Даатгалын салбарын анхны IPO амжилттай хаагдлаа
Монголын даатгалын салбарын тэргүүлэгч “Мандал Даатгал” ХК-ийн Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа олон нийтэд санал болгох анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр 15:00 цагт амжилттай хаагдлаа.

“Мандал Даатгал” ХК нь нийт хувьцааныхаа 25% болох 1.5 сая  ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож, нийт 7.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлээд байна. Анхдагч зах зээлийн арилжаанд нийт 864 хөрөнгө оруулагчийн 9.2 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга ирсэн буюу захиалга 23%-иар давж биелсэн байна.

Тус компани татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө компанийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, зах зээл эзлэх байр суурийг өсгөх, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байгаа аж.

Захиалгын нийт хэмжээ татан төвлөрүүлэх хэмжээнээс давсан учраас 1 тэрбум төгрөгийг нийт захиалгад тэнцүү хуваарилж, илүү гарсан хэсгийг захиалгын дүнгээс нь хамааруулан хувь тэнцүүлж хуваарилна хэмээн андеррайтер “Голомт Капитал” үнэт цаасны компани мэдээллээ.



Компанийн Гүйцэтгэх захирал Б.Жавхлан “Одоогоос 7 жилийн өмнө 2011 онд компаниа үүсгэн байгуулсан тэр өдрийг тодхон санаж байна. Өнөөдөр “Мандал Даатгал” нь хураамжийн орлого, ашгийн үзүүлэлтээр салбартаа тэргүүлж буй даатгалын салбарын шинэ манлайлагч болсон. Бид даатгалын салбарын ирээдүйг гэрэл гэгээтэйгээр харж байгаа. Монгол улсад санхүүгийн салбарын гурван тулгуур баганын нэг банкны салбар амжилттай сайн хөгжиж байна. Банкны нийт активын хэмжээ 30 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа бол даатгалын нийт активын хэмжээ 280 тэрбум төгрөг. Энэ нь банкны салбарын 1 хувьд ч хүрэхгүй үзүүлэлт юм. Үүнийг хөрөнгө оруулагчийн нүдээр харвал хөгжилтэй оронд банк болон даатгалын салбарын актив ойролцоо байдаг жишгийн дагуу энэ салбарт ямар их хөгжил, дэвшил, ирээдүй байгааг харуулж байна.

Бид олон нийтэд тогтсон үйл ажиллагаа, зах зээлийнхээ 21 хувийг эзэлдэг, олон нийтэд танигдсан бүтээгдэхүүн үйлчилгээ, үнэнч харилцагчийн бааз, бүтээлч эерэг хандлагатай хамт олон, өндөр ашигтай компанийг хөрөнгийн зах дээр санал болголоо. Компанийнхаа ирээдүйг Монголын ард түмэнтэйгээ хуваалцаж буйд баяртай байна.”

Анхдагч зах зээлийн арилжааны захиалга дууссанаас хойш 5 хоногт багтаан хуваарилалтыг хийх бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 24-ны дотор хувьцааны нийлүүлэлтийг хийж хэлцлийг биелүүлэх аж.

Бусдад түгээх
  • gplus