Ширээний теннисний амьд домог Т.Болд

Миний амьдралын 60 хувь нь ширээний теннистэй холбоотой хэмээн ярих энэ эрхмийг Монголын спортынхон, тэр дундаа ширээний теннисний үе үеийн тамирчид андахгүй. Түүнд нэгэн үе авьяас, хүч хөдөлмөрөөрөө Монголын ширээний теннисний ертөнцөд ноёрхож явсан цаг хугацаа бий. Одоо ч эх орондоо ирэхэд нь тэр хүндлэл хэвээр байна. Нийтлэлийн баатар маань1990-ээд оны эхээр гэр бүлийн хамт Польш улсыг зорьж, багш, дасгалжуулагч хийж, шилдэг тамирчдыг төрүүлсэн гавьяатан. Жил бүр 8000 км замыг аяллын машиндаа өнгөрүүлж, адал явдал, дурсамж, хөөртэй ирдэг эрхмийн эцсийн зогсоол нь эх орн, төрсөн нутаг нь билээ. Энэ хүн бол ширээний теннисний Монгол Улсын таван удаагийн аварга Тогосын Болд. Түүний гал гарсан тоглолт, амжилт бүтээл, нэр хүнд, спортын төлөөх чин сэтгэл, хүсэл мөрөөдөлийнх нь тухай өгүүлэхээр “Амьдралын тойрог” буландаа урилаа.
 

Т.Болд 23 жил Польшид амьдарчээ. Харин энэ жилээс эх орондоо суурьшихаар ирсэн гэв.
 

НУУЦ ТУШААЛААР БЭЛТГЭГДСЭН ЦЭРГИЙН ЭМЧ

 

1979 онд Ю.Цэдэнбал дарга БХЯ-ныханд цэргийн эмч бэлтгэх үүрэг өгчээ. Энэ албанд 25 залуу сонгогдсоны нэг нь Т.Болд байв. Ингэж тэрээр Монголын анхны цэргийн эмчийн дипломыг өвөртөлсөн түүхтэй.  Анх энэ мэргэжилтэнг Ленинградын цэргийн хүн эмнэлгийн академид бэлтгэдэг байж. Харин яагаад ч юм 1979 онд Ю.Цэдэнбал дарга нууц тушаал гаргаж, эх орондоо бэлтгэх даалгавар өгсөн байдаг. Энэ мэргэжлээр Монгол Улсын хэмжээнд  дөрвөн төгсөлт хийж, 100 гаруй цэргийн эмч бэлтгэсэн юм. Т.Болдын оюутан нас хагас цэрэгжилтэд өнгөрчээ. Учир нь зун цэрэг хувцас өмсөөд, тусгай сургуулилтад гарна.

Өглөө бүрээн дуунаар босч, марш алхаж, бэлтгэл хийнэ. Дайны үед эмч хүн хэрхэн ажиллах, өвчтөнүүдэд анхны тусламж үзүүлэх мэргэжлийн хичээлүүдийг тэрээр цэргийн хуаранд сурчээ. Мөн Т.Болд төгсөхөөсөө жилийн өмнө шүүх эмнэлгийн чиглэлээр мэргэшиж эхэлжээ. Ийнхүү зургаан жил суралцсан мэргэжилтэн шинэхэн диплом өвөртлөөд, БХЯ-ны хүн эмнэлгийн мэдэлд ирлээ. Шүүх эмнэлэгт ажилласнаар тэрээр гэмт хэргийн шинжтэй хүн амины хэрэг дээр ажиллаж, задлангийн эмчээр таван жил ажилласан туршлагатай. Харин 1989-1995 оны хооронд МУБИС-д спортын анагаах ухаан, спортын физилогийн багшаар ажиллажээ. Түүний шавь нараас өдгөө 18 гавьяат төрсөн гэнэ. Хамгийн сүүлд “Алдар” спорт хороо, чөлөөт бөхийн дасгалжуулагч Ц.Хосбаяр нь хөдөлмөрөө үнэлүүлж, багшийгаа баярлуулсан гэж байв.
 

ХАШААНЫ ТЕННИСЧНЭЭС МЭРГЭЖЛИЙН ТАМИРЧИН БОЛСОН НЬ

 
Спортын II зэргийн тамирчин одон бөмбөгийн идэрчүүдийн аваргын хүрэл медальт. 1975 он.
 

