Пайпэр Энн Уинд Кэмбэлл: Анхдагч болон гуравдагч хөршийн бодлого нь эрүүлийн шинж

АНУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэллтэй ярилцлаа. Тэрээр анх удаа манай сонинд ярилцлага өгч байгаа юм. Монголчууд хамгийн их амьдарч байгаа улсын тоонд яах аргагүй Америк ордог. АНУ-ын Элчин сайдын яам 2012 оны байдлаар 7041 иргэнд цагаачлалын бус виз олгожээ. Харин өнгөрсөн жил энэ тоо 8892 болж нэмэгдсэн байна. Үүнээс Америкийг зорих монголчуудын урсгал хэрхэн нэмэгдсэнийг  харж болно. Америк, Монголын харилцаа болон бусад  асуудлаар сонирхолтой яриаг өрнүүллээ.

-Манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод  27 жил боллоо. Энэ бол багагүй хугацаа. Хоёр улс энэ хооронд ямар ажлууд амжуулж, бидний харилцаа хэрхэн тэлж байгаа талаар яриагаа эхлүүлье?

-1991 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байсан Жеймс Бейкер Монгол Улсад айлчилсан. Чухам энэ айлчлалын үеэр “гурав дахь хөрш” гэдэг нэр томъёо анх сонсогдож эхэлсэн юм. Түүнээс хойш  Америк Монголын хооронд бат бөх харилцаа холбоо үүсч, хөгжиж ирлээ. АНУ Монгол Улсын “гурав дахь хөрш” бодлогын хүрээнд хамтран ажиллаж, улмаар Монгол улсын хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байгаадаа таатай байдаг. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны тухай ярихдаа юуны түрүүнд Америк, Монгол аль аль нь ардчилсан улс гэдгийг тэмдэглэе. Хэн хэн нь ардчиллыг үнэт зүйлээ болгосон орон гэдэг утгаар харилцан, хамтран ажилладаг. Түүнээс гадна олон улсын тавцанд  хамтран ажилладаг гэдгийг хэлмээр байна. Бид маш олон салбарт хамтран ажиллаж байгаа. Тэр дундаа батлан хамгаалах салбарт, мөн эдийн засгийн хэлхээ холбоогоо сайжруулах болон хүмүүс, иргэд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар түлхүү анхаарч байгааг онцолж байна.

-Хамтран ажиллаж байгаа салбар гэвэл олныг дурьдаж болох байх. Гэхдээ соёл боловсролын салбарын хамтын ажиллагааг дурдьвал?

-Зөвхөн энэ салбар дахь бидний харилцаа маш олон асуудлыг хамардаг. Боловсролын чиглэлээр богино болон урт хугацааны хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан зуны англи хэлний хөтөлбөрүүдээс эхлээд ахисан шатны, өргөн хүрээг хамарсан нь ч бий. Тухайлбал, магистр болон түүнээс дээш төвшний сургалтанд хамрагдах хүсэлтэй иргэдийг АНУ-д сургадаг хоёр талын Засгийн газрын хамтарсан Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрийг нэрлэж болно. Тэтгэлэгт хөтөлбөрүүд үүгээр дуусахгүй. Манай цахим хуудаснаас АНУ-д суралцах, тэтгэлэгт хамрагдах талаар олон талын мэдээлэл авах боломжтой. Мөн Энхтайвны корпусын шугамаар 140 гаруй Америкийн сайн дурын ажилтан ажиллаж байна. Америкаас дуучид, хөгжимчдийг Монголд урьж авчирдаг. Түүнээс гадна Монгол уран бүтээлчид ч АНУ-д очиж тоглодог.

