Дэд бүтцийн төвийн барилгын ажил 65 хувьтай байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн VII хороонд баригдаж байгаа гэр хорооллын дэд бүтцийн төвийн барилгын ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа.

Дэд бүтцийн төв нь гэр хорооллын суурьшлын бүсэд хэсэгчилсэн инженерийн шийдэл бүхий байгууламжуудыг төлөвлөн, иргэддээ инженерийн болон нийгмийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх, иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, ажлын байр бий болгох зэрэг олон давуу талтай бүтээн байгуулалт юм. Энэ төв нь 200-300 айл өрхийг дулаан, цахилгаан, цэвэр бохир ус, холбоо, ариутгах татуургын хангамжаар бүрэн хангах хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн.

Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны 13-15 дугаар хэсгийн 200-300 өрхийг бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжаар хангахаар ажиллаж байна. Уг төсөлд хорооны нутаг дэвсгэрийн 201 нэгж талбарыг хамарсан 14 га газар багтсан. Одоогоор ажлын явц 65 хувьтай үргэлжилж байна.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Иргэдтэйгээ хамтраад амьдрах орчноо өөрчлөх, агаар орчны бохирдлыг багасгах зорилгоор төр, иргэд хамтран ямар өөрчлөлт хийж болох вэ, гэр хорооллыг өөрчлөн амины орон сууцны хороолол болгон өөрчилж болох вэ гэдгийг тодорхой төлөвлөгөөний дагуу хийж байна. Улаанбаатар хотод дэд бүтцийн төв байгуулах 50 байршил сонгосон. Үүнээс эхний 3 байршлыг сонгоод бид ажлаа эхлүүлсэн. Дэд бүтцийн төвд холбогдох хүсэлтээ иргэд өөрсдөө гаргах учиртай. 500 хүртэл өрх айл нэгдэн хүсэлтээ илэрхийлсний үндсэн дээр нийслэлээс хөрөнгө санхүүжилтийг гарган шийдвэрлэх боломжтой. Агаар хөрсний бохирдлыг арилгах хамгийн эцсийн арга бол орон сууцжуулах юм. Гэхдээ өндөр давхрын орон сууцанд орох хүсэлтэй иргэд байна. Өөрийн газар дээрээ тав тухтай орчинд амьдрах хүсэлтэй ч иргэд байна. Тэгэхээр Улаанбаатар хотын дундын бүс буюу төвийн шугам очих боломжгүй хэсгүүдэд гэр хорооллын инженерийн байгууламжийг барьж гэр хорооллыг хэрхэн өөрчилж болох вэ гэдэг жишиг ажил эхлүүлсэн. Энэ төсөл бол гэр хороололд хувьсгал авчрах төсөл юм. Энэ орчны бохирдол, бохир байдлаас иргэд, залуу гэр бүлүүд үнэхээр салахыг хүсч байна. 21-р зуун гарчихаад байхад энэ байдлаас салах хэрэгтэй. Энэ ажлыг бид хийж хэрэгжүүлсний дараа аймаг сум, хаанаас ч ирж үзээд цааш цаашдаа хэрэгжүүлдэг байхаар жишиг ажил болгохоор зорьж байна. Ажлын явц байдалтай танилцаж газар дээр нь ажиллалаа. Ажлын явц, гүйцэтгэлд сэтгэл хангалуун байна. Иргэд мөн идэвхтэй оролцож, ажилд дэмжлэг үзүүлж байна. Энэ төвд холбогдох 198 өрх айл байна. 150 гаруй өрх айл бэлтгэлээ хангаж, суултуур болон ваннаа авсан байна. Мөн энэ ажлын хүрээнд айл бүрийн хашаанд худаг оруулна. Мөн “Дэлхийн банк”-тай хамтраад дулаалгын төсөл боловсруулж байна. Дулаалгын өртгөөс хамааран “Дэлхийн банк 70 хувийг, иргэд 30 хувийг гаргахаар төлөвлөж байна” гэлээ.


Дэд бүтцийн төв нь айл өрхүүдэд дулаан, цэвэр, бохир ус, холбоо дохиолол зэрэг үндсэн таван шугамыг ойртуулах юм. Бие даасан бохирыг системийг цэвэрлэх байгууламжаар шийдэхээр болсон. Цэвэрлэх байгууламж нь хатуу хог хаягдлыг шүүдэг. Элс, өөх тос баригчтай. Насосын станц, идэвхжүүлэлтийн цөөрөм, хоёр ээлжийн тунгаах цөөрөмтэй. 15-30 минутын зайтай насосоор бохирдлыг тунгааж шүүх юм. Тунгаагуураар орсон ус 99 хувь цэвэршиж гаргалгааны худагт нийлнэ. Биологийн уламжлалт цэвэрлэх байгууламжийн дамжлагыг энгийн байдлаар шийдсэн технологи аж. Хоногт 520 м/куб бохир цэвэрлэх хүчин чадалтай. Хүчин чадлаа ирж буй бохироос шалтгаалан автоматаар тохируулах юм. Цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж удахгүй суурилагдана. Мөн энэ орчмын айлуудын хашааг жишиг байхаар өөрчилсөн бөгөөд уг гудамжны 30 гаруй айлын хашааг жишиг хашаагаар сольжээ. Дэд бүтцийн төвтэй холбогдсон гудамжинд авто зам, гэрэлтүүлэг, дугуйн замыг цогцоор шийднэ.


 

Иргэдийн оролцоо, төрийн дэмжлэгийг нэг төсөл болгож агаарын бохирдлыг бодитойгоор бууруулах, хөрсний бохирдлыг арилгах улмаар Улаанбаатар хотын гүний усны нөөцийг хамгаалах, бохирдох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэрэг олон эерэг өөрчлөлт ирэх төсөл удахгүй үр дүнгээ үзэх гэж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.