Т.Болд өөрийгөө ши­рээний теннисний спор­тоор их хожуу хичээл­лэ­сэн гэж байв. Учир нь өнөөдөр дэлхийн жиш­гээр хүүхдүүдийг 7-8 нас­наас нь эхэлж бэлтгэж байна. Харин бяцхан хүү Т.Болд 13 настайдаа энэ спортод хөл тавьжээ. Анх тэрээр долоон буудлын гэр хороололд ха­шааны теннисчин байсан юм. Хашаандаа ширээ байрлуулж, голоор нь банзаар зааглаад, гудамжны найзуудынхаа дунд жинхэнэ “од” тамирчин байв. 1970-аад оны хүүхдүүд гудамжинд тэвэг өшиглөж, сагсан бөмбөг тоглож чөлөөт цагаа өнгөрүүлдэг байж. Харин мэргэжлийн та­мир­чин болох гараа нь сагсан бөмбөгөөс эхтэй юм байна. Тэрээр оюутан байхдаа анагаахын сагсны шигшээд тог­лодог, үеийнхэн дундаа “Жордан” байсан аж. Хүүхэд байхаасаа сонирх­сон хоёр спорт нь түүнд алдар нэр, амжилт дагуулна гэдгийг тухайн үед хэрхэн мэдэх билээ. Т.Болд ши­рээний теннисний ертөн­цөд “Анагаахын Болд” нэрээр алдартай. Одоо ч 1980, 1990-ээд оны үед мөр зэрэгцэн тоглож байсан нөхөд нь түүнийг энэ нэрээр нь дууддаг юм билээ. Хүүхэд байхдаа хуримтлуулсан арвин туршлага нь оюутан болсон хойно нь түүнд их хэрэг болжээ. Түүний бэлт­гэлийн байр нь Ана­гаахын спорт заал. Спор­тын мастер Б.Энхбат, гавьяат багш Б.Пүрэвдорж гээд тухайн цаг үеийн шил­дэг тамирчидтай тог­лож, хожиж, хожигдож, су­рал­­цаж, туршлага ху­римт­­луулсан нь оюутан Т.Болдын хувьд суусан газ­раасаа шороо атгасан, амьд­ралынх нь жинхэнэ алтан үе байв.
 

“МОНГОЛЫН БҮХ АВАРГЫГ ХОЖИНО”

 
1985 онд анх удаа улсын аварга боллоо.

 
Спортын төв ордон 1989 он. Улсын аварга, спортын мастер Д.Баяраатай хосоор аварга болсон нь.


Т.Болдын хувьд спортын амьдралд нь их эрч хүч өгсөн жил нь 1983 он аж. Монголын бүх ард түмний V спортын их наадамд Спортын мастер Б.Энхбаттай нэг баг болж тоглоод мөнгөн медаль хүртжээ. Энэ шагнал түүнд энэ спортод дурлах, шунах хүслийг нь асаасан түүхтэй. Тэмцээний дараа Т.Болд өөртөө нэгэн тангараг, зорилго тавьсан нь “Монголын бүх аваргыг хожино”. Тухайн үед Б.Цэдэнбал, н.Нэргүй хэмээх хоёр аварга Монголын ширээний теннисний ертөнцөд ноёрхож байв. Ийнхүү шаргуу бэлтгэл хийж, 1984 оноос амжилтын гараагаа эхэлсэн гэнэ. Тус онд Анагаахын сургууль дээр нэгэн тэмцээн болжээ. Зааланд сургуулийнхаа тамирчин Т.Болдыг дэмжсэн цагаан халаадтай оюутнуудын уухай цуурайтсаар. Т.Болд ч халаадаа тайлаад хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө “Би өнөөдөр энэ цагийн шилдэг аваргыг заавал хожино” гэж ам бардам хэлээд, амласандаа хүрчээ. Ийнхүү 1984 оноос Монголын ширээний теннисний спортод Т.Болдын үе эхэлж, ноёрхлоо албан ёсоор зарласан юм. Тэрээр Монгол Улсын ширээний теннисний таван удаагийн аварга. Түүний энэ амжилтыг 30 жилийн хугацаанд хэн ч эвдсэнгүй. Тиймээс ч энэ спортынхон түүнийг “Амьд домог” хэмээн хүндэлдэг билээ. Т.Болд анх 1985 онд улсын аварга болжээ. Түүнээс хойш 1988 оныг эс тооцвол1990 он хүртэл босоо аварга байв. Тэрээр өөрийнхөө энэ амжилтыг чин сэтгэл, уйгагүй хөдөлмөрийн үр шим гэж онцолж байв. Хүсч, тэмүүлсэн зорилгынхоо төлөө бэрхшээл бүхнийг даван туулж, эцсийг нь хүртэл хөдөлмөрлөж чадвал бурхан хүнийг шагнадаг ажээ.
 

