Голомт банкны дотоод аудитын үйл ажиллагаа дэлхийн жишигт хүрлээ
Голомт банк нь “Дэлхийн жишиг Монголын банк” болно хэмээн алсын хараагаа тодорхойлохдоо монголын банк тэр дундаа Голомт банкны хэрэгжүүлсэн шилдэг арга туршлагаас олон улсын банк, санхүүгийн байгууллагууд суралцаж, өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, үлгэр дуурайлал авдаг болох томоохон зорилтыг тавьсан юм.

Тэгвэл Голомт банкны хамт олон энэ зорилтоо биелүүлж, дэлхийн жишигт нийцэж буй тод илрэл болж Бутаны Вант Улсын ТОП-2-т эрэмблэгддэг Бутаны үндэсний банкинд зөвлөх үйлчилгээ үзүүлэн, амжилтын туршлагаасаа хуваалцлаа. 

Голомт банкны ТУЗ нь дэлхийн жишигт нийцсэн Байгууллагын сайн засаглалыг төлөвшүүлэхэд онцгой анхаарал хандуулж, шат дараалсан бодлогын алхамуудыг хийж ирсэн.

Тус банкны сайн засаглалын тогтолцоо нь оролцогч талуудын хууль ёсны эрх ашгийг дээдлэн, урт хугацааны тогтвортой хөгжил, ил тод байдал, нийгмийн хариуцлага, хууль тогтоомж, ёс зүйн хэм хэмжээг дээдлэх зарчимд суурилсан банкны хариуцлагатай удирдлага, гүйцэтгэл, хяналт, тайлагналын тогтолцоог хангахын төлөө зорин ажилладаг юм.

Голомт банк нь засаглалын энэхүү тогтолцоондоо Дэлхийн банкны гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)-аар үнэлгээ хийлгэж, өндөр үнэлгээ авчээ. 

Улмаар Олон Улсын Санхүүгийн Корпораци (OУСК)-ийн зүгээс Бутаны үндэсний банкинд зөвлөх үйлчилгээ үзүүлж, туршлагаа хуваалцана уу гэсэн хүсэлтийг Голомт банкны Дотоод аудитын газарт ирүүлсэн байна. Энэ дагуу Голомт банкнаас сүүлийн жил гаруй хугацаанд Бутаны Вант Улсын Бутаны үндэсний банкны Дотоод аудитын хэлтсийнхэнд онлайн сургалт, зөвлөгөө өгч хамтран ажиллаж иржээ.

Мөн хамтын ажиллагааны хүрээнд Бутаны үндэсний банкны Дотоод аудитын хэлтсийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ Монгол Улсад ирж, 8 өдрийн сургалтад амжилттай хамрагдсан байна.



Энэхүү сургалтаар байгууллагын засаглалыг сайжруулахад аудитын үүрэг оролцоо, аудитын тогтолцоог бүрдүүлэх арга зам, аудиторууд байгууллага болон оролцогч талуудын үйл ажиллагаанд хэрхэн үнэ цэнэ нэмж, итгэлт зөвлөх байх, аудитын үйл ажиллагааг өдөр тутамдаа хэрхэн хэрэгжүүлэх зэрэг сэдвүүдийг хөндсөн байна.

Тус сургалт нь монголын Голомт банк дэлхийн жишигт хүлээн зөвшөөрөгдөж буйн нэгэн нотолгоо болсноороо онцлогтой байлаа.
Бусдад түгээх
  • gplus