Хүүхэд, залуусыг хөгжүүлэхэд хамтарна

Хүүхэд, залуусыг хорт зуршилд автаж, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн ИТХ-аас РС тоглоомын болон уушийн газруудад тавих хяналтыг сайжруулж буй. Мөн мансууруулах бодисын хэрэглээг таслан зогсоож, оюутан, сурагчдыг соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээ хэрэгжүүлж, хүүхэд хамгааллын орчин нөхцөлийг шинэ шатанд гаргахаар ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагын статистик мэдээнээс үзвэл сүүлийн жилүүдэд хүүхэд, залуус архи, тамхи, цаашлаад мансууруулах бодист донтож, гэмт хэрэгт өртөх, гэмт хэрэг үйлдэх нь нэмэгдэх хандлага байгаа гэх таагүй мэдээ бий. Энэ оны эхний есөн сарын байдлаар 15-25 насны 1802 хүүхэд гэмт хэрэг үйлдсэн тоон судалгаа байна. Харин 0-25 насны 3331 хүүхэд, залуус ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт өртөж, их, бага хэмжээгээр өртсөн байгаа юм.Дээрх хүмүүсийн 80 орчим хувь нь 18-25 насныхан. Ахуйн хий үнэрлэх, мансууруулах бодис хэрэглэх, мөн согтуурсны уршгаар тэд хохирогч болохын зэрэгцээ бусдад хохирол учруулж буй.

Энэ хүрээнд нийслэлийн ИТХ-ын Ажлын албанаас хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөл бүрдүүлж, бие бялдар, оюуны хөгжлийг нь дэмжих зорилгоор Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Улмаар Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн тогтвортой үйл ажиллагааг дэмжин шилдэг оюутан тамирчдыг нээж, боловсролын түвшнийг нь сайжруулан, мэргэжлийн тамирчин болоход дэмжлэг үзүүлэх зорилготой Оюутны сагсан бөмбөгийн 19 дэх удаагийн лигийн тэмцээнийг хамтран зохион байгуулахаар болов.

Санамж бичгийн хүрээнд цаашид хүүхэд, залууст зориулсан сургалт, лекц зэрэг олон арга хэмжээ хэрэгжүүлэх юм. Мөн зөв дадал бүхий хүүхэд, залуусыг дэмжиж, соён гэгээрүүлэх ажил олныг хэрэгжүүлнэ.

Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Өсөхбаяр "Энэ удаагийн лигийн тэмцээнд 2.1-ээс дээш голч дүнтэй оюутнуудыг оролцуулна. Холбооны зүгээс оюутан, залуусын боловсролын түвшинг, чанарыг спортын арга хэмжээнд тулгуурлан хөгжүүлэх зорилго тавьсан. Мөн олон улсад Монголынхоо нэрийг гаргах тамирчдыг бүрдүүлж, 2019 оны долдугаар сард Италийн Наполи хотноо зохион байгуулах оюутны универсиадын тэмцээнд оролцуулахаар төлөвлөсөн" гэв.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.