АНУ-ын Төрийн департаментын Соёлын өвийг хамгаалах Элчин сайдын нэрэмжит сан хэмээх хөтөлбөр бий. Тус хөтөлбөрийн хүрээнд Монголын  соёлын өв, урлагийн бүтээлүүдийг хадгалах, хамгаалах чиглэлээр хамтран ажилладаг. Амарбаясгалант хийдийг хадгалах, хамгаалах чиглэлээр цогц үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэнийг дурьдах нь зүйтэй байх. Энэ сангийнхаа шугамаар бид Монгол Улсын Урлагийн зөвлөлтэй хамтран Монгол орон даяарх музейнүүдэд шинэ төсөл хэрэгжүүлэх боломжтой болж байгааг ярилцлагаараа дамжуулан Монголын ард түмэнд хүргэж байгаадаа таатай байна. Төслийн хүрээнд Монгол Улсын бүх музейн туршлагыг судлах, тэдгээрийн үзмэрийн чанар, үйл ажиллагааг сайжруулж, боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах юм.

-Дээрх салбартай зэрэгцэн эдийн засгийн салбарыг асуухгүй орхиж болохгүй нь. Улс орны гол салбар болсон эдийн засгийн хувьд хоёр улс хэрхэн холбогдож, хамтарч байгаа бол?

-Би Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар энд, эсвэл Америкт очоод ч ярьдаг. Хонконгт болсон Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцох үеэрээ ч мөн ярьж байлаа. Эдгээр яриануудад миний давтаж хэлдэг нэг зүйл бол Монгол Улстай эдийн засгийн салбарт хамтран ажиллах бат бэх суурь байна гэж хэлдэг юм. АНУ-ын компаниудын хувьд Монголд урт хугацааны хөрөнгө оруулалт хийгээд бизнес эрхлэх юм бол үр дүнтэй, амжилттай байх болно гэж ярьдаг. Ямар ч олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд тогтвортой, ил тод хууль эрх зүйн орчин нь хөрөнгө оруулах чухал нөхцөл болдог. Нөгөө талаас нэг Засгийн газартай хийсэн гэрээ хэлэлцээр дараагийн Засгийн газраар дэмжигддэг, үргэлжилдэг байх ёстой. Энэ бол маш чухал асуудал юм шүү.

-Монголын талаас өөр ямар зүйлданхаарах хэрэгтэй гэж бодож байна. Залгамж холбооны хувьд манайд хэр зэрэг байна гэж та харж байна вэ?

-Хоёр улсын Засгийн газар хооронд хийж чадсан нэг том алхам нь Ил тод байдлын гэрээг үзэглэсэн явдал. Гэрээний дагуу хоёр тал хоёулаа үүрэг хүлээнэ. Хууль тогтоомжийг батлагдахаас өмнө, төслийнхөө шатанд явж байхад нь англи хэлээр орчуулж  хөрөнгө оруулагчдад танилцуулах үүрэг хүлээж байгаа.

Энэхүү гэрээгээр хүлээж байгаа үүрэг бол АНУ-аас гадна хөрөнгө оруулах сонирхолтой бусад улс орнуудын хувьд ч чухал гэдгийг Элчин сайдууд хэлж байна. Тухайлбал, Канадаас Монгол Улсад сууж байсан Элчин сайд Голдхаук, Японоос суугааЭлчин сайд Шимизү нар үүн дээр санал нэг байна гэдгээ хэлж байсан. Эдийн засаг, худалдааны чиглэлийн хууль тогтоомжуудыг англи хэл рүү орчуулах чадавхийг Монгол Улсад сайжруулахын тулд бид техникийн туслалцааг үзүүлээд эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомжийг төсөл хэлбэртэй байхад нь илүү сайн орчуулах боломж, чадавхийг бүрдүүлэх чиглэлээр дэмжин ажиллаж байна. УИХ-ын намрын чуулганаар Ил тод байдлын гэрээг соёрхон батлана байх гэсэн хүлээлттэй байгаа.

-Гэрээний ач холбогдлын талаар товчхон хэлбэл?

-Ил тод байдлын гэрээний үг хэллэг, доторх агуулга нь ерөнхийдөө АНУ-ын бусад орнуудтай байгуулдаг худалдааны гэрээтэй төстэй. Утга агуулгын хувьд ч авцалдаатай гэж болно. Энэхүү гэрээг урьдчилж байгуулснаар АНУ цаашид Монгол Улстай худалдааны чиглэлээр яриа хэлэлцээрээ сэргээж, үргэлжлүүлэх эрмэлзэлтэй байгаа гэдгийг харуулж байгаагийн тод илэрхийлэл болж байгаа юм.

