Залуу үе хар тамхины ангал руу...

Хар тамхи, мансууруулах бодисын аюул хэдхэн жилийн өмнө монголчуудад, танил бус хамаагүй мэт сонсогдож байсан бол өнөөдөр энэ тахал аюулын харанга дэлдэж, айл болгоны хаалгыг тогшлоо. Тэр хэрээр нийгэмд аюул тариад зогсохгүй Монгол хуний удмын сан, Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна.
 

ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН 20-30 ХУВЬ НЬ ДАВТАН ХЭРЭГ ҮЙЛДСЭН БОЛ 70 ХУВЬ НЬ ШИНЭ ХЭРЭГЛЭГЧИД


Хар тамхины уршгаар айл гэрийн амьдрал сүйрээд зогсохгүй нийгмийн тэнцвэрт байдал алдагдаж гэмт хэргийн сэдэл, үүр уурхай болсон бүхий л сөрөг зүйлсийн учир шалтгаан, гол эх үүсвэр болж байна. Эмч, мэргэжилтнүүдийн тодорхойлсноор мансуурлаас үүдэлтэйгээр иргэдийн эрүүл мэнд, хүний язгуур шинж чанар алдагдаж, бусдын амь насыг хөнөөх, гэмт хэрэгт холбогдох, дээрэм тонуул, хулгай хийх, ёс бус авир гаргах, халдварт өвчин тараах, гэр бүл салж сарних, хүчирхийлэл үйлдэх нь нийгмийн хэв хэмжээ, ёс зүйд үл нийцэх олон сөрөг үзэгдэл гарч байгаа юм. Тэр дундаа хар тамхи, мансууруулах бодисын гэмт хэрэгт холбогдогчдын 80 хувь нь 18-34, 40 хувь нь 19-25 насныхан байгаа нь цагаан тахал залуу үеийг заналхийлж байгаагийн тод жишээ юм. Түүнчлэн гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн 20-30 хувь нь давтан хэрэг үйлдсэн бол 70 хувь нь шинэ хэрэглэгчид байгаа гэх харамсалтай мэдээллийг хууль хяналтын байгууллагаас өгч байна.

Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэгч, холбогдогчдын тоо хурдацтай өсч байгаа нь манай улсад 2002 онд хар тамхины хоёр гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2016 онд энэ тоо 109 болж өссөнөөс харагдаж байна. Мөн сүүлийн 10  гаруй жилийн хугацаанд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 60 орчим хувиар нэмэгдсэний дотор хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 388 гэмт хэрэгт 1112 хүн холбогдсон нь хүн ам цөөн манай улсын хувьд яах аргагүй Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрснийг хууль хяналтын байгууллагаас анхааруулсаар байгаа юм.

1998-2016 оны хооронд манай улсын 128 иргэн гадаад улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон бол 2017 онд Монгол Улсын 42 иргэн саатуулан шалгагдсанаас БНХАУ-д 38, Сингапурт хоёр, ОХУ-д хоёр байна. Ял эдэлж байгаа иргэдийн хувьд БНХАУ-д 34, Словакт нэг байна.
 

1000 ХҮҮХДЭЭС СУДАЛГАА АВАХАД 26 ХУВЬ НЬ МАНСУУРУУЛАХ БОДИС “ХЭРЭГЛЭДЭГ” ГЭЖЭЭ


Сүүлийн жилүүдэд хар тамхи мансууруулах бодисын аюулд 18-30 насныхан илүү өртөж байгаа гэсэн судалгаа гарсан нь Монголын ирээдүй хойч үе ямар дүр зурагтай, ямар нийгмийг бүтээх вэ гэсэн түгшүүрт автуулж байна. Өнгөрсөн онд цагдаа, Сурагчдын холбоо, Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг хамтран 1000 гаруй хүүхдээс судалгаа авахад 26 хувь нь мансууруулах бодис “хэрэглэдэг” гэж хариулсан байна. Өсвөр насны хүүхдийн 130 гаруй мянга нь ямар нэгэн байдлаар хар тамхи хэрэглэж үзсэн. Бүр ангиараа мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсан гэсэн мэдээллийг Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс өгч байгаа юм.

