Дулааны шугам сүлжээ тавьж өгөхөөр тендэр авсан компаниудаас болж айлууд гурван сар халуун усгүй зутарч байна
БЗД-ийн 16 дугаар хорооны зарим байрууд гурван сар халуун усгүй, оршин суугчид зутарч байна гэсэн мэдээлэл ирсэн юм.
 
Мэдээллийн дагуу дээрх байруудыг зорьж очиж сурвалжлага хийлээ. Тодруулбал, Офицерын ордны тойргоор дээшээ өгсөөд Цайз явах замд тус хорооны 28 дугаар байр болон замынхаа эсрэг талд хуучны хоёр давхар шар байрууд халуун усгүй бараг 4 сар болж байгаа гэнэ.
 
Оршин суугчдын хэлж буйгаар хүйтний улирал ирж байхад халуун ус ч үгүй, дулаанаа ч өгөөгүй байгаа энэ үед их зутарч байна. Нялх нойтон хүүхдүүдээс ханиад томуу салахгүй хэцүү байна гэсэн юм. Байранд амьдрах ая тухтай, халуун хүйтэн устай, цэвэрхэн тохитой гэдэг ч халуун усгүй, дулаангүй л болчихвол хэрэг алга.

Тэдний хэлснээр халуун усыг нь хаагаад гурван сар болсон шалтгаан нь дулааны шугам сүлжээ тавьж байгаа амжилтай холбоотой гэсэн юм.
 
Офицерийн зүүн хойно байх “Хорго” хотхоны ойр орчимд газар ухаж том шугамууд тавих ажил үргэлжилж байгаа бөгөөд энэ ажлаас болж дээр байрлах байруудын халуун усыг тасалсан гэх.
 
Оршин суугч О нь “Халуун ус тавдугаар сард тасарсан. Гэхдээ удалгүй хэд хоног ирээд дахиад тасарсан. Тэгээд зургадугаар сард дахин тасраад долдугаар сарын 20-нд ирэхээр төлөвлөгдсөн байсан. Гэвч ирээгүй, энэ хугацаа нь хойшлоод наймдугаар сарын 04 болов, бас байдаггүй. Одоо есдүгээр сарын 10-д гарсан байдаг халуун ус байхгүй. Хэсэг бүлэг байрууд халуун усгүй байгаа.

Тэгээд холбогдох газрууд руу холбогдож асууж сураглахаар дулааны шугам бүхлээр нь сольж байгаа учраас жаахан удаж байгаа юм гэсэн. Батлан хамгаалах яамны урд талаас Хорго хотхоны урд, Улаанхуарангийн эцэс орчмыг тэр чигт газрыг нь ухаж сэндийлчихээд зунжингаа ажил хийж байгаа нэртэй ажилласан ч урагшилдаггүй ажилтай. Наадмаар хэд хоног ажиллаагүй. Ажил хийж байгаа хүмүүс нь ажлаа хийдэггүй, тамхи татаад зүгээр сууж байгаа харагддаг. 

Оршин суугчдийн эрх ашиг тав тухыг алдагдуулж байгаад хэн хариуцлага хүлээх юм. Тэгээд контороос асуухаар НЗДТГ-т албан тоот бичиг өгсөн байгаа. Тэндээс болохоор дулааны шугам сүлжээ засварлаж, хийхээр тендерт шалгарсан компаниудад албан тоот өгсөн. Удахгүй ирэх байх гэдгээр ам тагладаг. Одоо тэгээд энэ сарын 15-нд халаалт өгдөг болохоор зэрэгцэж ирэх болов уу гэсэн гордлоготой.

Эсрэг талын хуучны шар байрууд ч бас халуун усгүй. Яг энэ дулааны шугам сүлжээ тавих ажил нь юун дээр гацаад байгаа ямар төлөвлөгөөтэй ажил байсан юм бэ. Яагаад оршин суугчдыг бүхэл бүтэн гурван сар халуун усгүй хохироож байгаа талаар асууж сураглахаар хэн ч хариу өгдөггүй. Сүүлдээ утсаа авахаа болилоо. Бид хаана гомдол гаргахаа мэдэхээ байлаа. Энэ ажлыг ямар компани тендэрээр шалгарч аваад хэдэн хоногийн төлөвлөгөөтөй ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй” гэв.