АВАРГЫН ХАЛААГАА ШАВЬДАА ӨВЛҮҮЛЭВ

 
Монгол Улсын гурван удаагийн аварга, шавь С.Галбадрахтайгаа. 1991 он.
 

Монголын ширээний теннисний босго аварга маань олон шавь төрүүлсэн гавьяатай. Түүний нэг нь өнөөгийн Монголын ширээний теннисний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, ОУХМ С.Галбадрах юм. Тэрээр анх МУБИС-д Т.Болд багшийн шавь байжээ. Галаа шавь нь багшийнхаа таван удаагийн аварга хэмээх амжилтыг зогсоож, анх аваргалсан түүхтэй. Багш, шавь хоёр финалд үлдэв. Хэдийгээр багш нь үүрэг өгч буулгаж авах боломж байсан ч Т.Болд тэгсэнгүй. Харин ч аваргын төлөө тоглохын өмнө шавьдаа “Чаддаг юм бол одоо л багшийгаа хож. Хэрэв чадахгүй бол чи хэзээ ч Монгол Улсын аварга болж чадахгүй” хэмээн хурцалсан гэдэг. Тэд багш, шавиа мартаж, жинхэнэ тамирчны ёсоор, шударга өрсөлджээ. Алтан медалийн төлөөх тоглолт жинхэнэ гал гарсан, өрсөлдөөнтэй болсон тухай одоо ч тамирчид түүх, домог мэт ярьдаг. Тоглолт таван үеэр үргэлжлэв. Эхний дөрвөн үед 2:2 харьцаатай тэнцсэн аж. Харин V үед 23:20 харьцаатай шавь нь хожсноор шинэхэн аварга мэндэлжээ. Ийнхүү Монголын ширээний теннисний спорт Т.Болдын үеэс С.Галбадрахын үе рүү шилжсэн гэдэг. С.Галбадрах Монгол Улсын гурван удаагийн аварга. Түүн шиг гурван удаа түрүүлж, есөн удаа үзүүрлэсэн тамирчин өнөөдөр ч төрөөгүй байна. Монголын ширээний теннисний холбоо ирэх жил 60 жилийн түүхтэйгээ золгоно. Т.Болд нэгэн үе энэ холбоог тэргүүлж явсны хувьд энэ өдрүүдэд Монголын ширээний теннисний хөгжлийг нуруундаа үүрч, бүхий л амьдралаа зориулсан Д.Санжмятав агсныг дурсч, хүндэтгэх ёстой хэмээн онцолж байв. Энэ хүн Монголын ширээний теннисний түүхийг бичсэн аж. Мөн энэ хүний буянаар Т.Болд аварга болсон ажээ.
 

ПОЛЬШИЙН ТАВ ДУГААРТАЙ ШИЛДЭГ ТАМИРЧИНГ ТӨРҮҮЛЖЭЭ

 

Ахмадын УАШТ 2010 он.