Цагаан тахлын аюул Монголын ирээдүй хойчийг онилж байгаа бас нэгэн жишээ нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж  байгаа залуусын насны ангиллыг харвал 18-20 гаруй насныхан төдийгүй жилд 20 гаруй хүн эмчлүүлдэг байсан бол өнгөрсөн жил гурав дахин нэмэгджээ. Гэтэл тэдгээр залуус донтох мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг өөр дээрээ туршиж хэрэглээд хүндэрснийхээ дараа эмчлүүлнэ гэж боддог. Гэтэл дэлхий нийтээр энэ төрлийн эмчилгээний үр дүн 1-5 хувьтай 95 хувьд нь ямар нэгэн үр дүнгүй байдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Хар тамхины хэргийн хариуцлага бусад хэргийнхээс хүнд учраас хүрээлэл нь ч нууцлагдмал. Тэгэхээр бүртгэгдээгүй хэргийн тоо бүртгэгдсэнээс хэд дахин олон байх магадлал өндөр аж. Албан ёсны мэдээллээр манай улсад 5000-8000 байнгын хар тамхи хэрэглэгч бий гэдэг тоон мэдээ байна. Хуулийнхны тооцооллоор нэг хүний ард 4-5 хүн байдаг гэж бодохоор энэ тоо 40 мянга болж өсөх магадлалтай юм.
 

НИЙГМИЙН ДАВХАРГА, МЭРГЭЖИЛ, БОЛОВСРОЛ ХАРГАЛЗАХГҮЙГЭЭР ХҮН АМЫН ДУНД ЧИМЭЭГҮЙ ТАРХАЖ БАЙНА


Хамгийн аймшигтай нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчид залуу үеийн заналхийлж байгаа төдийгүй нийгмийн давхарга, мэргэжил боловсрол харгалзахгүйгээр хүн амын дунд чимээгүй тархаж байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн албан ёсны мэдээллээс харвал хар тамхи, мансууруулах бодистой гэмт хэрэгт 2016 онд нийт 229 хүн холбогдсоноос 0-18 насны зургаа, 19-25 насны 113, 26-35 насны 77, 35-аас дээш насны 33 хүн байгаа бол 2017 онд нийт 247 хүн энэ хэрэгт холбогдсоноос 0-18 насны 18, 19-25 насны 89, 26-35 насны 122, 35-аас дээш насны 28 буюу тогтмол өсч иржээ.

Харин боловсролын төвшнөөр нь авч үзвэл 2017 онд бага боловсролтой тав, бүрэн бус бус дунд боловсролтой 26, бүрэн дунд боловсролтой 160, дээд боловсролтой 56 хүн хэрэгт холбогдсон байна. Хүйсийн байдлаар нь ангилж үзвэл эрэгтэй 201, эмэгтэй 46 байна.

2018 оны нэгдүгээр улирлын байдлаар хар тамхитай холбоотой 61 эрүүгийн хэрэгт 132 хүн холбогдож хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа бол насанд хүрээгүй хүүхэд холбогдсон тохиолдол хоёр дахин өсчээ. Тоо баримтаас харахад 2014 онд 61 хэрэг 213 үйлдэлд 153 хүн, 2015 онд 79 хэрэг 201 үйлдэлд 169 хүн, 2016 онд 216 үйлдэл бүхий 182 хүнд холбогдох 78 гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Харин энэ оны зургадугаар сарын байдлаар энэ төрлийн 91 хэрэгт 201 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үеэс 40 хэргээр буюу 78.4 хувь, холбогдогч 68 хүнээр буюу 51.1 хувиар өссөн байна.

Ийнхүү Монгол Улс хар тамхины хар зах болж, залуу хойч үе хар тамхины хар ангал руу хурдацтай “унаж” байгааг НҮБ-аас анхааруулсан байдаг. НҮБ 2010 онд Монгол Улсыг хар тамхи, мансууруулах бодис дамжин өнгөрөгч улс гэж дүгнэж байсан бол гуравхан жилийн дараа буюу НҮБ-ын 2014 оны тайланд Монгол Улсыг хар тамхи, мансууруулах бодисын хэрэглэгч улс орон болсон гэж дүгнэсэн байна. Тиймээс хар тамхины хэрэглээг бууруулахад хууль хяналтын байгууллага, Төрийн бус байгууллага, эцэг эхчүүд, хэвлэл мэдээллийн байгууллага хамтран зөв мэдээллийг зорилтот бүлэгт хүргэх нь тун чухал байгаа юм. Тэр дундаа хэвлэл мэ-дээллийн байгууллагын үүрэг оролцоо, нийгмийн хариуцлага чухал.