-Америк, Норвеги зэрэг орон эдийн засгийн хөгжлөө уул уурхайгаар урагшлуулж ирсэн. Гэхдээ эдийн засаг нь дан ганц уул уурхайд түшиглээгүй гэдэг. Тиймээс ямар салбаруудыг хамтад нь дэмжих ёстой юм бол?

-Мэдээж хэрэг АНУ-ын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан олон салбар бий. Тухайлбал, хөдөө аж ахуй. Энэ салбар АНУ-ын эдийн засгийн гол тулгуур салбаруудын нэг байсаар ирсэн. Монгол Улсад ч гэсэн хөдөө аж ахуйн салбар олон хүнийг хамардаг, ажлын байраар хангаж байна. Монголчуудын хөдөлмөр эрхлэлт энэ салбартай салшгүй холбоотой гэдэг утгаараа ач холбогдолтой, том орон зай юм. Мөн Монголчууд, Америкчуудын хэн хэнд нь гэр бүлээрээ жижиг бизнес эрхлэх нийтлэг хандлагатай.

Үүнтэй холбоотой “Start-up nation” хэмээх номын тухай дурьдмаар байна. Хэрхэн хувь хүмүүс жижиг бизнесээ эхлүүлж, яаж бүр “Apple” шиг улс орныхоо төдийгүй дэлхийн эдийн засгийг ч тэргүүлэх хэмжээний том компани болтлоо өсч, өргөжиж чадсан тухай сайхан түүхүүдийг энэ номонд өгүүлсэн байдаг. Миний өвөө, аав хоёр хоёулаа гэр бүлийн жижиг бизнесийг эхлүүлж амжилтад хүрсэн учраас миний хувьд жижиг бизнес улс орны эдийн засагт ямар хэмжээний хувь нэмэр оруулж, хөгжүүлж чаддаг талаар маш сайн ойлголттой явдаг. Миний дуртай хөтөлбөрүүдийн нэг нь гадаадаас оруулж ирдэг бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлээд, уул уурхайн салбартаа нийлүүлдэг Монголын компаниудыг дэмжихэд чиглэгдсэн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн хөтөлбөр юм.

-Манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалт буурч, эдийн засаг хямарсан цаг үеийг туулж өнгөрүүллээ. Гэхдээ одоо эргэн сайжрах төлөвтэй гэлцэж байна. Ер нь Монгол болон Америкийн эдийн засгийн чиг хандлагыг хэрхэн харж байна вэ?

-Сүүлийн үед зарим статистик тоо баримт санаа зовоож байна.  Инфляцын төвшин, хэсэг өсөж байсан валютын ханш гээд. Энэ бүхнээс тогтвортой, ил тод бодлого чухал байна гэдгийг харж болно. Америкийн компаниуд хөрөнгө оруулах сонирхолтой байдаг гэж дээр хэлсэн. Тэдний хувьд урт хугацаагаар хамтран ажиллах итгэл чухал байна. Нэг салбараас эдийн засаг нь хамааралтай байдаг орнуудын хувьд бага зэргийн уруудалт гарах нь байдаг. Харин эдгээр компаниуд, монгол хамтрагчид нь ч ийм уруудалтыг дэвэргэхгүй байх нь чухал юм. Эдийн засгаа төрөлжүүлэх буюу солонгоруулах хэрэгтэй гэдгийг Монголын улс төрийн хүрээнээс ч хэлдэг.

Мөн төрийн оролцоог бизнесийн салбарт  багасгах чиглэлээр Засгийн газраас барьж байгаа бодлогууд үр дүнтэй болоосой гэж хүсч байна. Монгол, Америк хоёр улс олон улсын тавцанд ямар үр дүнтэй хамтран ажиллаж байгаа тухай мөн хэлмээр байна. Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн даргаар томилогдсонд бид баяр хүргэж байна. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг, Онлайн эрх чөлөө эвсэл зэрэг олон улсын байгууллагууд, хурал чуулгануудыг тэргүүлж ирсэн туршлагатай Монгол улсын хувьд нэр хүндтэй дэлхийн хэмжээний том байгууллагыг монгол эмэгтэй даргалах болсон нь таатай хэрэг. Эдгээр болон бусад олон салбарт АНУ болон Монгол Улс хамтарч ажиллах боломжтой.