Т.Болд 1995 онд гэр бүлийн хамт Польш улсыг зорьсон юм. Түүний хань эмч мэргэжилтэй. Хань нь Польшид хувийн эмнэлэг байгуулж, Т.Болд теннисний клубт багш, дасгалжуулагч болжээ. Багшлах хугацаандаа эмэгтэйчүүдийн лигийн гуравдугаар төвшний багийг хоёрдугаар төвшинд хүргэсэн амжилт үзүүлжээ. Ийнхүү тэрээр хотын захирагчийн хараанд өртөж, хүндлэлийг нь хүлээснээр жил хагасын хугацаанд Польш улсад байнга амьдрах эрхтэй болсон анхны монгол хүн болжээ. Үүнээс гадна Польшийн тав дугаартай шилдэг тамирчинг хоёр жилийн хугацаанд өөрийн арга техник, арвин туршлагынхаа хүчээр бэлджээ. Польш улс бол түүний хоёр дахь эх орон. Энэ улсад амьдарснаар олон зүйлийг сурч, амьдралын сайн сайхныг мэдэрчээ. Харин энэ жилээс төрсөн нутагтаа суурьших бодолтой байгаа гэнэ. Т.Болдынх хоёр охинтой. Том охин нь эмч мэргэжилтэй, Германд амьдардаг юм байна. Харин бага охин нь Шанхайд Америкийн компанид ажиллаж байна. Ширээний теннис бол эрүүл мэндийн спорт гэж тэрээр бахархаж байсан юм. Учир нь өнөөдөр дэлхийд 100 настай хүн энэ спортоор хичээллэж, эрүүл саруул амьдарч байна. Тиймээс төрийн бодлогоор энэ спортыг дэмжих нь зүйтэй хэмээн бодож явдгаа ч манай сониноор дамжуулан уламжилж байсан юм.


МАШИНЫ БҮХЭЭГТ ӨССӨН БАГА НАС

 

Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сенийн төрсөн газар Мангендед. Олон улсын тэмцээний үеэр. 1986.08.05.


Шилдэг теннисчний бага нас Ховд аймагт өнгөрчээ. Гурван нас хүртлээ эмээ дээрээ өссөн гэнэ. Аав нь автобус баазад жолооч байж. Тэрээр бага насныхаа тухай ярихдаа хоолой нь зангирч, нулимс нь цийлэгнэж байсан юм. Учир нь балчир насандаа эхийн хайрыг мэдрээгүй аж. Мэдээ орохдоо л аавынхаа мөөмийг хөхөж, өвөрт нь унтаж, машины бүхээгт хамт явдаг байжээ. Хүүхэд байхдаа таван ч хойд эхийн гар харсан тухайгаа дурссан юм. Түүний бага насанд  нэгэн толбо үлдээсэн үйл явдал нь 1966 оны их үер аж. Тэр гамшиг аав, хүү хоёрын амьдрал дундуур урсчээ. Гэр нь дайвалзаж эхлэхэд аав нь хүүгээ тэврээд арай гэж гарч амжсан гэдэг. Т.Болд өнөөдөр ч машин барьж явах дуртай. Учир нь үрүүлийн ард суух бүрт аавтайгаа өнгөрүүлсэн амьдрал нүднийх нь өмнө тод үзэгддэг аж. Харин зургаан настайдаа анх төрсөн ээжтэйгээ танилцсан гэдэг. Хэдийгээр хамт амьдарч, эрхлээгүй ч өнөөг хүртэл сайхан харилцаатай байдаг тухайгаа ярилаа. Ийм л амьдралын баялаг түүхтэй, Монголын ширээний теннисний амжилтын эзэн бидний дунд амьдарч байна. Түүний таван удаагийн аварга хэмээх их амжилтыг хэзээ нэгэн цагт, хэн нэгэн аавын хүү эвдэнэ гэж итгэл өвөртөлдөг тухайгаа Т.Болд ярьж байсан юм.

Зууны мэдээ
Ч.Гантулга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ГАВЪЯАТ ТАМИРЧИН БОЛГОМООР ЮМ ... 2018-10-09 03:16:09
    ГАВЪЯАТ БОЛООГҮЙ ЮМ САН УУ
    202.179.24.238
    Мэдэгдсэн Хариулах
  • Мм 2018-10-08 08:48:05
    23:20 ?!
    112.72.11.111
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2018-10-08 07:01:59
    HOORHIIDOO MUU MAAGAA MINI ZURAG N ULDEJDEE.SAGSAN BOMBOGOOSOO DUTAHGUI TENNESS TOGLODOG BJ BILEE.
    220.235.84.234
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-10-08 04:51:50
    Saihan arhichin huuhemseg durak
    83.23.252.75
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-10-08 03:32:24
    монгол оршуулгын газар болж байгаа юм биздээ 23 жил польшид одоо нутагтаа ясаа тавина л ...
    202.9.43.164
    Мэдэгдсэн Хариулах