Намрын чуулган нээлтээ хийж, ЗТХ-ийн сайдыг томилсон долоо хоног
 
Аравдугаар сар улстөрийн хүрээнд үйл явдал ихтэйгээр эхэллээ. Сарын эхний өдөр намрын чуулган нээлтээ хийсэн юм.
Ингэснээр амарч байсан улстөрчид амь орж эхлэв. Энэ намрын чуулган хэд хэдэн онцлогтой. Хэд хэдэн парламент дамжин яригдсан Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг  хэлэлцэнэ. Мөн  Татварын багц хууль, Улс төрийн намуудын тухай хууль, сонгуулийн тухай хууль гээд хэд хэдэн хуулийн төслийг нэрлэж болно.

Ингээд өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг нэрлэж байна.
 
Ерөнхийлөгч засаглалын реформыг  нэхэв

Намрын чуулганы нээлтэн дээр Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлсэн билээ. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийн гол санаа нь засаглалын тогтолцоо руу чиглэсэн байв. 

Тэрбээр “Бид нийтээрээ засаглалын тогтолцооны мухардал, хямралыг гэтлэн давах шийдлийг олж, нийгмээрээ зорилгоо шинээр тодорхойлохгүй юм бол цаашдаа ямар ч асуудлыг шийдэж чадахгүй. Манай одоогийн тогтолцооны чадвар, боломж нэгэнт бүрмөсөн шавхагджээ” гэсэн нь өнөөгийн парламентын засаглал  руу чиглэсэн үг гэдэг нь тодорхой. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчөлтийг хэлэлцэж батлахаас өмнө ийм санаа бодол  илэрхийлэв.

Засаглалын тогтолцооны тухайд АН-ын бүлгийн гишүүд одоогоор тодорхой байр суурь илэрхийлээгүй байна. Харин улс төрчдийн тухайд парламентын засаглалаа тогтвортой болгохыг илүүд үзэж байна гэсэн. Тэд Ерөнхийлөгчийн засаглалтай хоёр их гүрний дунд оршдог  Монгол Улсын хувьд сонгодог парламентын засаглалтай байх нь тусгаар тогтнолоо  хамгаалж хадгалахад  илүү тохиромжтой гэсэн санааг илэрхийлсэн байна.
 
Я.Содбаатарыг Зам тээврийн сайдыг томиллоо
 
Чуулган эхэлсэн долоо хоногт эзэнгүй байсан ЗТХЯ-ийг эзэнтэй болгохоор шуурхайлав. ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө наймдугаар сарын эхээр өгсөн.  Гэсэн ч энэ асуудал эцэслэн шийдэгдэлгүй байсаар хууль журмынхаа дагуу намрын чуулганаар хэлэлцлээ.

Пүрэв гарагт УИХ-ын нэгдсэн хуралданаар гишүүдийн 76.3 хувийн саналаар Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин тэр өдрөө МАН-ын удирдах зөвлөл хуралдаж ЗТХ-ийн сайдад Я.Содбаатарыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Я.Содбаатараас гадна Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг нарын нэр дуулдаж байсан ч Б.Энх-Амгалан нэрээ татжээ.

Удирдах зөвлөлөөс нэр дэвшсэн Я.Содбаатарыг олонхийн бүлэг дэмжсэнэээр баасан гарагийн нэгдсэн хуралдаан  90,3 хувийн саналаар ЗХТ-ийн сайдаар  дэмжиж баталсан. Ингэснээр Я.Содбаатар сайдын үүрэгт ажлаа хүлээж авсан билээ.
 
“Мөрөөдлийн жагсаалт” гэх  2019 оны төсвийг тодотгов

Засгийн газраас өргөн барьсан 2019 оны улсын нэгдсэн төсвийг  ийн тодотгож болно. УИХ-ын зарим гишүүд энэ төсвийн төсөөллийг “Мөрөөдлийн жагсаалт” хэмээн тодотгосон.  Ирэх жилийн төсөв МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилттэй  аль ч талаараа холбогдох учиртай.

Тухайлбал, улсын нэгдсэн төсвийн орлого 9,6 их наяд, харин зарлага  талдаа 11,5 их наяд байхаар тооцоолжээ. Эндээс харвал төсвийн алдагдал 1,9 их наяд байхаар байна.

Өөрөөр хэлбэл төсвийн орлого 2018 оноос 2,4 их наядаар нэмэгдэж, зарлага ч бас энэ хэмжээгээр нэмэгдэхээр байна. Төсвийн орлогын энэ гэнэтийн өсөлтийг 42 сая тонн нүүрс экспортолж, татварын багц хуулийг шинэчилснээр бүрдүүлнэ гэж тооцоолсон байна.
 
Тагнуул хийж болзошгүй гурван иргэнийг саатууллаа


Тагнуулын ерөнхий газраас хийсэн баривчилгаа нэгжлэг нэлээдгүй анхаарал татав.

Өнгөрсөн мягмар гарагт тагнуулынхан баруун 4 замын “Голомт” хотхоны С блокын орон сууцны гадаа хэвлэлийнхнийг “цуглуулж” байгаад  байрнаас 4 хайрцагтай зүйл гаргаж машинд ачиж явсныгаа гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллагаа явууллаа хэмээн тайлбарласан.

Эх сурвалжийн мэдээлснээр тагнуулын хэрэгт  тухайн байранд амьдарч байсан БНХАУ-ын нэг иргэн, хоёр Монгол иргэнийг баривчлан шалгаж байгаа ажээ.
 
Сургуулийн захирал авлига авч байгаад баригдав


Энэ сарын 05-нд олон улсын багш нарын баярын өдөр тохиов. Баярын өмнөх өдөр АТГ-аас нэгдүгээр сургуулийн захирлыг авлига өгсөн хүнтэй нь хамт үйлдэл дээр нь баривчилж саатуулав. Ер нь тус сургуульд авлигын асуудал газар авсныг иргэд ярьдаг билээ.

Ийнхүү хүүхдээ оруулж элсүүлэхийн тулд багш болон захиралд нь авлига өгдөг асуудал Нэгдүгээр сургуулийн жишээгээр ил тод гарч ирэв. Үүний араас өчнөөн сургуулийн захирал, багш нарыг шалгахад бэлэн байгаа сурагтай.


О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.