-Жирийн иргэдэд зориулсан Америкийн олон төсөл хэрэгжсээр ирсэн. Одоо АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар сонирхоё?

-Мянганы Сорилтын Сангийн хөтөлбөр бол АНУ-ын санхүүжилтээр өнгөрсөн таван жилийн хугацаанд хэрэгжсэн хамгийн том төсөл байлаа. Уг төсөлд 285 сая ам.доллар зарцуулсан юм. Энэ хүрээнд бид хамтран хэд хэдэн хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Чойроос Сайншанд хүртэлх авто замыг барьсан. Улаанбаатар хотод агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр эрчим хүчний хэмнэлттэй зуухыг хэрэглээнд нэвтрүүлэх ажлууд гүйцэтгэсэн. Үүний зэрэгцээ хөдөөгөөс хотруу шилжин суурьшиж байгаа иргэд, тэр дундаа хотын ойролцоох бүсэд нүүж ирсэн малчдад бэлчээрийн ашиглалт, менежментийн талаар мэдээлэл, сургалт өгөх төсөл хэрэгжүүлсэн.

Мөн гэр хорооллын иргэд  хашааны газраа бүртгүүлж, өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болоход хамтарч ажиллалаа. Мэргэжлийн боловсрол, эрүүл мэндийн салбарт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүллээ. USAID буюу Олон улсын хөгжлийн агентлагийн(ОУХА) сайн засаглалын чиглэлээр хэрэгжүүлсэн үндэсний болон орон нутгийн хэмжээндэх төслүүдийг мөн хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, орон нутгийн иргэдийн шийдвэр гаргах үйл явцад тэдний оролцоог хангах чиглэлээр сайн засаглалын төслүүдийг хэрэгжүүллээ. ОУХА-ийн бизнесийн хамтын ажиллагааны хүрээний төсөл хөтөлбөрүүд дараагийн шатандаа орж өргөжиж байгаа. Өөрөөр хэлбэл, дараагийн шатны Legacy буюу Өв гэсэн хөтөлбөрт шилжиж байна. Энэхүү шилжилтээр бизнесийн хамтын ажиллагааны хөтөлбөрүүд улам өргөн хүрээг хамраасай гэж хүсч байна.

-ОУХА-ийн хөтөлбөр Монголд орж ирээд 25 жил болсон байна. Энэ хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэхдээ шинэ чиглэлд анхаарлаа хандуулж, шилжилт хийх ёстойг хоёр улсын Засгийн газар хүлээн зөвшөөрч байгаа гэж та хэллээ. Тэгэхээр дараагийн шатанд ямар асуудалд анхаарлаа хандуулж байгаа бол?

-Анхаарах зүйл олон бий. Бизнесүүдтэй хамтран ажиллах Засгийн газрын институцыг бэхжүүлэх, мөн бизнесүүдийг өөрсдийг нь бэхжүүлэх чиглэлээр ажиллах тал дээр түлхүү анхаарах юм.

-Бид олон салбарт хамтарч байна. Ирээдүйн хамтын харилцаа ямар байна гэж та харж байна?

-Иргэд, хүмүүс хоорондын харилцаа цаашид бэхжинэ гэж итгэж байна. Мөн хоёр орны батлан хамгаалах салбарын үйл ажиллагаа өргөжих нь дамжиггүй. Гол нь эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэсэн чиг хандлага харагдаж байна. Элчин сайдын яамны зүгээс АНУ-ын хүчирхэг, нэр хүндтэй компаниудыг Монголд орж ирж ажиллах эрмэлзлийг нь дэмжиж байдаг. Тухайлбал, Үндэсний хэмжээний компани болох “Женерал Электрик” төмөр замын чиглэлээр Монгол Улстай хамтраасай гэж бодож байна. Мөн Америкийн “Пийбоди” компанийг Таван толгойн төслийг хөгжүүлэхэд тодорхой хэмжээний үүрэгтэй байж болох юм хэмээн харж, дэмжиж ажилладаг. Түүнээс гадна жижиг компаниуд олон бий.

-Саяхан БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад айлчлаад хэд хэдэн гэрээ, хэлэлцээр хийлээ. Мөн хоёр хоногийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч айлчлах гэж байна. Үүнтэй зэрэгцэн “гуравдагч хөршийн бодлого”сөхөгдөж байна. Энэ талаар?

-Хоёр орны үе үеийн Засгийн газрууд нэг зүйлдээр тодорхой байр суурьтай байдаг. Монгол Улсын гадаад бодлогод хоёр хөрштэйгөө харилцах “анхдагч хөршийн бодлого” болон “гуравдагч хөршийн бодлого”-ын хооронд  бие биетэйгээ зөрчилдөх ямарваа нэгэн зүйл байхгүй гэдгийг бид аль аль талдаа тодорхой ойлгодог.

Монгол Улсын хувьд анхдагч  болон гуравдагч хөршийн бодлого явуулж байгаа нь маш эрүүл өрсөлдөөнийг бий болгодог гэж би дүгнэдэг. Мэдээж энэ хоёр том хөрштэйгээ хамтарч ажиллах олон асуудал Монгол Улсад бий. Нөгөө талаасаа АНУ шиг Монголтой ижил үнэт зүйлс бүхий бусад олон орон байна. Монгол ч, Америк ч тэр хүний эрхийг дээд зэргээр хүндэтгэдэг ардчилсан улсууд. Хоёрдугаарт, хувийн хэвшил, аж ахуй эрхлэлт гэдэг эдийн засгийг хөтөлж явдаг чухал салбар гэдгийг бидний хэн хэн нь хүлээн зөвшөөрдөг. Мөн Монгол Улс “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжихээр хүчин чармайлт гаргаж байна. Америк, Япон зэрэг улсаас энэ чиглэлд туршлагаа хуваалцах, санал болгох олон зүйл бий.

-Монгол Улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад нэгдэх тухай яриа гарсаар байгаа. Хэрэв энэ байгууллагад нэгдсэн тохиолдолд манай улсын хувьд олон боломж нээгдэнэ гэцгээж байгаа. Энэ тухайд?

-Аливаа нэг байгуулагад элсэхдээ хамгийн түрүүнд асуух асуулт бол “энэ байгууллагын баримтлах зарчим манай үнэт зүйлс, идеалтай хэр тохирох вэ” эсрэг тохиолдолд тухайн улс олон улсын тавцанд олж авсан нэр хүндээ “алдах” эрсдэлтэй. Одоогоор ШХАБ-д ажиглагчийн статустай байгаа Монголын хувьд ч шийдвэр гаргагчдын анхаарах зүйл нь хүний эрхийн төлөөх Монголын санал, дуу хоолойг уг байгууллага дотооддоо чөлөөтэй илэрхийлэх боломжоор хангах эсэх юм.

-Америкт алдартай монголч эрдэмтэн, судлаачид олон байдаг. Ер нь Монгол судлал Америкт хэрхэн хөгжиж байгаа бол?

-Юуны өмнө Монголд байрлаж байгаа “Монгол судлалын Америк төв”-ийн талаар ярих хэрэгтэй болов уу. Энэ төвд зөвхөн Америк төдийгүй бусад орны монгол судлаач эрдэмтэд тус төвийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Мөн элчин сайдын яамны Фулбрайт хөтөлбөрийн нэг хэсэг болгож америкаас эрдэмтэд, судлаачдыг жил бүр Монголд авчирдаг. Тэд энд судалгааны ажлаа хийж байгаад Америкт буцаж очоод өөрсдийн их сургууль, судалгааны байгууллагуудынхаа судалгаа шинжилгээний ажилд хувь нэмрээ оруулдаг.

Блүүмингтон дахь Индианагийн Их Сургууль монгол судлалын чиглэлээр томоохон хөтөлбөр хэрэгжүүлдэг. Мөн АНУ-д монгол судлалын эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион байгуулдаг. Энэхүү бага хурал нь Америк дахь монгол судлалыг цаашид хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг гэдэгт итгэлтэй байна. Мөн олон бестсэллэр номын эзэн Америкийн зохиолч Жак Уэтерфордын Монголын тухай бичсэн зохиолууд нь америкчуудад мөн илүү өргөн хүрээнд буюу дэлхийн бусад орны хүмүүст ч Монголын талаар мэдээлэл өгсөн байх. Тэр хэрээр Монголыг сонирхох сонирхолыг төрүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан гэж боддог.
-Америкийн Элчин сайдтай ярилцаж байгаа гэхээр визний талаар асуугаасай гэсэн иргэдийн хүсэлт хамгийн их байгаа байх. Манай иргэдэд үзүүлж буй визний хөнгөлөлтийн талаар сонирхуулаач?
-Энэ талаар асуухад таатай байдаг. Учир нь визний тухай буруу мэдээлэл их гардаг нь үнэн. Үнэн зөв мэдээллийг монголчуудад хүргэхдээ бид баяртай байдаг. Өнгөрсөн хугацаанд визний ашиглалттай холбоотойгоор асуудал их гардаг байсан гэдгийг хүмүүс мэдэх байх. Визээ аваад Америкт очоод тухайн визээ ёс журмынх нь дагуу ашиглахгүй, визний зөрчил гаргах нь элбэг байсан. Тодруулбал, сургалтын визтэй байж сурахгүй, ажил хийх тохиолдол элбэг байв. Энэ нь Америкт сурах чин хүсэлтэй дараа дараагийн хүмүүстээ асуудал үүсгэж, гацаа болдог байсан. Харин сүүлийн үед эдгээр асуудал аажмаар багасч, тэнцвэржээд илүү олон тооны монгол иргэн виз авдаг болсон. Авсныхаа хэрээр визээ зориулалтынх нь дагуу зөв зохистой ашиглаж байна. Цаашид энэ асуудал улам цэгцрэн, “тааруу” үзүүлэлтүүд ч багасана байх. Хоёр орны Засгийн газрууд алсдаа иргэдээ визгүй зорчуулах чиглэл рүү ярих талд тодорхой хэмжээний ахиц гарч байна гэж үүнийг ойлгож болно.

-Харин одоо албаны асуултаас хөндийрч арай өөр сэдэв рүү яриагаа хандуулъя. Таныг Жоржтауны их сургуулийг олон улсын харилцааны чиглэлээр төгссөн гэж сонссон. Дипломатч гэдэг нэг талдаа сайхан боловч эмэгтэй хүний хувьд амаргүй байдаг байх. Энэ туршлагаасаа хуваалцахгүй юу?

-Эмэгтэй дипломатч байх ямар вэ гэж хүмүүс их асуудаг. Ер нь эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай дипломатчид адилхан бэрхшээлтэй тулгардаг. Тэр бэрхшээлүүдийн тухайд онцолж хэлъе. Би Ирак улсад жил гаруй хугацаанд гэр бүлээсээ хол ганцаараа ажиллаж байсан. Миний удирдлаганд ажиллаж байсан эрэгтэй хүмүүсийн хувьд ч хэцүү байсан байж таараа. Гэхдээ техник, технологийн ачаар хүмүүс хоорондоо хялбар холбогддог болж. Манай охин гэхэд өвөө, эмээтэйгээ өдөр бүр  Skype-аар харьцдаг болсон.

-Чөлөөт цаг хэр их гарч байна. Таныг Монголд ирээд шинэ хоббитой болсон гэсэн. Сонирхуулахгүй юу?

-Би амьдарлынхаа туршид сонирхож ирсэн хоёр хоббитой. Эдгээр хоббиг хөгжүүлэх боломжийг Монгол улс олгож байна. Би гүйх дуртай. Өнгөрсөн жил говийн марафонд оролцох боломж гарсан. Хүнд нөхцөлд болсон марафонд оролцоод амжилттай дуусгасан нь илүү хэцүү байсан уу, эсвэл бэлтгэл хийж хотод машинтай сүлжилдэн гүйх нь илүү хэцүү байсан уу, мэдэхгүй юм.(инээв) Морь унах нь миний бас нэг хобби. Миний охин одоо дөрвөн настай. Охин маань энэ жилээс морь унаж сурч байна. Цаг зав гарвал хотоос гарч охинтойгоо морь унаж цагаа өнгөрөөх дуртай. Мөн хөдөө газрын зарим нэг хэцүү, чадавхи сорьсон замыг мориор туулах нь сонирхолтой, бас таашаалтай байдаг.

Чөлөөт цагаараа монголчуудтай илүү дотно танилцах боломж гардаг. Ажлын шугмаар бус энгийн байдлаар монгол хүнтэй дотносож байгаадаа сэтгэл хангалуун байна. Үүний зэрэгцээ монгол хэл сурч байгаа. Хэдий хоёр жил өнгөрсөн ч санасан хэмжээндээ хүртэл сайн ярьж чадахгүй байгаадаа сэтгэл жаахан гонсгор байдаг шүү. Энд монгол хүний тухайд онцолмоор байна. Монгол хүн өөрийн бодол санааг илэн далангүй шууд илэрхийлдэг. Шулуун, шударга энэ зан нь надад таалагддаг. Монголчуудын зочломтгой, найрсаг занг мөн хэлэхгүй үлдээж болохгүй нь. Хөдөө явж байгаад танихгүй айлын гадаа очоод ус ч юм уу ямар нэг зүйл асуухад байгаа бүхнээрээ дайлдаг. Энэ сайхан уламжлал нь гадныханд сайхан санагддаг. Би Ирак улсад хүнд нөхцөлд ажиллаж байсан талаараа өмнө хэлсэн. Түүний дараа Монголд ирэхэд амгалан тайван орчин угтсан нь, мөн Америк, Монгол улс ижил зүйлийн төлөө явж, ижил үнэт зүйлстэй байгааг мэдрэх нь надад үнэхээр сайхан байсан.

 
Зууны мэдээ
Д.Гэрэлцэцэг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tom 2016-02-25 09:06:56
    АНУ-аас монгол хүн нэр дэвшинэ. www.worldmongol.org
    50.141.144.34
    Мэдэгдсэн Хариулах
  • ene nuhur dandaa iim yum yarihiin 2014-09-01 03:35:47
    AH-iinhan daalgavaraa hiihgui ax nar sandraad yaria uguud ban sh dee
    124.158.94.41
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2014-09-01 03:18:17
    Аль эвсэлд орох эс орохыг нь заачих юм байна л доо.
    112.72.13.107
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол хүн 2014-09-01 02:36:40
    Монгол Улсын бие даасан гадаад бодлогыг шүүмжлэх, зааж зааварлах эрх гадны ямар ч улсад байх ёсгүй. Монголчууд гадаад бодлого америк гэж байхгүй байхад дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, улс орнуудын харилцааны гол хэмжүүр байсан түүхэн уламжлалтай. Энэ хатагта
    203.194.114.139
    Мэдэгдсэн Хариулах
    • Монгол хүн 2014-09-01 03:45:18
      Olloo.mn-хэн сэтгэгдлийн маань \"... Энэ хатагтай ярилцлагад дурдагдсан асуудлууд монголын биш америкийн гадаад бодлогод тулгамдаж байна\" гэсэн хэсгийг хасчээ. Үг хэлэх эрхээ хасуулчих юм.
      203.194.114.139
      Мэдэгдсэн Хариулах
      • Монгол хүн 2014-09-01 03:47:29
        Olloo.mn-хэн сэтгэгдлийг маань хасвал дахин оруулна, магадгүй 1000 удаа шүү.
        203.194.114.139
        Мэдэгдсэн Хариулах