Олон улсын туршлагаас харахад энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлын дийлэнх хувийг урьдчилан сэргийлэх ажил эзэлдэг байна. Харин манай улсад хар тамхи, мансууруулах бодистой тэмцэхэд ямар гарц гаргалгаа байгааг салбар бүрийн экпертүүд юу гэж дүгнэснийг хүргэе.

ЭКСПЕРТИЙН ҮГ
 

П.САЙНЗОРИГ: ДЭЛХИЙ НИЙТ ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ТЭМЦЭХДЭЭ ХОРИХГҮЙГЭЭР ЭМЧИЛДЭГ БОЛСОН

/ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга/


-Ялын бодлогоос илүү ихэсч буй шалтгаан, нөхцлийг судлах нь зүйтэй. Мөн мансууруулах бодистой холбоотой хэрэг өсөхөд хэт төвлөрөл нөлөөлж байна. Нөгөөтэйгүүр лаборатори, химийн аргаар гаргаж авсан мансууруулах төрлийн бодис өндөр шатанд түүнийг илрүүлэхийн тулд хил, гаалийн байгууллагын ажлын уялдааг сайжруулах ёстой. Гадаадаас хар тамхи оруулж ирж худалдаж буйгаас үзвэл хил, гаалийн шалгалт сул байна гэсэн үг. Монгол Улс хар тамхийг оруулж ирдэг, зохион байгуулалттай донтсон хүмүүс эмчлүүлье гээд очдог байх нь цаад эх үүсвэртэй тэмцэх хууль эрхзүйн бодлого барьж байна. Дэлхий нийт хар тамхи, мансууруулах бодистой тэмцэж, түүнээс татгалзаж, хэрэглэж байгаа хүмүүсийг хорихгүйгээр эмчилдэг болж байна. Эрүүгийн хуульд хар тамхийг борлуулах зорилгогүй буюу ашиг олох сэдэлгүй бэлтгэсэн, олж авсан, хадгалсан үйлдэлд 1-5 жил хорих ял оноохоор болсон.
 

Ш.Лхагвасүрэн: ЕБС-ИЙН ХӨТӨЛБӨРТ ХАР ТАМХИНЫ ХОР ХӨНӨӨЛИЙН ТАТААР ХИЧЭЭЛ ОРУУЛМААР БАЙНА


/Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн/

доктор, профессор/

-Хар тамхины хэрэглээ хүүхдүүд дунд хавтгайрчихсан. Судалгаагаар дөрвөн хүүхдийн нэг нь хар тамхи хэрэглэж үзсэн гэж байгаа нь өсвөр насны нийт хүүхдийн 130 гаруй мянга нь ямар нэгэн байдлаар хар тамхи хэрэглэж үзсэн гэсэн үг. Бүр ангиараа мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсан. Өмнө нь хар тамхийг амьдралын боломж сайтай айлын хүүхэд хэрэглэдэг гэсэн ойлголт байсан. Тэгвэл одоо хар тамхины хэрэглээ баян, ядуу бүх давхаргад бий болчихсон. 130 гаруй мянга гэдэг бол зөвхөн хүүхдүүдийн дунд хийсэн судалгааны үр дүнд гарсан тоо баримт юм. Тэгэхээр залуучууд ямар байдалтай байгаа нь ойлгомжтой.

Монголын төр, засаг, хууль хяналтын байгууллага, холбогдох байгууллага, эцэг эх, сургуулийнхан нэгэн цогц бодлоготой болох шаардлагатай байна. Ерөнхий боловсролын сургуулиудын эрүүл мэндийн хичээлд хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар хичээл оруулмаар байна. Энэ талаар сургагч багш нар бэлдэх нэн шаардлагатай. Эцэг эхчүүд хүүхдээ хаана хэнтэй нийлээд юу хийж яваад байгааг мэдэж байх хэрэгтэй. Хар тамхины хэрэглээг хязгаарлах, сургалт, сурталчилгааны ажил хийх, хор хөнөөлийг бууруулах чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах нь зүйтэй.
 

