Билгүүдэй, Токиогийн Гадаад судлалын Их сургуулийн доктор Окада Казиюүки, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн доктор Яхонтова Наталья Сергеевна тэргүүтэй гадаад дотоодын нэрт эрдэмтэн судлаачид оролцов.

 Хурлын үеэр академич Ц.Дамдинсүрэнгийн уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгэж олон нийтэд танилцуулсан юм. Эрдэм шинжилгээний хурлын нээлтийн үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Хорьдугаар зууны эхэн үеийн бүх ард түмнийг богино хугацаанд соён гэгээрүүлэх, ялангуяа бүх нийтийг бичиг үсэгт тайлах үйл хэрэгт манай хэл бичгийн салбарын эрдэмтэд, түүний дотор академич Цэндийн Дамдинсүрэн оройлон оролцож, онцгой гавьяа байгуулсан хүн.  Түүний 1930-аад оноос бичиж хэвлүүлсэн “Хичээл билгээ гаргаж хэл бичгээ хөгжүүлье” тэргүүтэй өгүүлэл, нийтлэлүүд хийгээд түүний боловсруулсан “Монгол шинэ үсгийн дүрэм” нь монгол үндэстний нэгдмэл утга зохиолын хэл бүрэлдэн тогтоход үлэмжхэн нөлөөлж, өнөөдөр ч гэсэн бид бүхний бичгийн харилцааны хөрс суурь болж, хүчин төгөлдөр үйлчилж байна.

Үүнээс гадна бид бодлогын төдийгүй практик үйл ажлын түвшинд ч ялгаагүй Дамдинсүрэн судлалд зохих ёсны ач холбогдол өгч тууштай ажиллаж чадахгүй байгаадаа шүүмжлэлтэй хандах хэрэгтэй байгаа юм. Академич Ц. Дамдинсүрэнгийн 100 жилийн ойг тэмдэглэж байсан үетэй харьцуулахад бидний судалгааны орчин нөхцөл сайжирсан байна. Харин Дамдинсүрэн судлалын ажилд төдийлөн ахиц гараагүй мэт сэтгэгдэл надад төрдөгийг нуух хэрэггүй гэж бодож байна. Өнөөдрийн ЭШХурлын үеэр дахин авч үзэж, сайн яриасай гэж би хүсэж байна” гэсэн юм.

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт зохиолч, академич Цэндийн Дамдинсүрэн бол орчин цагийн соёл боловсролыг олон мянган жилийн уламжлалт соёлтойгоо зохистойгоор хослуулан хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан шинэ цагийн шилдэг сэхээтний нэг, эгнэгт дурсагдах их эрдэмтэн билээ.

Тэрбээр “Гологдсон хүүхэн” туужаа бичиж монголын орчин цагийн уран зохиолд эгэл жирийн хүний дүрийг анхлан оруулж уламжлалт утга зохиолын дүрслэлийн арга, дүрийн бүтцэд шинэчлэл хийж бясалган номлогч номой дүрээс хувьсган өөрчлөгч тэмцэгчийн дүрийг товойтол гаргаж тавьсан билээ. Түүнчлэн А.С.Пушкины “Үүл”, “Хүрэл хөшөө”, “Полтав”, “Омтгойрон гудамжны үймээнд явагч”, “Алтан загасны үлгэр”, “Олег сэцний дуулал”, М.Лермонтовын “Далбаа”, “Оросын туульсийн их найраглал “Игорын хорооны тууж”, унгарын Ш.Пөтөөфийн “Сүв бүгдээр шургаж”, чехийн Ян Нерудагийн “Зүүн зүгээс гэгээрлээ”, төвд хэлнээс монгол хэлнээ “Янагийн дуулал”, санскрит, төвд хэлнээс “Үүлэн элч” /эхний зургаан бадаг/ зэрэг, өрнө дорнын олон хэлний уран зохиолын бүтээл орчуулжээ. Энэ мэтчлэн олон тооны орчуулга хийсний дээр Ц.Дамдинсүрэн нь шинэ үеийн уран сайхны орчуулгын туршлагыг буй болгосон төдийгүй орчуулгын онолыг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан нь монголын орчуулгын түүхэнд онцгой байр эзэлдэг.
Тэрбээр “Монголын нууц товчоог” өргөн олон уншигчдад танилцуулах зорилгоор утгыг алдахгүй, зохиолын хэл найруулгын онцгой шинжийг гээгдүүлэхгүйг гол болгож, ардын аман зохиолын баялаг уламжлалыг түшиглэн орчин цагийн монгол хэлэнд буулгасан билээ. Энэ нь сурвалж бичгийг эрдэм шинжилгээний үүднээс боловсруулсан арга, орчуулгын хувьд ч чухал ач холбогдолтой бүтээл болсон юм.

Ц.Дамдинсүрэнгийн зохиол бүтээлүүд монгол туургатнаас гадна орос, англи, герман, франц, хятяд, солонгос, чех, мажар, болгар, польш зэрэг олон хэлээр удаа дараа орчуулагдан гадаадын уншигч орчуулагч судлаач олны талархал хүндэтгэлийг хүлээсний дээр шинэ цагийн монголын утга зохиолын туршлага, уран сайхны сэтгэлгээний баялаг уламжлал, түүх, соёлын зангилаа асуудлыг авч үзэхэд судалгааны гол хэрэглэглэхүүн болсоор байна.


Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-09-09 10:13:38
    Босоо Монгол бичиг ээ гэж сайхан даа.
  • зочин 2018-09-09 07:48:50
    рэгдэл гуай академийнхаа эрдэмтийнхээ ажлын ур дунг мэддэг л юм бна шуа ер нь юу хийж гийгуулсэн юм хэдэн булш л ухсан байх енермаа дашцэрэнд хууртагдана