Эрчим хүч тэг зогсолт хийснийг салбарын сайд нь юу гэж тайлбарлав
 
Өчигдөр өглөө 09.40 цагийн үед “ДЦС -IV ТӨХК”-д гэмтэл гарсан тул нийслэл даяар тог тасарч “балрав”.

Харин ТӨХК-аас цаг алдалгүй боломжит чадлын хэмжээнд хэрэглэгчдийг эхнээс нь цахилгаанаар хангаж, өчигдөр орой 22.00 цагийн үед нийслэлийн бүх айл, аж ахуйн нэгж байгууллагыг тогоор бүрэн хангаж дуусч, ДЦС хэвийн ажиллаж эхэлсэн байна.

Тэгвэл гэмтэл аваараас үүдсэн хохирлыг яаж барагдуулах, энэ үйлдэлд хэн хариуцлага хүлээх вэ гэсэн асуудал гарч ирж байна.

Хүн бүр уг гэмтлийг янз бүрээр тайлбарлаж байгаа харагдав. Бүтэн 14 цаг цахилгаангүй байсан иргэдэд том сануулга өгөв. Хэрвээ тоггүй, халуун хүйтэн усгүй болвол иргэд яах вэ. Хэрвээ эрчим хүч үгүй бол амьдрал зогсоно гэдгийг XXI зуунд амьдарч байгаа иргэд ойлгосон юм шиг байна.

Нөгөөтэйгүүр нийслэлчүүд болон зүүн хэдэн аймгийн гол зүрх болсон ДЦС-иудаа яаралтай шинэчлэх, шинэ эх үүсвэрүүдийг яаралтай барих, ДЦС-ийн тоогоо нэмэх шаардлагатай болжээ гэдгийг харуулсан үйл явдал болов.
Тэгвэл эрчим хүч хариуцсан салбарын сайд нь ямар тайлбар хийв.

Гэмтлийн талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “ Өчигдөр ДЦС-IV тэг зогссон. Улмаар бусад ДЦС зогссон асуудал гарлаа. Энэ нь аваар осол, технологийн гэмтэлтэй холбоогүй. Тэг зогссон учраас эргээд эрчим хүчийг сэргээхэд хялбар юм. Улс орон даяар эрчим хүч тасалдаагүй, гол хэрэглэгчид цахилгаангүй болсон.

Одоогийн байдлаар ДЦС-IV хэвийн байдалд орж эхэлж байна. Эрчим хүчний саатал гарсан шалтгааныг судалж байна.

Миний урьдчилж авсан мэдээллээр бол сэлгэн залгах үед технологийн горим зөрчигдсөн байж магадгүй байна. Өөрөөр хэлбэл, нэг хүний мэдлэггүй байдал нийт системд доголдол үүсгэж болзошгүй байна. Манай эрчим хүчний систем ноцтой аваар гарахад яг л ийм асуудал үүснэ.

Тиймээс манай эрчим хүчний систем өөрөө бие даагаагүй байгаа тул бид дүгнэлт хийх хэрэгтэй. Усан цахилгаан станц бол эрсдэлээс хамгаалах гол арга зам гэж харж байна” гэжээ.

Ийнхүү нэг хүний техникийн алдаанаас үүдсэн осол, улс даяар тог тасраагүй хэмээн салбарын сайд нь онцлож, өөрийгөө өмгөөлсөн мэдэгдэл хийв. Магадгүй алдаа гаргасан тэр нэг хүнд бүх бурууг үүрүүлж  хатуухан арга хэмжээ аваад л өнгөрөх байх даа.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine