Багш нарын ажил хаялт түр зогссон долоо хоног
Энэ долоо хоногийн онцлох чухал үйл явдал бол гурван талт хэлэлцээр хийж, багш нарын ажил хаялт зогссон явдал байв.

Тодруулбал, МҮЭ, БСШУСЯ хоорондоо зөвшилцөлд хүрсэнээр багш нар ажил хаялтаа албан ёсоор зогсоож, ирэх даваа гарагаас буюу маргаашнаас эхэлж сургууль, цэцэрлэг хэвийн хичээллэж ажиллахаар болов.

МҮЭ-ээс “МҮЭ-ийн байгууллагаас БСШУСЯ-тай гэрээ хэлцэл хийлээ. Боловсрол, урлагийн ажилтнуудын цалин бусад салбараас бага байсан. Энэ цалингийн зөрүүг арилгаж, тодорхой хувиар нэмэгдүүлэх асуудлаар талууд тодорхой тохиролцоонд хүрч чадсан. БСШУ-ны салбарт ажиллаж байгаа хүмүүс ажлын ачаалал өндөр. Тиймээс ачаалал өндөр байгаа хүмүүсийг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ажлын ачааллыг нь үнэлсэн системийг бий болгохоор талууд харилцан тохирлоо. Энэ юу гэхээр нормоос давсан хүүхдийн тоогоор нэмэгдэх хөлс олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр болсон.

Мөн 2019 онд БСШУ-ны салбарын ажилтнуудын цалинг 2019 онд багтаж тодорхой үе шаттайгаар 20-оос доошгүй хувиар нэмэгдүүлэхээр харилцан тохиролцоод байна. Мөн ажил хаялтад оролцсон үеийн цалин хөлсийг нь олгохоор боллоо" гэсэн юм.

Гэхдээ тэд ажил хаялтыг албан ёсоор зогсоож түр хугацаанд зогсоож байгаагаа онцолсон. Тодруулбал, "Багш нарын ажил хаялт түр зогсож байгаа. Учир нь ажил хаялт зарлахдаа шаардлагынхаа 3-т цалинг үе шаттайгаар 50-иас доошгүй хувиар нэмэгдүүл гэж заасан байгаа. Энэ нэмэгдэл хэрхэн яаж орж ирэх, хэрхэн яаж шийдэхээс шалтгаална. Бидний тавьсан шаардлага 75 хувьтай биелсэн. 100 хувь биелэх боломжгүй байгааг ойлгож байна. Багш нар ч нөхцөл бололцоогоо ойлгосон. 2019 оны төсөв хэлэлцэгдсэний дараа дараагийн асуудлыг ярина” гэжээ.

 
Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулганд оролцов
 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцоод ирэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилгаар дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулга уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён болон бусад албаны хүмүүс оролцсон байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн IV чуулганы үеэр  Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын тэргүүлэх нэгдсэн хуралдаанд оролцож, мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин зэрэг бусад орны төрийн тэргүүн, Ерөнхий сайд нартай хоёр талт уулзалт хийжээ. 

 
ХСҮТ-ийг өргөтгөх талаар судална 
 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах талаар авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. 

Сүүлийн 10 жилд амбулториор үзлэг хийлгэх иргэдийн тоо 1,6 дахин өсч, түүнийг даган бусад үзүүлэлтүүд тогтмол нэмэгдэж, мэс засал хийлгэж буй өвчтөний тоо 67 хувиар өссөн байна. Нийт өвчлөгсдөд мэргэжлийн нэгдсэн үйлчилгээ үзүүлдэг Хавдар судлалын Үндэсний төвийн ачаалал эрс нэмэгдсэн учир эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөжүүлэх шинээр шаардлага хангасан дэд бүтцийг бий болгох зайлшгүй нөхцөл үүсээд байна. Иймд “Энэр мед” ХХК-ийн барьж буй эмнэлгийн барилгыг концессын гэрээгээр ХСҮТ-ийн үйл ажиллагаанд өргөтгөн ашиглах урьдчилсан нөхцөл байдлыг судлан санал боловсруулж, танилцуулж шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга хот байгууулалт, Эрүүл мэндийн сайд нарт  үүрэг болголоо.
 
 
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг хэргийг прокурор руу буцаалаа


 
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн юм.

Учир нь урьдчилсан хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгч нарын хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэнэ гэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар”, 6.14 “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн” талаарх урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүд хэрэгт авагдсан баримтаар үндэстэй байх тул дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх асуудал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул дээрх ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан байдаг. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.