Улсын Филармонийн үзвэрийн 47 жилийн нээлтийн тоглолт “NEW SEASON-2019”
Монголын хамгийн том хөгжмийн хүрээлэн болох Улсын филармони жил бүрийн аравдугаар сард дараа жилийнхээ үзвэрийг нээж “New season 2019” тоглолтоор үзэгч сонсогчиддоо бэлэг барьдаг уламжлалтай.

Монголын хөгжмийн урлагийг өөрийн оронд төдийгүй дэлхий дахинд түгээн хүргэсэн, орчин цагийн уран бүтээлчдийн авьяас бэлэг, уран чадварын бүхий л ололтыг цогцлоосон,  гарамгай чадварлаг хөгжимчдийн бүрдэл бүхий  Морин хуурын чуулга, дуучдын шинэ бүтээлээр ирэх жилийнхээ үзвэрийг нээхэд бэлэн болжээ.

Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийсэн бөгөөд хэвлэлийн хуралд тоглолтын ерөнхий найруулагч МУУГЗ С.Сүхбаатар, гоцлол дуучин Н.Наранбаатар, Л.Насанбуян, Маркетинг, олон нийттэй харилцах албаны дарга Г.Алтан-Од нар оролцов.
 
Үзэгчдийн хүсэлтээр дахин тоглоно
 
 


Маркетингийн албаны дарга Г.Алтан-Од “Тоглолт бүрэн бэлтгэлээ хийж дуусаад байна. Гайхамшигт уянгалаг чамин аялгуу, үнэ цэнэтэй содон соргог мэдрэмжийг төрүүлэх Морин хуурын чуулгын шинэ бүтээлийг Улсын Филармоний нээлтийн тоглолт “New season 2019”-өөс сонсоно. Тоглолтод маань удирдаач Д.Түвшинсайханы удирдлага дор МУГЖ Б.Мөнхбаатар, С.Эрдэнэцэцэг, СТА С.Баттулга, Ц.Хулан, Н.Наранбаатар, Л.Насанбуян, Б.Дэлгэрбаяр, Б.Монголхүү, Т.Отгонбаяр зэрэг дуучид дэлхийн алдарт болон Монголын сор болсон уран бүтээлүүдийг Морин хуурын чуулгатай дуулж үзэгч сонсогчдодоо хүргэж байгаа нь шинэлэг онцлог.

Манай дуучин С.Баттулга гэхэд дэлхийд алдартай хамтлагийн “You raise me up” дууг өөрийнхөө жанрт тохируулан дуулна.

Нээлтийн үзвэрийн тоглолт энэ сарын 13,14-нд 19.00 цагаас Улсын филармонийн концертын танхимд болох ба үзэгчдийн хүсэлтийн дахин 18-нд тоглоно. Тасалбарыг 1900-1800 болон www.ticket.mn Филармонийн тасалбарын кассаар худалдаалж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 88010858, 99196623  дугаараас авах боломжтой” гэв.
 
Монгол хүн дэлхийн сонгодог дуунуудыг Морин хууртай яаж хоршиж дуулахыг сонсоорой
 

Ерөнхий найруулагч С.Сүхбаатар “Монгол Улсын филармони гэдэг бол Монголын хөгжмийг төлөөлсөн том байгууллага. Тэр тусмаа дэлхийн болон ардын урлаг орчин үеийн урлагийг хослуулан тоглодогоороо ихээхэн онцлогтой байгууллага.

Энэ жилийнхээ нээлтийг 21 дүгээр зуун хүртэл Монголынхоо өвийг хадгалж тээж ирсэн хоёрхон чавхдаст хорвоогийн хамаг явдлыг багтаадаг Морин хуур чуулгын тоглолтоор толилуулах гэж байна. Тэр тусмаа филармонийн дуучид маань сонгодог, орчин үеийн, ардынхаа дууг мөн гадны хэл дээрх дууг Монголынхоо хөгжимтэй хослуулж чаддагийг харуулна. 

Энэ жил манай дуучид Монгол ардынхаа дууг шинэ найруулга, шинэ хөгжим дээр, шинэ сэтгэхүйгээр яаж дуулуулахыг сонсоорой. Жишээ нь гавьяат жүжигчин С.Эрдэнэцэцэг гэхэд “Янзгана зоотой шарга” ардын дууг дуулна.

Ардын дуунуудыг орчин үеийн урсгал руу оруулж чаддаг мундаг дуучид. Мөн дэлхийн сонгодог болсон дууг орчин үед яаж өвөрмөцөөр монгол хүн жааз, поп имижээр дуулдагийг харуулахыг бид зорьсон. Эд маань чадаж байгаа. Цаашид филармонид хийх ажил их байгаа” гэв. 
 
Морин хуурын чуулгатай хамтарч “Хүний заяаг”-г дуулна
 
 
Дуучин Н.Наранбаатар “Өөрийнхөө уран бүтээлийг Морин хуурын чуулгатай хамтран толилуулна. Миний хувьд “Хүний заяа”-г дуулна. Үндэснийхээ хөгжимтэй олон уран бүтээлчидтэй хамтарч байгаа болохоор маш гоё сонин содон тоглолт болно.

Манай дуучид өөрсдийнхөө төрөлд тохируулан Морин хуурын чуулгатай хэрхэн уялдаж, хэрхэн зохицож үзэгчдэд уран бүтээлээ хүргэх вэ гэдэг тал дээр маш сайн анхаарч ажилласан байгаа. Бидний хувьд Морин хуурын чуулгатай дэлхийн маш олон гайхалтай уран бүтээлийг хүргэнэ гэдэг их сайхан. Миний хувьд гурав дахь удаагаа чуулгатай хамтарч “Хүний заяа” дууг дуулах гэж байна” гэлээ.
 
Шинэ соргог уянгалаг сайхан бүтээлүүд эгшиглэнэ
 
 
Дуучин Л.Насанбуян “Миний хувьд Морин хуурын чуулгатай хамтарч дуулсан уран бүтээл цөөхөн байдаг. Гэхдээ энэ чуулгатай  хамтарч дуулахдаа сэтгэл хангалуун, гоё мэдрэмжийг авдаг.

Цаашид олон сайхан уран бүтээл дээр хамтарна. Тоглолтондоо чуулгатай хамтарч “Never Enough” Shoumen, “Тhe Prayer” Duet-ийг дуулахаар бэлтгэлээ базаасан. Шинэ соргог уянгалаг сайхан бүтээлүүд эгшиглэнэ” гэв.
 
Дашрамд дуулгахад, 2019 онд Баянмонгол чуулга үүссэний 50 жилийн ой тохиож байгаа. Дараа жил олон сайхан уран бүтээл, тоглолтууд болно.

Филармоний дуучид өөрсдийнхөө төрөл жанраас гадна хөрвөж дуулах чадвартай. Жишээлбэл, жааз дуучин Наагий гэхэд Морин хуур чуулгатай хэрхэн зохицож дуулахыг үзэж сонсох аж.   

 

О.Сайхан 
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.