С.Батзориг: УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН ӨӨРӨӨСӨӨ л ЭХЛЭХ ЁСТОЙ


/ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөн байцаагч, ахмад/

-Өнгөрсөн жил баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Үндэсний хороо байгуулагдаад бүх салбарын үүрэг оролцоог тодорхойлж төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ хүрээнд 2017 онд гурван тэрбум төгрөгийн хөрөнгө шийдэгдэж Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Хар тамхитай тэмцэх газар, хил, гаалийн байгууллага сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй болсон. 21 аймагт багаж тараасан. Үүний үр дүнд гэмт хэрэг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд ахиц гарч байна. Цагдаагийн байгууллагын хувьд Хар тамхитай тэмцэх газар байгуулагдаж бүтэц орон тоо өргөжсөний хэрээр үр дүн гарч байна. Жил ирэх тусам хэрэглэгчдийн тоо өсч байгаа мэт харагдаж байгаа боловч нөгөө талаас илрүүлэлт сайжирч байгаатай холбоотой.

Хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар оюутан сурагч болон хил, гааль дээр сургалт сурталчилгаа явуулж байна. Урьдчилан сэргийлэх ажлыг гэр бүлийн гишүүн өөрөөсөө эхлэх ёстой. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн хувийн байдлыг харахад спортлог, тэргүүний сурагч, шилдэг албан хаагчид байдаг. Гэр бүлийн гишүүд нь миний хүүхэд онц сурдаг, чадварлаг ажилтан, спортын тэмцээн уралдаанд байнга амжилт гаргадаг гээд анхаарлаа сулруулдаг юм байна. Нас, амьжиргааны төвшин ялгагдахаа больсон.

Ялын бодлого чанга байхаас гадна урьдчилан сэргийлэх ажлыг ЕБС-д хор хөнөөл, их, дээд сургуульд хуулийн хариуцлагыг заах зэргээр шат дараатай арга хэмжээ авах хэрэгтэй.
 

Ө.АНХБОЛД: ЭМЧИЛГЭЭНЭЭС ИЛҮҮ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ ӨРТӨГ, ХОР ХӨНӨӨЛ БАГАТАЙ

/СЭМҮТ-ийн сэтгэцийн их эмч/

-Хар тамхи архины шарталтаас 60 дахин хүчтэй хараат байдал үүсгэж хүний биеийн бүх эрхтэнийг гэмтээдэг. Сүүлийн үед энэ төрлийн эмчилгээ авахаар эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн тоо хоёр жилийн дотор 30-40 хувиар өссөн. Мансууруулах бодис бүх эрхтэнд үхжил үүсгэнэ. Үхжил мэдээж эргэж сэргэхгүй.

Тэгэхээр тархинд үүсч байгаа үхжил гэмтэл оюуны чадамжийг алдагдуулдаг. Ёс суртахуунтай байх, өндөр цензуртай бие хүн гэсэн бүх шалгуурыг алга болгоно. Дотор эрхтэн дээр үүссэн үхжлүүд элэг, бөөр, уушгины цирроз, хатууралт өөрчлөлтийг үүсгэдэг. Насан туршдаа дотор эрхтэний болон тархины үйл ажиллагааны дутагдалтай амьдарна гэсэн үг. Эмчилгээ өндөр зардалтай, бүрэн эдгэрэх боломжгүй гэж тооцогддог. Тиймээс эмчилгээнээс илүү урьдчилан сэргийлэх нь өртөг, хор хөнөөл багатай.

Зууны мэдээ
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!!!! 2018-09-14 02:53:21
    Tor Uls l gej baigaa bol ene asuudliig undseer ni tas zohih heregtei herew tor baigaa bol sh dee !!! Ene asuudal undesten mohoh ayul daguuldag gedgiig l sain oi...
  • Бат 2018-09-13 06:02:40
    Хар тамхины тархалтанд төр их буруутай саяхан болтол хар тамхины тухай тодорхой хуульгүй явж ирсэн одоо нэгэнт хэрэглэгч бий болсон хэцүү
  • Bugd hort zuilees angid baizgaaya ! 2018-09-13 04:05:44
    Eej Aawuud ah duu hamaatam sadan torol torogsog naiz nohod horsh ail saahalt er ni biy biynee ajiglaj bolohgui chinii udmiin sang bur moson ustgana gedgiig oilg...