 
Эсрэг талын хоёр давхар шар байранд амьдардаг Г.Давга “Бараг тавдугаар сараас хойш халуун усны бараа хараагүй дээ. Асуухаар дулааны шугам сүлжээ тавьж байгаа гэдэг юм. Одоо энэ сарын 15-наас эхлээд дулаантайгаа хамт өгөх байх гэж харж байгаа. Манай байрныхан бас хэл ам хийгээд яваад байгаа сурагтай” гэлээ.
 
Тус 28 дугаар байрын СӨХ-ны дарга нь болохоор “Би ажлаа аваад сар болж байна. Манай энэ хавийнхны дулааны сан хариуцсан ахлах инженер нь утсаа авахаа больсон. Бид хандаж болох бүх газарт хандаад байна. Хариу ч алга. Оршин суугчдыг өөрсдөө гомдол гарга. Би ганцаараа яваад хүчрэхгүй юм байна гэж хэлсэн. Надад ойлгуулахдаа Хорго хотхоноос манайх руу өгссөн шугамыг нь тавих ажлыг бас нэг компани авсан юм шиг байгаа юм. Тэр компани л мэднэ. Хорго хавийнхны ажлыг хийж байгаа инженер нь манайхаас шалтгаалах юм байхгүй. Манайхаас шалтгаалах юмаа хийгээд дуусгасан гэж хэлсэн” гэв.
 
“Хорго” хотхоны урд хэсгийг өнгөрсөн наймдугаар сараас эхэлж ухаж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар ажлынх нь гүйцэтгэл муу. Дулааны шугам сүлжээ тавиагүй, том хоолойнуудыг нь ил гаргачихсан байгаа юм. Тэнд ажиллаж байгаа хүмүүсээс асууж тодруулахаар мэдэх хүн ганц ч байхгүй “Мэдэхгүй ээ, мэдэх хүн нь алга байна даа” гэхээс өөр зүйл хэлэхгүй.
 
Олон сар айлуудыг халуун усгүй байлгаад байгаа шалтгааныг дулааны ахлах инженерээс нь утсаар асууж лавлахад “Энэ сарын 15-наас эхлээд халуун усыг нь өгөхөөр болсон. Асуудал юундаа байсан бэ гэхээр “Хорго” хотхоны хажуугаар дулааны шугам сүлжээ дайруулж дээшээ Цайз руу явуулах гэтэл энэ хавийн оршин суугчид болон тэр хавийг хариуцсан инженер нь өөрийн эзэмшлийн газарт газар ухуулахгүй гэж эсэргүүцсэн юм билээ. Гэхдээ өчигдөр тендер авсан компаниудын эзэд хоорондоо зөвшилцөж ойлголцож дулааны шугам хэвийн тавихаар болсон. Тэгэхээр удахгүй байх. Энэ ажлыг хэсэгчлэн олон компани хийх тендер авсан болохоор хоорондоо үл ойлголцолд хүрсэн юм билээ” хэмээв.

Ийнхүү энэ сарын 15-нд буюу бямба гарагт халуун ус өгөхгүй бол оршин суугчид дахин гомдол гаргаж хөлөө хүрэх газраа хүртэл явна гэлээ. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-өөс асуухаар “Манайхаас шалтгаалах зүйл байхгүй. Тэр шугамын сан тавьж байгаа компаниуд мэдэх асуудал” гэжээ.










О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Даваа 2018-09-15 04:14:00
    Хасу мегават та бүхэн энэ ажлаа яаравчлан дуусгаач
    66.181.161.5
    Мэдэгдсэн Хариулах
  • оршин суугч 2018-09-13 14:14:29
    Энэ тендер нэртэй завхарсан ажил оршин суугчдыг vнэхээр зутрааж байна. Одоо тэр компанийг нь зарлаад дахин тендерт орохыг нь болиулаа.
    150.129.143.17
    Мэдэгдсэн Хариулах